В.Зеленский “чухал уулзалтууд” хийхээр Саудын Арабт хүрэлцэн иржээ

12

В.Зеленский “чухал уулзалтууд” хийхээр Саудын Арабт хүрэлцэн иржээ

 

КИЕВ, 2026 оны гуравдугаар сарын 27 /Reuters/. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Саудын Арабт хүрэлцэн ирж, “чухал уулзалтууд” хийхээр төлөвлөж байгаа тухайгаа пүрэв гарагт мэдэгдлээ. Энэ нь дайн өрнөж буй үед Ойрх Дорнодын орнуудтай харилцаагаа бэхжүүлэх зорилготой айлчлалуудын нэг юм.

 

Украин улс Ираны цохилтод өртөөд буй бүс нутгийн орнуудад агаарын довтолгооноос хамгаалах туршлага, дроны технологио санал болгож байгаа аж. Үүний хариуд Оросын эсрэг дайнд дэмжлэг авахыг зорьж байгаагаа Зеленский өмнө нь илэрхийлж байсан юм.

 

“Саудын Арабт хүрэлцэн ирлээ. Чухал уулзалтууд товлогдсон. Аюулгүй байдлыг хангахын тулд хамтран ажиллахад бэлэн байгаа бүх талыг бид дэмжинэ” гэж тэрбээр X нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна. Энэхүү айлчлалд Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн тэргүүн Рустем Умеров ерөнхийлөгч Зеленскийг дагалдан оролцож байна.

 

Зеленский саяхан Катар, Нэгдсэн Арабын Эмират болон Саудын Арабт мэргэжлийн багуудаа илгээсэн бөгөөд энэ тусламжийнхаа хариуд санхүү болон технологийн дэмжлэг авах сонирхолтой байгаагаа мэдэгдсэн юм.

 

Оросын эсрэг дайн тав дахь жилдээ үргэлжилж буй энэ үед энхийн хэлэлцээ зогсонги байдалд орж, Москва хаврын шинэ давшилтад бэлтгэж байгаа нь Украины талд дарамт болж байна.

 

 

Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.