АТГ: Мөнгө угааж лондонд авсан дөрвөн тэрбум гаруй төгрөгийн байрыг улсад буцаан авчээ

449

Авлигатай тэмцэх газраас 2021 онд оффшор бүсээр дамжин үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан 20 орчим тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. Дээрх асуудлуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учраас тухайн үед тодорхой мэдээлэл өгч байгаагүй юм. Тэгвэл Монгол Улс анх удаа гадаад улсаас хулгайлагдсан хөрөнгийг буцаан оруулж ирсэн талаар тус газраас мэдээллээ. Энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд бусдаас их хэмжээний хахуулийг оффшор бүсээр дамжуулан авч, Лондон хотын төвд дөрвөн өрөө байр болгон мөнгө угаасан гэмт үйлдлийн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар хэлэлцэж шүүгдэгчид ял оногдуулсан байна. Мөрдөн байцаалтын явцад тухайн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсад хохирол учруулсан дөрвөн тэрбум 347 сая 312 мянга 050 төгрөгийн үнэ бүхий Лондон дахь үл хөдлөх хөрөнгө эргүүлэн өгчээ.

Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Хэргийн холбогдогч нь Төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан буюу нийтийн албан тушаал хашиж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлж түүнтэй өндөр дүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж 1175372 фунт стерлинг буюу дөрвөн тэрбум 347 сая 312 мянга 050 төгрөгийн хахуулийг өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдийн Их Британийн Виржиний аралд үүсгэн байгуулсан буюу оффшор компанийн Бүгд Найрамдах Латви улс дахь банкны данснуудаар авсан. Энэ гэмт хэргийг үйлдэж олсон мөнгө, орлого буюу дөрвөн тэрбум гаруй төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор мөн өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр 110 м.кв талбай бүхий дөрвөн өрөө байр худалдан авч, мөнгө угаасан байсныг АТГ-ын мөрдөгчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, “Asset recovery” буюу хулгайлагдсан хөрөнгийг улсад эргүүлэн авчирсан. Хэргийн холбогдогчоос мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа эхэлмэгц шууд мэдүүлэг аваагүй. Харин холбогдох мөрдөн шалгах ажиллагаанууд явуулсны дараагаар түүнээс нотлох баримтад тулгуурлан мэдүүлэг авахад тэрбээр үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч Лондон дахь үл хөдлөх хөрөнгөө эргүүлэн өгсөн. Шүүхээс хэргийн холбогдогчийг гэмт буруутай гэж үзэн ял оноож шийдвэрлэсэн" гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 80 (6812)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.