Цэргийн дүрэмт хувцсыг өмсөх эрхгүй этгээд өмсвөл хариуцлага тооцдог болно

41

Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Гол шалтгаан нь цэргийн дүрэмт хувцсыг төрийн захиргааны зарим албан тушаалтан, иргэд өмсөж байгаатай холбогдуулаад тодорхой хязгаарлалтуудыг хийхээр болжээ.

Энэ талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын Материал, техникийн газрын Материал хангалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа С.Баяр-Очир "ЗХЖШ-ын даргын тушаалаар 2019 онд батлагдсан “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-д өөрчлөлт оруулах нэгдүгээр шалтгаан нь цэргийн дүрэмт хувцсыг өмсөж, эдлэх эрхгүй хүмүүс буюу төрийн зарим алба хаагч, иргэд өмсөж байгаатай холбогдуулаад хязгаарлалт хийх зорилготой. Хоёрдугаарт, жигдрүүлэх зорилготой жижиг өөрчлөлтүүд багтаж байна. Тухайлбал, хээрийн хувцас өмссөн үед бууны гэрийг хэрхэн яаж зүүх вэ гэж. Бидний хэрэглэж байгаа бууны гэр хуучны загвараараа, харин дүрэмт хувцас шинэ загвараараа байгаа учир хэрхэн, яаж зүүх вэ гэдгээ нэг мөр цэгцэлнэ. Дүрэмд заасанчлан хээрийн хүрэм өмссөн үедээ гадуур нь бууны гэрээ бүсэлнэ гэснээрээ явна гэж ойлгож болно. Дараагийн удаад хээрийн хувцас өмссөн үедээ өмдний шуумгийг хагас түрийтэй гутлынхаа гадуур тавина, хээрийн хүрмийн захыг хээрийн гаралт, сургалт дадлагын үед босоогоор нь, бусад үе буюу өдөр тутамдаа буулгаж өмсөнө зэрэг тодорхой өөрчлөлтүүд оруулж байна. Энэ нь цэргийн дүрэмт хувцсыг нэгэн жигд өмсөж хэвшүүлэхтэй холбоотой." гэлээ.
Түүнчлэн Цэргийн албаны тухай хууль болон одоо мөрдөгдөж байгаа "Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм"-д цэргийн цолны нэр, тэмдэг, түүний ялгах тэмдгийн загвар, цэргийн дүрэмт хувцсыг Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Тагнуулын байгууллагад алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн сургуулийн сонсогч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдаас бусад төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан хэрэглэхийг хориглоно гэж заасан.
Цэргийн алба хаагчаас бусад төрийн албан хаагч, иргэд нь дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнд л хамаарна. Тэд зөвхөн цэргийн сургалт, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцох үедээ цэргийн дүрэмт хувцсыг өмсөнө гэдгийг Цэргийн албаны тухай хуульд тодорхой заагаад өгчихсөн байдаг юм. Дайчилгаатай сургууль, цэргийн сургалт бэлтгэлээс бусад үед өмсөх эрхгүй аж.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үед ч, цар тахал, зуд турхантай үед ч цэргийн жинхэнэ алба хаагч биш л бол өмсөхгүй. Гагцхүү бэлтгэл үүрэгтэн танд “Дайчилгаатай сургуульд оролц, цэргийн сургалт бэлтгэлд хамрагд” гэдэг зарлан ирвэл л өмсөөд очно гэж ойлгох хэрэгтэй.
Үүнээс гадна аймаг, нийслэл, сум дүүргийн онцгой комиссын гишүүд цаг үеийн мэдээлэл хийхдээ цэргийн дүрэмт хувцсыг энгийн хувцастай хольж өмсөх тохиолдлууд байдаг нь Монгол Улсын хууль, захиргааны хэм хэмжээг зөрчиж л байгаа хэрэг аж. Тиймээс Цар тахлын нөхцөл байдлыг мэдээлэх үүрэгтэй төрийн захиргааны алба хаагчид цэргийн хээрийн дүрэмт хувцсыг өмсөх, өмсөхдөө бүр дүрмийн бусаар өмсөж хэвлэл мэдээллийн байгууллагаар гарч байгаатай холбогдуулан ЗХЖШ-аас 2020 оны 12 дугаар сард аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газар, Цэргийн штабуудад албан бичиг хүргүүлсэн байна.

https://news.zindaa.mn/3ll2скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.