Хятад, Монголын залуусын “Болзоо”
Үйл ажиллагаанд оролцсон Хятад, Монголын залуучууд Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хотхон, Өвөр Монголын музей, Өвөр Монголын Урлаг жүжгийн хүрээлэн, Өвөр Монголын Багшийн их сургуулийн Хондэр дээд сургууль зэрэг газруудтай танилцлаа. Мөн Хөх хотын Их түргэн голын дэнж дээр хамтарсан уран сайхны тоглолт хийж, үзэгч түмний мэлмийг баясган, Хятад, Монголын залуучуудын нөхөрсөг харилцааг ахиулахад эерэг ач холбогдол өгсөн юм.
Тус үйл ажиллагааг Хятадын Төв Хорооны Суртал ухуулгын хэлтсийн Олон улсын сурталчилгааны газар, ӨМӨЗО-ны Суртал ухуулгын хэлтсээс санаачлан, Өвөр Монголын Өдрийн сониноос зохион байгуулж, Өвөр Монголын Хондэр дээд сургуулиас дэмжин зохион байгуулсан юм.
УР ЧАДВАРАА БАДРУУЛАН НӨХӨРЛӨЛӨӨ ЗУЗААТГАНА
Айраг шуугиж найраг цалгисан таатай зуны улиралд Хөх хотын Их түргэн голын дэнж дээр “Хятадад болзъё” Хятад, Монголын Z үеийн залуусын уран сайхны тоглолт “Ваньли” хэмээх Хорчин ардын эгшигт дууны аянд нийтийн бүжгээр нээлтийн салхийг хагалав.
Урлаг хэмээгч ард түмний зүрхний гүнээс ундарсан чин сэтгэлийн халгиа, уул ус, хил хязгаарыг давж, эрт эдүгээ ирээдүйг холбогч соёлын алтан гүүр болсон юм. Тоглолтын үеэр Монгол Улсын Дархан дээд сургуулийн оюутнууд, Хондэр коллежийн сурагчдаас “Монгол наадам”, “Адуучны дуун”, “Хурдан морь”, “Жалам хар”, “Хун галуу”, “Алсад суугаа ээж”, “Амар байна уу” зэрэг бүжиг, ая дуугаа өргөж, үзэгч түмний мэлмийг баясган, сонорыг мялаалаа.
- Энэхүү үйл ажиллагаагаар бид хөгжим, урлаг, соёлоор өөрсдийгөө илтгэж, олон найз нөхөдтэй танилцан, Хятадын түүх, соёл урлагийн тухай ойлгон танилцах боломж олгосонд маш их баяртай байна гэж Дархан дээд сургуулийн оюутан Н.Баяр догдолсон сэтгэлээ дарж ядан хэлэв.
Дархан дээд сургуулийн Урлаг, хөгжмийн танхимын эрхлэгч Н.Долгорсүрэн:
- Бид Монгол Улсын Дархан-Уул аймгийн Дархан дээд сургуулиас 15 оюутныг зохион байгуулж, тус арга хэмжээнд оролцож байгаадаа маш их баяртай байна. Бид нар ардын урлагаа суралцах, өв соёлоо мэдэлцэх, харилцаа холбоогоо нэгтгэх зорилгоор тус үйл ажиллагаанд оролцсон. Бид нарыг сайхан хүлээн авч хамтарч ажиллаж байгаад баяртай байна. Тус үйл ажиллагаа нь хоёр улсын залуучуудад харилцан ойлголцож, суралцах боломжоор хангасан платформ болсон байна гэж хэллээ.
Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хотхонд зочлох явцад танин мэдэхүйн асуулт хариултын бяцхан уралдаан зохион байгуулав.
Хоёр орны залуучууд дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүний шилдэг таван компанийн тоонд багтдаг Или компанитай танилцсаны дараа хоёр орны байгаль орчин, газар зүйн болон соёл иргэншилтэй хобоотой асуулт хариултын бяцхан уралдаан зохиож харилцан санал бодлоо солилцсон байна.
СОЁЛЫН ӨВИЙГ БАХАРХАЖ, ОЙЛГОЛЦЛОО НЭМЭГДҮҮЛНЭ
Нар хур тэгширсэн дэлгэр зунаар хот, хөдөөгүй найртай сайхан наадамлаж хүн зоны сэтгэл тэнийнэ. Өвөр Монголын Багшийн их сургуулийн Хондэр дээд сургууль болон Монгол Улсын Дархан дээд сургуулийн оюутнууд Хөх хотод болзон зусаж, Хятадын уран бичлэг болон даавуун урлал зэрэгтэй танилцан, Хятадын биет бус соёлын өвтэй танилцах арга хэмжээнд оролцож, сэтгэгдэл өндөр байлаа.
Ханз үсгийн уран бичлэг бол Хятад үндэстний бүтээсэн урлагийн төрөл юм. Үүнийг үггүй яруу найраг, үл үзэгдэх бүжиг, зураггүй уран зураг, чимээгүй хөгжим гэх зэргээр дүрслэн хэлдэг. Хятадын уран бичлэг нь 5000 жилийн турш гайхамшигтай соёл иргэншил, хосгүй баялаг бичгийн өвөөрөө дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Улмаар 2009 онд Хятадын уран бичлэгийн урлаг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн байдаг.
Монгол Улсын Дархан дээд сургуулийн багш Г.Баттулга:
- Ханз үсгийн уран бичлэг нь Хятад улсын соёл, цаашид Хятад улсын тод төлөөлөл болох юм. Зарим хүүхдүүд маань уг нь ханз үсгийн тухай огт ойлголтгүй байсан. Энэ удаа тэд өөрийн нэрээ ханзаар бичиж сурсан нь маш их сонирхолтой санагдаж, энэ арга хэмжээнд идэвхтэй оролцож байгааг нь хараад би өөрөө ч маш сэтгэл өндөр байна гэж хэллээ.
- Ханз үсгийн уран бичлэгийн хичээлээр би өөрийн нэрээ ханзаар бичиж сурлаа. Энэ бичээд байгаа үсэг бол миний Сумъяабазар гэдэг нэрэнд ордог “Я” үсэг юм. Би энэ хэд хоногт олон зүйлийг харж, сурч, туршлага солилцож явлаа. Цаашид Хөх хотод дахин ирмээр байна гэж Дархан дээд сургуулийн оюутан Х.Сумъяабазар өөрийн сэтгэгдлээ хуваалцав.
Энэ удаад ханз үсгийн уран бичлэгийг Монголын оюутнуудад танилцуулсан төдийгүй, бас даавуун урлал, цаасан хайчилбар зэрэг Хятадын хэдэн мянган жилийн түүхтэй гар урлалын биет бус соёлын өвийг танилцууллаа.
- Би уг нь Хятадад иймэрхүү гар урлалын соёл байна гэж огт бодоогүй. Энэ соёл надад маш их таалагдсан. Даавууны өөдсийг ч хаяж гээгдүүлэхгүй ашиглан урлаг болгоод зогсохгүй, үүнийгээ мөнгө болгож буйг маш их биширч байна. Хамгийн чухал нь энэ удаагийн зуслангийн арга хэмжээгээр хятад найзуудтай болсондоо маш их баяртай байна гэж Дархан-Уул аймгийн Хөтөл соёлын ордны хөгжмийн багш М.Баяржаргал хэлэв.
Үйл ажиллагаанд оролцогч Хятад, Монголын залуус Өвөр Монголын Урлаг жүжгийн хүрээлэнд Бээжин ший жүжгийн чуулгатай танилцлаа. Өвөр Монголын Урлаг Жүжгийн хүрээлэнгийн Бээжин ший жүжгийн чуулга өмнө нь ӨМӨЗО-ны Бээжин ший жүжгийн чуулга гэдэг байсан. Тус чуулга нь 1960 онд байгуулагдсан, өдгөө 65 жилийн түүхтэй Бээжин ший жүжгийн урлагийн хөгжлийн түүхийг тод харуулж байна. Оюутнууд Бээжин ший жүжгийн хувцсаар гоёж, багшаас үйл хөдлөлийг нь суралцан, дуулах арга, бүжиглэх мэргэжилтэй нь нарийн танилцлаа.
Үнэхээр “Мянга сонсохоор нэг үз" гэдэг шиг энэ удаагийн соёлын арга хэмжээгээр хоёр орны оюутан залуус Хятадын гайхалтай уламжлалт соёл урлагийг таньж ойлгоод зогсохгүй, бие биетэйгээ илүү ойр танилцан, нөхөрлөлөө зузаатгасан гэж Дархан дээд сургуулийн оюутан Д.Мянганзул хэллээ.
Хоёр орны оюутнууд Өвөр Монголын музейгээр зочилж, Өвөр Монголын түүх, соёлтой танилцлаа. Тус музейд хуучин чулуун зэвсгийн үеэс Мин, Чин гүрний үеийн түүх, соёлын дурсгалт зүйлс, хувьсгалын түүх, соёлын дурсгалт зүйлс, үндэстний түүхийн дурсгалт зүйлс, эртний амьтан, ургамлын цуглуулга зэргийг хамарсан байдаг.
Монгол Улсын оюутан Б.Наранчимэг ярилцлагадаа:
- Айлчлалын үеэр үндэстний хөгжмийн тансаг зэмсэг, нарийн хатгамалтай үндэсний хувцас, төрөл бүрийн алт, зэс гоёл чимэглэлүүд миний сэтгэлийг хөдөлгөсөн. Эдгээр үзмэрүүд нь биднийг Өвөр Монголын баялаг түүх, соёлын өвийн талаар илүү гүнзгий ойлголттой болгосон гэж хэллээ.
"Сансрын үзэл баримтлал" үзэсгэлэнгийн талбайтай танилцахад тайлбарлагч нь шинжлэх ухааны судлаачдын нэрээ нууцалсан тухай ярихад үзэсгэлэнгийн танхим маш нам гүм байсан тул зөвхөн амьсгалын дуу л үлджээ. "Нисэх мөрөөдөл"-ийн цаана маш олон хүмүүсийн чимээгүй тэвчээр, уйгагүй хичээл зүтгэл байдаг нь харагдаж байна гэж Монголын оюутан Б.Дариймаа сэтгүүлчид шивнэж хэллээ.
Монгол Улсын Дархан дээд сургуулийн багш Д.Баттулга:
- Хятад, Монголын залуусын Өвөр Монголын музейд хийсэн энэхүү аялал нь соёлын солилцоо, залуучуудын хамтын ажиллагааны тод туршлага юм. Залуучууд түүх, соёлын талаарх ойлголтоо нэмэгдүүлж, соёлын солилцоогоор найрамдалт харилцаагаа гүнзгийрүүлэн, Хятад, Монголын соёлын солилцоонд залуу үеийн шинэ эрч хүчийг шингээж байна гэж хэллээ.
ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ ШАГШИН, ИРЭЭДҮЙГЭЭ БАРААЛНА
Оюутнууд Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хотхонд зочлон дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүний шилдэг таван компанийн тоонд багтдаг Или компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
Дэлхийн 6 тивийг хамарсан 2000 гаруй түнштэй, 39 оронд тархсан. 11 жил дараалан Азийн сүүн бүтээгдэхүүний салбарт тэргүүлж байгаа бөгөөд Хятадын сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хамгийн том групп юм. Судалгаа, боловсруулалт, инновацын 15 төв, үйлдвэрлэлийн 81 баазтай, бүтээгдэхүүнээ 60 гаруй улс орон, бүс нутагт борлуулдаг. Дэлхийд тэргүүлэгч нялхсын сүү үйлдвэрлэх баазтай бөгөөд 1 минутад 120 лааз сүү үйлдвэрлэж, жилд 60 мянган тонн лааз үйлдвэрлэх хүчин чадалтай дэлхийн хамгийн хурдан лаазлах үйлдвэрлэлийн цехийг байгуулсан гэх зэрэг Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хотхоны хөгжлийн түүх нь алс хол нүүдэл соёлын өлгий нутгаас ирсэн Монгол Улсын залуусыг гайхшируулан эрхий хуруу гарган шагшин магтацгаана.
Или группийн Үзэсгэлэнгийн танхимын коридороор алхахад нүд гялбам дэвшилтэт технологи нь Или брэндийн хөгжлийн түүхийг өгүүлж, хоёр орны оюутнууд “Сүүн бүтээгдэхүүний ертөнц”-өөр аялан, сүү, сүүн бүтээгдэхүүний өнгөрсөн ба ирээдүйн тухай ойлгож, Или брэндийн хөгжлийн түүх, ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар мэдэрсэн билээ.
- Би Монголдоо иймэрхүү группийн үйлдвэр дотор явж үзээгүй. Гэхдээ техник технологийн тал дээр Монголын үйлдвэр компаниудаас хамаагүй хөгжсөн байх нь мэдээж юм. Мөн дэлхийд топ тавдугаарт ордог гэхээр нь үнэхээр агуу үйлдвэр оршин байгааг мэдэж авлаа. Монголд харин ийм том оврын үйлдвэр гэж одоохондоо байхгүй байна. Гэхдээ ирээдүйд ийм үйлдвэр ч Монголд байгуулагдах болно гэж бодож байна гэж анх удаа Өвөр Монголд ирж байгаа Дархан Дээд Сургуулийн оюутан Х.Балжмаа ийнхүү хэлж байлаа.
Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хөндий дэх Шингэн сүүн бүтээгдэхүүний ухаалаг үйлдвэрлэлийн баазад оюутнууд шингэн сүүний ухаалаг үйлдвэрлэлийн шугамтай танилцаж, шингэн сүү үйлдвэрлэх алхам бүрийг биечлэн харсан билээ.
Шингэн сүүний урьдчилан боловсруулах цехэд шингэн сүүг ялгах, нэг төрлийн болгох, мембран технологи, хэт өндөр температурт ариутгах болон бусад үндсэн процессуудын тухай оюутнууд шилэн цонхоор нэг нэгээр нь ажиглаж, эдгээр үйл явц нь сүүний чанарт үзүүлэх чухал нөлөөллийн талаар гүнзгий ойлголттой болсон юм.
- Энэ хэд хоногт бид маш олон сонин сайхан, гайхалтай зүйлүүдийг харж явлаа. Энэхүү үйлдвэрт ирээд олон сүүн бүтээгдэхүүнийг яаж хийдэг, нэг компани яаж хөгждөгийг хараад бас олон зүйл бодогдсон. Монголдоо буцаж очоод найз нөхөд, гэрийн хүмүүстээ энэ удаагийн аяллынхаа тухай танилцуулна. Хятадын өөр бусад хот, нутгуудаар ч аялж, улам илүү ойлголттой болохыг хүсэж байна гэж Дархан дээд сургуулийн оюутан С.Баясгалан өөрийн бодлоо хуваалцсан юм.
Тус үйл ажиллагаа нь Хятад, Монголын залуучуудын харилцан ойлголцлыг нэмэгдүүлсэн төдийгүй, хоёр улсын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг ахиулах гүүр болжээ.
Зохиогч: | Бэлтгэсэн: Б.ХУРЦ |
Найруулагч: | Б.ХУРЦ |
Эх сурвалж: | SLG |