Шинэ Засгийн газрын "давхар дээлтэй" сайд нарын CV

347

Шинэ Засгийн газрын "давхар дээлтэй" сайд нарын CV

 

Засгийн газар зарим сайд нартаа сэлгээ хийж шинэ бүтцээ танилцуулав. Тодруулбал, энэ удаагийн сэлгээгээр “гадна”-аас сайд томилогдоогүй. Харин парламентаас буюу дандаа "давхар дээлтэй" сайд, тэр дундаа байнгын хорооны дарга нар сайд болов.  Гэхдээ Засгийн газрын шинэчилсэн бүрэлдэхүүнд Шадар сайд С.Амарсайхан, Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Соёлын сайд Ч.Номин нарыг үргэлжлүүлэн ажиллахаар болсон.

 

Тэгвэл Шинэ Засгийн газрын “давхар дээлтэй" сайд нарын CV-г уншигчдад танилцуулж байна.

Дашзэгвийн Амарбаясгалан:  Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалд томилохоор танилцуулсан. Тэрбээр, 1981 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 41 настай. 1998 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 2003 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Холбоо мэдээллийн технологийн сургууль, 2011 онд Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг тус тус төгссөн. Мэдээлэл хэмжлийн электроник - цахилгаан холбооны инженер, улс төр судлаач мэргэжилтэй. 2000-2007 онд “Соёмбо принтинг” ХХК-ийн ерөнхий менежер, захирал, 2007-2009 онд “Монгол шуудан” ТӨХК-ийн Маркетинг төлөвлөлтийн газрын дарга, 2009-2012 онд  Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2008-2020 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга, 2015-2016 онд Монгол Ардын Намын Сонгууль хариуцсан Нарийн бичгийн дарга, 2016 оноос одоог хүртэл мөн намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

 

Чимэдийн Хүрэлбаатар:  Эдийн засаг, хөгжлийн сайдын албан тушаалд томилохоор танилцуулсан. Тэрбээр 1968 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 54 настай.1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 1998 онд Австралийн Сидней их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн магистр зэрэгтэй. 1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан, 1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш, 1998-2000 онд Засгийн газрын дэргэдэх Эдийн засгийн бодлогын чадавхийг дэмжих төсөлд ахлах эдийн засагч, 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх, 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Түлш, эрчим хүчний сайд, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2009-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,  2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга,  2017-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2021 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байна.

 

Жамъянхорлоогийн Сүхбаатар: Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын албан тушаалд томилохоор танилцуулсан. Тэрбээр 1975 онд Дархан-Уул аймгийн Дархан хотод төрсөн, 47 настай. 1993 онд Дархан хотын 10 жилийн 3 дугаар сургууль, 1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 1997-1999 онд УИХ-ын гишүүний орон тооны ажилтан, 1999-2001 онд  УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд хуулийн бодлогын зөвлөх, 1997-2005 онд Улаанбаатар “Эрдэм дээд” сургуульд захиргааны эрх зүйн багш, ахлах багш, 2001-2006 онд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн-нарийн бичгийн дарга, 2006-2008 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга, 2008-2012 онд  УИХ-ын гишүүн, 2010-2012 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2012-2013 онд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн-нарийн бичгийн дарга, 2016 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2019-2020 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх,  2020 оноос УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд даргаар ажиллаж байна.

 

Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ:  Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын албан тушаалд томилохоор танилцуулав. Тэрбээр1964 онд Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 58 настай. 1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн  дунд сургууль,  1990 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр, Боловсролын доктор зэрэгтэй. 1983-2000 онд Биеийн тамир, спортын “Хүч” нийгэмлэгийн тамирчин, ахлах дасгалжуулагч, орлогч дарга, дарга, 1999 онд “Аварга” дээд сургуулийн захирал, 2004 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын  Хууль зүйн байнгын хорооны дарга, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Батлан хамгаалахын сайд,  2018-2020 онд Монгол Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны дарга, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар ажиллаж байна.

 

Жамбалын Ганбаатар:  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын албан тушаалд томилохоор танилцуулав. Тэрбээр 1973 онд Улаанбаатар хотод төрсөн, 49 настай. 1991 онд Налайх дүүргийн 10 жилийн дунд сургууль, 1995 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. 1996-2015 онд “Сээкл” ХХК-ийн захирал, 2004-2012 онд Баянгол дүүргийн Засаг дарын Тамгын газарт зөвлөх, 2008-2012 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2019 оноос Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байна.

Ням-Осорын Учрал: Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын албан тушаалд томилохоор танилцуулсан. Тэрбээр, 1987 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай.  2003 онд “Их Засаг” лицей сургууль, 2007 онд Их Засаг олон улсын их сургууль, 2010 онд Лимкоквин технологийн их сургуулийн Их Британийн Лондон хотын салбар сургууль, 2012 онд Монгол Улсын Боловсролын их сургууль, 2020 онд Их Британийн Хатан хааны нэрэмжит Букингхамын их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлага, түүхийн ухаан, олон улсын менежментийн магистр. Түүхийн ухааны доктор зэрэгтэй. 2010-2016 онд Рояаль Академийн ерөнхий захирал, удирдах зөвлөлийн дарга, 2012-2014 онд Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны Улс төрийн хэлтсийн дарга, 2012-2016 онд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч,  2015 онд Монгол Улсын Шадар сайдын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөх, 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2018-2020 онд Монгол Улсын Их Хурлын Цахим бодлогын түр хорооны дарга, 2020 оноос  Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.

 

Баттогтохын Чойжилсүрэн: Эрчим хүчний сайдын албан тушаалд томилохоор танилцуулсан. Тэрбээр 1970 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 52 настай.  1988 онд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургуулийг тус тус төгссөн. Автоматикч телемеханикч мэргэжилтэй. 1993-1995 онд ОХУ-ын Екатеринбург хотын “СП-Каман” компанийн захирал, 1995-1999 онд “Хурд Ч” ХЭАА-н захирал, 1999-2005 онд “Хурд Хүнс” ХХК-ийн захирал, 2005-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Дэд дарга, 2008 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайд, 2017-2020 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.

 

Даваажанцангийн Сарангэрэл: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд томилохоор танилцуулсан. Тэрбээр 1963 онд Улаанбаатар хотод төрсөн, 59 настай. 1979 онд Нийслэлийн 57 дугаар сургууль,  1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникум, 1990 онд ЗХУ-ын Ростов хотын Улсын  Их сургууль, 2005 онд ОХУ-ын Москвагийн Их сургуулийг тус тус төгссөн. Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн ухааны магистр зэрэгтэй. 1982-1985 онд Монголын радио, телевизийн улсын хорооны харьяа гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборант, 1990-1992 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор, ахлах редактор, 1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч, 1993-2003 онд Монголын үндэсний телевизийн “ММ агентлаг”-т хариуцлагатай редактор, ерөнхий редактор, захирал, 2003-2005 онд “ТВ5” телевизийн ерөнхий захирал,  2005-2010 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч, 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга, 2012 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн,  2016-2017 онд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, 2017-2020  онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд, 2020-2021 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар  ажиллаж байсан.

 

Хаянгаагийн Болорчулуун: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн сайдын албан тушаалд томилохоор танилцуулсан. Тэрбээр 1964 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 58 настай.  1982 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль, 1987 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг тус тус төгссөн. Агрономч мэргэжилтэй. 1987-1990 онд Дорнод аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн, 1990-1992 онд Дорнод аймгийн Булган суманд агрономич, 1992-1997 онд "Хишиг аж ахуй" ХХК-ийн захирал, 1997-2012 онд "Дорнод гурил" ХХК-ийн захирал, 2012 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2019 оноос Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байна.

 

Сандагийн Бямбацогт: Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд томилохоор танилцуулав. Тэрбээр1974 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 48 настай. 1992 онд Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн 2 дугаар  сургууль, 1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын их сургууль, 2014 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг  тус тус төгссөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Эдийн засаг, бизнесийн удирдлага болон хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 1998-2000 онд “Ховдын өргөө” ХХК-ийн ерөнхий менежер, 2000-2008 онд “Нью прогресс” ХХК-ийн ерөнхий захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2008 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012-2016 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга, дарга,  2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Хууль зүй, дотоод хэргийн сайд,  2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2020 оноос Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.