Туршилт нь дуусаагүй ч “Спутник-V” вакцинаас В.Путин айсангүй

749



Оросын холбооны улс коронавирусын эсрэг дэлхийн анхны вакциныг баталгаажуулж “Спутник-V” хэмээн нэрлэж байгаагаа ерөнхийлөгч Владимир Путин төв телевизээрээ дамжуулан мягмар гаригт зарлалаа. Тус улс 1957 онд дэлхийд анх удаа сансарын хиймэл дагуулыг амжилттайгаар хөөргөж байсан.

Тиймээс “Ковид-19”-ийн эсрэг анхны вакциндаа “Спутник-V” нэрийг оноожээ. Энэ нь ОХУ-ын Эрүүл мэндийн яамны харъяа микробиологи, халдварт өвчин судлалын Гамалейн үндэсний судалгааны  хүрээлэнгийн зургаа, долдугаар сарын туршилтын үр дүнд бүтсэн вакцин юм. ОХУ-ын “Шууд хөрөнгө оруулалтын сан” вакциныг үйлдвэрлэхэд дөрвөн тэрбум рубль зарцуулжээ.

Вакцины сүүлийн туршилтийг Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Филиппин улстай хамтран явуулах бөгөөд туршилт өнөөдөр эхэлнэ гэдгийг “Шууд хөрөнгө оруулалтын сан”-гийн тэргүүн Крилл Дмитриев мэдэгдлээ. “Спутник-V” вакциныг Дмитриев болон түүний гэр бүлийнхэн, Путины нэг охин тариулжээ. “Охин нэг өдөр 38 градус хүртэл халуурсныг эс тооцвол өөр нөлөө үзүүлээгүй. Биеийн байдал маш сайн байна” хэмээн Путин ярьжээ. 

Сүүлийн туршилтаа явуулахаасаа өмнө бэлэн боллоо хэмээн олонд зарлаж, гэрчилгээ олгосон вакцины аюулгүй байдалд судлаачид эргэлзэж, дэлхийд анхдагч болох гэсэн Путины хийрхэл хэмээн үзэж байна. Учир өмнө нь гуравдугаар шатны туршилтаа дөрөвдүгээр сард явуулна хэмээн тооцоолж буй талаараа “Bloomberg” телевизэд ярьж байсан. Тиймээс ийн яаран үйлдвэрлэх болсонд судлаачид санаа зовниж байна.  Энэ талаар АНУ-ын “Southampton” их сургуулийн  эрдэм шинжилгээний ахлах ажилтан Майкл “ОХУ вакцинаа яаж ийм хурдан баталгаажуулах болсон нь тодорхой бус байна.  Бүх шатны туршилтаа хийж дуусч байж сөрөг нөлөөгүй нь батлагдаж бүх нийтэд үр ашгаа өгнө. Гэтэл ОХУ-ын энэ вакцинд ийм судалгаа алга. Тиймээс ДЭМБ сайтар судлах хэрэгтэй” гэв. Үүний хариуд ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михайль Мурашко “Вакцин аюулгүй, өндөр үр дүнтэй гэдгээ харуулсан. Вакцинд хамрагдсан бүх сайн дурын ажилтанд “Ковид-19”-аас хамгаалах эсрэг биет үүссэн, дархлаанд нь сөргөөр нөлөөлөөгүй” гэлээ.  Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлж буйгаар энэ вакциныг тариулснаар коронавирусаас хоёр жилийн турш хамгаалах дархлаатай болох юм байна. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтан, багш нар болон бусад эрсдэлт бүлгийнхнээ хамгийн эхэнд вакцины урьдчилан сэргийлэх тарилгад хамруулна гэдгээ Ерөнхий сайдын туслах Татяана Голикова мэдэгдлээ. Вакцины үйлдвэрлэл ирэх сараас эхэлж аравдугаар сараас олон нийтэд хүрэх юм байна.  Одоогоор Латин Америк, Ойрхи Дорнод, Азийн 20 гаруй орон нэг тэрбум тун вакцины захиалгаа хэдийнэ өгчээ. Гэхдээ тус улс жилд 500 сая тун вакцин үйлдвэрлэх боломжтой юм.

 

 

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.