Цахим гаваа таслан машин хулгайлж байсан хөвгүүд хүний амь бүрэлгэжээ
Эрүүгийн хэрэгт холбогдсон зарим яллагдагчид хилээр гарахыг хориглох, тодорхой хүнтэй уулзахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авдаг болсон. Ийм таслан сэргийлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)- ынхан хэрэгжүүлж, яллагдагч нарт хяналт тавих үүрэгтэй юм. Гэвч хяналт сул, цахим гав хугацаандаа худалдан аваагүйгээс зарим яллагдагч таслан сэргийлэх арга хэмжээгээ зөрчих, шүүхээр шийтгүүлсэн хүмүүс ял завших боломж олгож байгаа гэхэд хилсдэхгүй.
Тэгвэл өнгөрсөн ням гаргийн шөнө Сүхбаатар дүүргийн нутаг, 100 айлын уулзвар орчимд цахим гав зүүж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ шүүхээр авхуулсан 17 настай хөвгүүд хүний амь бүрэлгэлээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутгаас удаа дараа автомашин хулгайлсан хэрэгт холбогдон шалгуулж байсан О.П, Б.А нарт Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжаар тодорхой хүмүүстэй уулзах, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч, цахим гав зүүсэн байж. Гэтэл дээрх хөвгүүд 100 айлын уулзвар дахь “Өвөрмонгол” рестораны гаднаас автомашин хулгайлж байгаад эзэнд нь үйлдэл дээрээ баригдсан аж. Улмаар уг машины эзэн 26 настай настай залуугийн амийг хөнөөн тээврийн хэрэгслийг нь жолоодон зугтсан байна. Энэ үедээ урсгал сөрж, гэмт үйлдлийг нь таслан зогсоохоор ажиллаж байсан цагдаагийн болон өөр цөөнгүй автомашиныг санаатайгаар мөргөж зугтсан гэнэ. Тэд ийнхүү гэмт хэрэг үйлдэхдээ цахим гаваа тасалсан байсан нь ч тодорхой болжээ. Өдгөө тэднийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хориод байна.
ШШГЕГ-ын удирдлагууд өндөр үнээр “Ниссан Патрол” загварын олон автомашин худалдан авч унаж буй тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа. Мөн цөөнгүй дарга нь гадаад улсад томилолтоор явсан тухай мэдээлэл ч бий. Ингэж олон автомашин авч унаж байхаар нэгийнх нь үнээр цахим гаваа худалдан авч, шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг биелүүлэх үүргээ хууль ёсоор хэрэгжүүлээсэй. ШШГЕГ-ын алба хаагчид хяналтаа хууль ёсоор тавиагүйгээс таслан сэргийлэх арга хэмжээгээ зөрчсөн яллагдагч хөвгүүд хүний аминд хүрсэн явдалд тусбайгууллагынхандхариуцлага тооцох ёстой бус уу, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр аа!
https://www.unuudur.mn/a/278590
