Анхаарлын төвд: Жолооны үнэмлэх гаргана гэсэн зарын ард хэн байна вэ

323

Анхаарлын төвд: Жолооны үнэмлэх гаргана гэсэн зарын ард хэн байна вэ

 

'Цахим орчин ЦАГДАА нарын хууль бус ажиллагаа явуулдаг талбар биш

“Сайны хажуугаар саар гэгчээр” цахим орчин хөгжин харилцаа холбоо сайжирч мэдээ мэдээлэл хүртээмжтэй болж байгаа нь сайшаалтай. Гэсэн хэдий ч элдэв гэмт хэрэг үйлдэгдэх боломжит таатай нөхцлийг цогцлоож буй юм. Үүний нэг тод жишээ нь “Жолооны үнэмлэх гаргана, эрх сэргээнэ” гэх зараар олон хүнийг залилдаг этгээдүүд болон цагдаа нарын хууль бус ажиллагаа явуулах таатай орчин бүрдсэн байна. Тухайлбал, “Гурван хүнд жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэх зарын сэтгэгдэл хэсэгт 20 гаруй хүн “Үнэмлэх гаргуулъя” хэмээн ханджээ. Ч гэх цахим хаягнаас “энэ мэтийн зард итгэж залилуулав. Зарим нь найдвартай шүү. Хүнээ сайн судлах хэрэгтэй. Үнэнээр жолооны үнэмлэх гаргадаг хүн байдаг” хэмээн бичжээ. Үүний дагуу Ч-тэй чатаар холбогдон “жолооны үнэмлэх хаана, хэн гэдэг хүнээр хэдэн төгрөг өгч гаргуулав, чи жолоонд сууж байв уу гэх асуулт илгээхэд нэгэн утасны дугаарыг өгч, холбогдоорой гэсэн юм.

Цагдаа мэргэжилтэй Э олон хүнд еmongolia апплэйкишнд бүртгэлтэй жолооны үнэмлэх гаргаж өгсөн. Миний хувьд жолоонд сууж байгаагүй. Ойр зуурдаа машин бариад сурчихсан. Э-д 800 мянган төгрөг өгч жолооны үнэмлэх 30 хоногт гаргуулсан” гэв. Түүний хэлсэн дугаар руу залгаж “Жолооны үнэмлэх гаргах уу” гэхэд гаргана гэлээ. Харин тухайн хүнийг цагдаа эсэхийг лавлахад аль хэлтэст ажилладагаа хүртэл хэлсэн юм. Жолооны үнэмлэхээ уулзаж байгаад захиалъя гэтэл “805 дугаар анги дээр ирээд залга” гэсэн бөгөөд түүний фэйсбүүк хаяг руу чат бичихэд “цусны бүлэг, иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн тодорхойлолт, нэг хувь цээж зураг, зэрэг материалыг ………фэйсбүүк хаяг руу явуулна уу” гэсэн юм. Ийн түүний хэлснээр холбогдох баримтуудыг илгээхэд “шат шатны хүмүүст мөнгө өгөх учир Хаан банкны………. тоот дансанд төлбөрөө бүтэн хийгээрэй” гэлээ. Цагдаа жолооны үнэмлэх хууль бусаар гаргадаг үйлдэл үүгээр дуусахгүй. Маргааш нь дахин “жолооны үнэмлэх гаргаж өгнө гэх зарын дагуу холбогдож “би жолооны курст сууж байгаагүй. Машинаа өөрөө бариад сурчихсан. Надад жолооны үнэмлэх хэрэгтэй байгаа юм” гэхэд Г ”Та машин барьдаг бол үнэмлэх гаргахад асуудалгүй. Ах маань цагдаа. Тийм учир түүгээр гаргуулдаг. Миний жолооны үнэмлэхийг гаргаж өгч байсан” гээд emongolia апплэйкишнд бүртгэлтэй өөрийн жолооны үнэмлэхээ…………фэйсбүүк хаягнаас илгээв. “За захиалъя” гэхэд “оршин суугаа хаягийн тодорхойлолт, дөрвөн хувь цээж зураг иргэний үнэмлэхний хуулбар, цусны бүлэг” зэрэг материалыг бүрдүүлж Голомт банкны……….. тоот дансанд 700 мянган төгрөг хийнэ үү” гэсэн юм.

Энэ мэтчилэн амар тайван аюулгүй байдал нийгмийн хэв журмыг сахиулагч цагдаа эрх ашгийн сонирхолтой байх нь байж боломгүй үйлдэл. Худал зар байршуулдаг этгээдүүдийг илрүүлж тэмцэж уг гэмт хэргийг үндсээр нь таслан зогсоох атал өөрсдөө дунд нь ажиллаж, хууль бусаар жолооны үнэмлэх гаргадаг аж. Үүнээс үзвэл цахим орчин цагдаа нарын хууль бус ажиллагаа явуулах талбар болж хувирав уу гэлтэй.

ЗАР Анхаарлын төвд: Жолооны үнэмлэх гаргана гэсэн зарын ард хэн байна вэ

ЦЕГ залилангийн томоохон бүлэглэлээ далдлах уу, тэмцэх үү

Залилангийн гэмт хэргийн дийлэнх хувийг онлайн залилан эзэлдэг гэдэг нь судалгаагаар тогтоогдсон байна. Тэгвэл олон мянган хүнд “жолооны үнэмлэх гаргаж өгнө” хэмээх зар байршуулан бусдыг итгүүлэн мөнгийг нь залилдаг бүлэглэл байгаа юм. “Жолооны үнэмлэх, Мэргэшсэн үнэмлэх”, “Жолооны үнэмлэх гаргана” гэх группэд “Мэргэжлийн үнэмлэх /Mergejliin Unemleh/ “ гэсэн фэйсбүүк хаяг “жолооны үнэмлэх 7-14 хоногт гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ чатаар холбогдон мэдээлэл авна уу. Манайхыг мэдэх байлгүй дээ” гэх зарыг аймгуудын группүүдэд түгээн хөдөө орон нутгийн иргэдийг залилдаг байх тохиолдол хэд хэд байгаа юм. Энэ зарын дагуу мэргэжлийн үнэмлэх гэсэн фэйсбүүк хаяг руу “жолооны үнэмлэх захиалахад хэдэн төгрөг болох вэ. Хэд хоногт гарах талаар асуухад “Гурван хоногт гарна.

Одоо бүртгэлээ хаах гэж байгаа тул та регистрийн дугаар, овог нэрээ хурдан явуулна уу. Ингээд бүртгэсний дараа “тан руу илгээсэн дансанд төлбөр болох 600 мянган төгрөгийг бүтэн хийнэ үү” гэв. “Би мөнгөө өгчихөөд дараа нь үнэмлэх гарна гэж итгэхэд бэрх байна. Чи надад залилахгүй гэх баталгаа өг” гэхэд цагдаагийн энгэрийн тэмдэг явуулж…….дүүргийн цагдаагийн….. хэлтэст ажилладаг. Хурандаа Б гэж өөрийгөө хэлэв. Мөн “жолооны үнэмлэхийг чинь гардан захиалж өгөх хүн гээд хошууч С” хэмээн утасны дугаарыг…….. тоот данстай хамт илгээв. Үүний дараа улсын бүртгэгч Г гэх хүний Хаан банкны 53………….. тоот данс руу мөнгө хийхийг ятгаж эхлэв. Тэрбээр “хурдлаарай бүртгэлийн систем хаагдах гээд байна. Гүйлгээний утга дээр 76598 гэсэн бүртгэлийн код бич” гэв. Ийм байдлаар хүмүүсийг залилдаг байх нь. Энэ этгээдэд залилуулсан хүний тоо 10 гаруй байгаа юм.

“Жолооны үнэмлэх гаргаж өгнө” хэмээн нийт 4-5 сая төгрөгийг залилан авсан. Хохирогчид нь ихэвчлэн орон нутгийн иргэд байх аж. Учир нь тэр Баянхонгор аймгийн зарын нэгдсэн бүлэг, Замын-Үүд такси, Өмнөговь зарын нэгдсэн группэд зараа олон удаагийн давтамжтай байршуулдаг нь тодорхой байна. Үүний дараа хандсан бас нэгэн залилагч Д.У гэх фэйсбүүк хаягаар “жолооны үнэмлэх гаргаж, ангилал ахиулна” гэх зарыг хамгийн олон дагагчтай группүүдэд байршуулсан байв. Зарын дагуу чатаар холбогдоход “600 мянган төгрөгөөр жолооны үнэмлэх 14 хоногт гаргана” гэх бөгөөд “иргэний үнэмлэх, регистрийн дугаараа явуулж бүртгэлээ хийлгэнэ үү. Таван цагаас өмнө мэдээллээ явуулаарай. Жолооны үнэмлэх гармагц “Монгол шуудан”-гийн ажилтнаар хүргүүлнэ” хэмээв. Ийн өмнөх залилагчийн мэдээлсэн хошууч С гэх хүний данс болох Хаан банкны 53………..тоот дансыг явуулсан юм.

Дээрх этгээдүүд хоорондоо холбоотой бөгөөд бүлэглэн залилдаг байх магадлалтай. Цагдаагийн нэр тэмдэг зэргийг ашиглан залилдаг этгээдүүд гэсэн үг. Магадгүй үүний ард цагдаа байх вий гэх хардлага байна. Түүнчлэн Д.У-ын фэйсбүүк хаягийг нягталвал жолооны курс ажилуулдаг нэгэн байгаа юм. “Ангилал ахиулна, Жолооны үнэмлэх гаргана” гэх зараар эмэгтэй хүний зурагтай фэйсбүүк хаяг руу мөн адил жолооны үнэмлэх гаргадаг эсэхийг лавлан, үнэ төлбөр ямар үйл явцаар захиалдаг, талаар асуухад “Би бүртгэл хяналтын төвд ажилладаг. Жолооны курсын бүртгэлийн дутуу шалгалтын квотд материал бүрдүүлж жолооны үнэмлэх гаргадаг. Одоогоор нэг квот үлдсэн. Шалгалтын болон эрүүл мэндийн хуудас автоматаар бөглөгдөөд гарчихна. Шивэлт хийж байна” гээд нэгэн иргэний эрүүл мэндийн хуудсыг илгээв. Түүнчлэн “бүртгэлээ дуусмагц мэдээллийг тань Тээврийн цагдаагийн алба руу илгээнэ” гэсэн юм. Энэ мэтчилэн иргэдийн итгэл дээр дөрөөлөн хуурамч хуудас нээн сая сая төгрөгийн залилан хийдэг тохиолдол элбэг байгаа нь нууц биш. Эдгээр хүмүүсийн зарын сэтгэгдэл хэсэгт “мөнгөө авъя.

sonin1 Анхаарлын төвд: Жолооны үнэмлэх гаргана гэсэн зарын ард хэн байна вэ

Жолооны үнэмлэх гаргаж өгнө, эрх сэргээнэ гээд 500 мянган төгрөг дансаар шилжүүлж аваад гурван сар болж байна. Утас руу нь залгахаар авдаггүй. Эргэх холбоогүй болсон. Хууль бусаар жолооны үнэмлэх гаргуулах үйлдэл хийсэн учир цагдаад хандахаас айж байна” гэх сэтгэгдэл ч байсан юм. Хохирогчдын төлөөлөлтэй холбогдоход “600 мянган төгрөгөө залилуулсан. Хаана, хэнд хандахаа мэдэхгүй байна. Дээшээ тэнгэр хол, Доошоо газар хатуу гэдэг нь л боллоо” хэмээн ярисан юм. Жилд 40-50 мянган жолооч шинээр төгсдөг гэх судалгаа бий. Тэгвэл үүний хэд нь албан ёсны үнэмлэхтэйг таашгүй. Цагдаагийн байгууллагаас “жолооны эрх сэргээнэ, ангилал ахиулна” гэх зараар залилан хийдэг этгээдийг энэ сарын 23-ний өдөр СХД-ийн нутаг дэвсгэрээс олж илрүүлсэн байдаг. Энэ төрлийн залилангийн гэмт хэрэг нэг хүнээр дуусахгүй. Бүлэглэлийн шинжтэй, маш олуулаа энэ хэрэгт оролцдог байна.

Үүнийг тоохгүй өнгөрөөж хэрхэвч болохгүй. Чимээгүй байвал нөхцөл байдал хүндэрч олон хүн энэ төрлийн гэмт хэргийн золиос болох, эргээд сургалтад суугаагүй жолооч нараас үүдэлтэй осол эндэгдлийн тоо ч нэмэгдэнэ. Саяхан болсон зам тээврийн ноцтой ослын шалтгаан л гэхэд хааз, тормосоо андуурч гишгэснээс болсон билээ. Иймд Цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэргийн залилагчдийг нэн даруй илрүүлж хуулийн хариуцлага тооцох хэрэгтэй. Илрүүлэх төдий болоод орхихгүй цаашид дорвитой арга хэмжээ авч ийн цахимаар залилан хийдэг этгээдүүдээ цэгцлэх цаг болжээ. Төдийгөөс өдий хүртэл “жолооны үнэмлэх гаргана, эрх сэргээнэ” гэх зараар залилан хийдэг этгээдүүдтэй тэмцэхгүй чимээгүй байсан нь туйлын эмгэнэлтэй. Бидний нүдэн дээр гэмт хэрэг ил үйлдэгдэж байхад чухам яагаад цагдаа нар энэ талаар мэдээлэлгүй байна вэ.

Ядаж энэ төрлийн гэмт хэргийг илрүүлсэн бол иргэдээ урьдчилан сэргийлэх мэдээллээр хором бүр хангах учиртай. Гэтэл мэдээлэл хомс. Үүний цаана цагдаа болон нөлөө бүхий эрх мэдэлтнүүд байгаа учир магадгүй хав дарагдаж байж мэднэ гэх хардлага ч байна. Цаашлаад том албан тушаалтнуудын хууль бус бизнес болж хөгжсөн ч байж болох талтай. Машин барьдаг хүн бүхэн жолооч биш, жам ёсных нь дагуу номын дууг нь сонсож бэлтгэгдэж жолооч болох учиртай. Жолооны курст суугаагүй жолоочид хуурамч үнэмлэх гаргаж өгнө гэдэг галзуу хүнд зэвсэг бариулсантай адил. Хуурамч үнэмлэхтэй жолооч хаана ч хэзээ, хэнд ямар аюул занал хийх бол гэдэг нь сэтгэл түгшээх асуудал. Иймд жолооны үнэмлэх хууль бусаар гаргах, эрх сэргээх үйл ажиллагаанд цагдаа биечлэн оролцох нь энэ нийгэмд асар их хор хөнөөл дагуулах нь гарцаагүй. Иймд цагдаагийн байгууллага фэйсбүүк орчинд “жолооны үнэмлэх гаргаж, эрх сэргээнэ, ангилал ахиулна” гэх зарыг хяналтандаа авч, таслах зогсоох хэрэгтэй байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.