БНСУ-д ТОМУУГИЙН ВАКЦИН асуудал дагууллаа, МОНГОЛД...

905

Өмнөд Солонгос улирлын томууны вакцинжуулалтад хамрагдсан таван иргэн нас барсан тухай мэдээлэл 2020.10.21-нд анхлан цацагдсан бол өнөөдөр (2020.10.23) БНСУ-ын Анагаах ухааны холбоо томуугийн эсрэг вакцин хийлгэсэн 32 хүн нас барсныг мэдээллээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан вакцинжуулалтыг энэ сарын 29-нийг хүртэл түр зогсоохыг зөвлөсөн тухай “Чосон ильбо” сонин мэдээлэв. Улирлын томууны таван сая тун вакцины хадгалалтын горим алдагдсан нь тогтоогдсон болохыг хэвлэлүүд бичсээр байна.
БНСУ-ын Анагаах ухааны холбооны тэргүүн Чхве Дэ Жил вакцины аюулгүй байдал батлагдах хүртэл томуугийн эсрэг вакцинжуулалтыг зогсоохыг зөвлөж, вакцин хийлгэсний улмаас нас барсан хэргийг сайтар судалж, вакцины үйлдвэрлэл, хуваарилалтыг бүх талаас нь судлахыг анхааруулаад байна.
БНСУ-д томуугийн эсрэг вакцин хийлгээд нас барсан анхны тохиолдол энэ сарын 16-нд Инчён хотод бүртгэгдсэн юм. Тус хотын ахлах ангид сурдаг, 17 настай сурагч вакцин хийлгэснээс хойш удалгүй эндсэн байна. Түүнээс хойш Сөүл, Кёнги зэрэг мужуудад вакцин хийлгэсэн хүмүүс нас барсан тохиолдлууд гарсан юм. 13 тохиолдлын дийлэнх нь өндөр настнууд байсан талаар мэдээлж байна.
Эмч нарын зүгээс нас барсан 13 тохиолдлын зургаа нь томуугийн вакцинтай холбоогүй гэж мэдэгдээд байгаа бөгөөд вакциныг шинжлэхэд ямар нэгэн хортой бодис илрээгүй, томуугийн вакцин хийлгэхэд элбэг тохиодог анафилаксийн шок буюу харшлын урвалын шинжилгээ сөрөг гарсан гэх мэдээлэл өгч байгаа ажээ.
Өмнөд Солонгосын эрх баригчид ч мөн дээрх хүмүүсийн нас барсан шалтгааныг вакцинжуулалттай холбох үндэслэлгүй гэж мэдэгдэж байгаа юм.
Өмнөд Солонгост улирлын томууны эсрэг вакциныг LG болон Борёнг биофармБорёнг фарм гэсэн гурван том компани голлон бэлтгэдэг.
Тус улсын Засгийн газар Улирлын томуу нь коронавируст халдвартай хавсран хүн амын дунд тархах магадлал өндөр байгаатай холбогдуулан бүх нийтийг вакцинжуулалтад хамруулах хөтөлбөр баталсан ба үүнтэй холбоотойгоор томууны эсрэг вакциныг өмнөх жилийнхээс 30 хувиар нэмэгдүүлж, 30 сая хүнд вакцин хийхээ зарласан юм.

МОНГОЛД ЯМАР ВАКЦИН ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ВЭ?
 
Монгол Улсын Засгийн газраас томуугийн дархлаажуулалтын өдрүүдийг 26 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн ээлжит 10 хоногийг “Томуугаас сэргийлье” уриан дор аравдугаар сарын 1-10-ны өдрүүдэд зохион байгуулсан. 
Манай улсын хувьд энэ улирлын томуугийн эсрэг гурван цэнт А хүрээний H1N1, H3N2, B хүрээний хэв шинжийг агуулсан вакциныг БНСУ-ын "Грийн Кросс" үйлдвэрээс хүлээн авсан.

Томуугийн эсрэг вакцинаар томуугийн өвчлөлд хамгийн өртөмхий, хүндрэх эрсдэлтэй хүн ам болох хүүхдүүд буюу нийслэлд 6 сартайгаас 9 насны хүүхдүүд, Аймгийн төвд 2-5 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр харъяа  сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болон цэцэрлэг, сургууль дээр  нь дархлаажуулалтын түр цэгүүдээр вакцинжуулжээ. 
Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас манай улсад Бразилд үйдвэрлэсэн вакцин өгсөн 

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др.Сергей Диордица 2020 аравдугаар сарын 2-нд болсон Эрүүл мэндийн яамны хэвлэлийн бага хуралд оролцох үеэрээ "ДЭМБ-аас Бразил улсад үйлдвэрлэсэн (Butantan) гурван цэнт томуугийн эсрэг вакцин буюу томуугийн гурван вирус болох томуугийн А хүрээний H1N1 болон H3N2, томуугийн В хүрээний вирусийн эсрэг дархлаа үүсгэдэг вакциныг Монгол Улсад дэмжлэг болгон гардууллаа. Энэхүү вакцин нь 717,000 ам долларын өртөгтэй, 10 хүн тунгаар савлагдсан. Вакциныг 6-гаас дээш насны хүүхдүүд болон насанд хүрэгчид, тэр дундаа эрүүл мэндийн ажилчид, архаг хавсарсан өвчтэй хүмүүс болон 65-аас дээш насны хүмүүст хийнэ. Томуугийн вакцин нь хүүхэд, ажиллах насны насанд хүрэгчид болон ахмад настнуудын томуугийн улмаас хэвтэн эмчлүүлэх эрсдэлийг бууруулдаг. 2018 оны судалгаагаар 2012-2015 онд насанд хүрэгчдийн томуугийн улмаас эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэх эрсдэлийг 82% хүртэл бууруулсан" гэсэн мэдээлэл өгч байсан юм.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ
БНСУ-д томуугийн вакцинд хамрагдсан 30 гаруй хүн нас барсан нь иргэдийн санааг зовоож, Монголд хийсэн вакцин эрсдэлтэй эсэхийг сонирхож буй. Тиймээс ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдөр (2020.10.23) болсон ЭМЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр томуугийн вакцины талаар товч мэдээлэл өгсөн юм. 
Тэрбээр "Монгол Улс томуугийн эсрэг 509500 хүн/тун вакцин оруулж ирснээс 440 мянга гаруй нь хийгдсэн. Вакцинд хамрагдсан байдал өндөр байна, ямар нэгэн урвал, хүндрэл гарсан тохиолдол гараагүй. Вакцин хийлгэсний дараа хөндүүрлэх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс эмчийн үзлэг маш чухал байдаг" гэдгийг онцлов. 

http://www.zaluu.mn/p/56528.html
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.