Б.Буянтогтох: Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 1.8 хувь нь нэн хүнд байна
Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар долоо хоног бүрийн баасан гарагт /2021.10.15/ өгдөг ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Б.Буянтогтох эмнэлгийн орны зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Эрүүл мэндийн сайдын тушаалаар эрүүл мэндийн яам, нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтраад ор зохицуулах багийг гаргасан. Энэ баг ажиллаад 10 гаруй хонож байна. Өмнө нь УОК-т ажиллаж байсан бол одоо ЭМЯ-нд байрлаад ажиллаж байна. Орны нэгдсэн зохион байгуулалтад орсноор улаан эрэмбийн ангиллын хүмүүс буюу эмнэлэгт хэвтэх нэн шаардлагатай хүмүүс хэвтэх боломжоор бүрэн хангагдсан. Бид одоо эмнэлгийн тусламж нэн шаардлагатай хүмүүст тусламж үйлчилгээг хангалттай үзүүлж чадаж байна.Халдвар авсан иргэд эмнэлэгт хэвтэхийг хүсэж байгаа гэдэг нь ойлгомжтой байна.
Улсын хэмжээнд эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүмүүсийн 30-аас дээш хувийг нь эмнэлэгт хэвтүүлсэн. Энэ статистик олон улсад 1-3 хувьтай байгаа. Тэгэхээр бид хамгийн багадаа 10-15 хувийн хэвтэн эмчлүүлэлтийг илүү хийж байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ковид-19-ээр өвдсөн 20 мянга орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүмүүсийн 1,8 хувь нь нэн хүнд, 11 орчим хувь нь хүнд байна.
Дэлхий дахинд бол эрчимт эмчилгээ хийх шаардлагатай хүмүүс болоод хүнд хүмүүсээ л эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа. Харин Монгол Улсад бол хүнд, хүндэвтэр, хөнгөн гэсэн ангиллуудаа бүгдийг нь хэвтүүлж байна" гэлээ.