БНХАУ-ын Төвөдийн ӨЗО тайван замаар чөлөөлөгдсөний 70 жилийн ойг тэмдэглэв
Төвөдийн Өөртөө Засах Орон (ӨЗО) тайван замаар чөлөөлөгдсөний 70 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг БНХАУ пүрэв гарагт зохион байгууллаа. Төвөдийн ӨЗО-ы төв Лхас хотод болсон уг арга хэмжээнд тус улсын өнцөг булан бүрээс ирсэн 20 мянга гаруй хүн оролцсон байна. БНХАУ-ын дарга, Хятадын Коммунист Намын (ХКН) Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Цэргийн төв комиссын тэргүүн Ши Жиньпин уг арга хэмжээнд зориулсан ёслолын самбарт “Үзэсгэлэнтэй, аз жаргалтай Төвөдийг цогцлоон байгуулж, нийт үндэстнээрээ сэргэн мандах аугаа мөрөөдөлдөө хамтдаа хүрцгээе” гэж бичжээ.
Арга хэмжээний эхэнд БНХАУ-ын төрийн далбааг мандуулж, арга хэмжээнд оролцогчид төрийн дууллаа дуулцгаажээ. Мөн ХКН-ын Төв хороо, Ардын их хурлын Байнгын хороо, Төрийн зөвлөл, Хятадын Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн (УТЗЗ) Үндэсний хороо болон Цэргийн төв комиссоос илгээсэн баярын захидлыг уг арга хэмжээний үеэр уншиж танилцуулсан байна.
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн бөгөөд Хятадын УТЗЗ-ийн Үндэсний хорооны тэргүүн Ван Ян уг арга хэмжээнд биечлэн оролцож, үг хэлжээ. Төвөдийг 1951 онд тайван замаар чөлөөлсөн нь “Хятадын ард түмнийг чөлөөлж, Хятадын улсыг нэгтгэх үйлсийн хувьд томоохон ялалт” байсан гэж тэрбээр хэлээд, энэхүү үйл явдал нь Төвөдийн хувьд эрин үеийн чухал ач холбогдолтой түүхэн шилжилт болсон гэж цохон тэмдэглэсэн байна. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Тэр цагаас хойш Төвөд нь харанхуйгаас гэрэл гэгээ рүү, хоцрогдлоос дэвшил рүү, ядуурлаас хөгжил цэцэглэлт рүү, автократаас ардчилал руу, хаалттай байдлаас нээлттэй байдалд хүрэх зам руугаа орсон. Өдгөө хөгжин цэцэглэж буй, социалист, шинэ Төвөд нь дэлхийн дээвэр дээр өндрөөс өндөрт, бат зогсож байна” гэжээ.
Хуучин Төвөдөд харгис феодалын хамжлагат ёс хэрэгжиж байв. Харин социалист тогтолцоо болон ӨЗО-ы автономит засаглалд шилжсэнээр Төвөд дэх үндэстний цөөнхүүд бүгд төр засгийн хэрэг болон өөртөө засах орны хэргийг удирдахад тэгш оролцох эрх бүрэн хангагдсан байна.
Өдгөө Төвөдөд Ардын их хурлын 35 мянга гаруй төлөөлөгч, Хятадын УТЗЗ-ийн Үндэсний хорооны янз бүрийн түвшний 8000 гаруй гишүүн байгаа бөгөөд тэдний 90 хувь нь үндэстний цөөнхийн бүлэгт хамаарах хүмүүс байна гэж Ван Ян хэлэв.
Өмнө нь Төвөдийн ард иргэд газар тариалан болон мал аж ахуйд найдаж амьдардаг, тэнд аж үйлдвэр байхгүй байсан бөгөөд Синин болон Лхас хотын хооронд ирж очих гэж зургаан сар гаруйн хугацаа зарцуулдаг байжээ.
1951 онд ердөө 130 сая юань байсан Төвөдийн ӨЗО-ы ДНБ нь 2020 онд 190 тэрбум юань болж эрс өсжээ. Хятад улсын 13 дугаар таван жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн хугацаанд буюу 2016-2020 онд Төвөд нь 160 сая орчим жуулчин хүлээн авсан байна. Одоо Төвөдийг Хятад улсын бусад бүс нутаг болон дэлхий улс орнуудтай холбосон 140 нислэг үйлдэж байна.
Хуучин Төвөдөд ард иргэдийнх нь 90 гаруй хувь нь амьжиргаагаа залгуулах гэж цаг наргүй зүтгэдэг, 95 хувь нь бичиг үсэг тайлагдаагүй байжээ. Харин өнөөдөр өлсгөлөн, ядуурал гэх мэт асуудал нь Төвөдийн бүх үндэстэн ястны хувьд түүх болж үлдсэн бөгөөд өдгөө Төвөдөд нэг хүнд ногдох талбайн хэмжээ нь 40 орчим хав.дөр.метр байна. Үүний зэрэгцээ тус ӨЗО даяар боловсролыг 15 жилийн хугацаанд үнэгүй эзэмшүүлэх буюу цэцэрлэгээс ахлах сургууль төгстөл үнэ төлбөргүй боловсролоор хангадаг болсноор олон жилийн турш тулгамдсан асуудал болоод байсан сургууль завсардалтыг эцэслэж чаджээ. Төвөдөд дундаж наслалт 1951 онд 35.5 жил байсан бол өдгөө 71.1 жил болж уртассан байна.
Мөн Төвөдийн эв нэгдлийг Ван Ян онцлон тэмдэглээд, Далай лам болон харийн дайсагнагчдын явуулдаг байсан салан тусгаарлах, хорлон сүйтгэх үйл ажиллагаануудыг таслан зогсоосон гэжээ. Мөн БНХАУ-ын Төв Засгийн газар нь Төвөдийн уламжлалт ёс заншлыг хадгалах, хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт, хөрөнгө мөнгө зарцуулсаар байгаа аж.
Тус ӨЗО-д төвөд хэлийг өргөнөөр ашиглаж байна. Гэсэр хааны тууж тэргүүтэй үнэт, сонгодог бүтээлүүдийг хадгалж, танка буюу шүтээн зураг зурах уламжлал, төвөд дуурь, төвөд уламжлалт эмчилгээ гэх мэтийг Соёлын биет бус өвийн жагсаалтад оруулсан байна. Түүнчлэн Төвөдийн бүх үндэстний цөөнхийн шашны итгэл үнэмшлийг бүрэн хүндэтгэж буйг Ван Ян хэлэв. Төвөдийн 1700 гаруй сүм хийд ус, цахилгаан, интернет, галын дохиололд бүрэн холбогдоод байна. Нийт 46 мянган лам хувраг болон хандмаа нар засгийн газраас хэрэгжүүлж буй нийгмийн хамгааллын хөтөлбөрт хамрагдаж байна. Потала ордон тэргүүтэй сүм хийдүүд болон бусад газрыг шинэчлэн засварлаж, хамгаалалтад авсан байна.
ХКН-ын 18 дугаар их хурлаас хойш Төвөдийн шинэ эрин үе эхэлж, тус ӨЗО урьд урьдынхаас илүү хурдацтай хөгжиж, томоохон өөрчлөлт хийж, ард иргэдийн аж амьдрал нь эрс дээшилжээ. Төвөд нь Хятад улсын муж болон ӨЗО-ууд дотроо ДНБ-ий жилийн дундаж өсөлтөөр эхний гуравт орж, хөдөөгийн оршин суугчдын дундаж орлогын өсөлтөөр олон жил тэргүүлж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд 628 мянга орчим иргэн ядуурлаас ангижирсан байна. “Төвөд нь манай улс орны бусад мужийн адил бүх талаараа цэцэглэн хөгжсөн дундаж давхарга бүхий нийгмийг цогцлоон байгуулах зорилтод хүрсэн” гэж Ван Ян хэлжээ.
Төвөдийн ӨЗО нь эдийн засаг болон нийгмийн хөгжлөө ахиулах түүхэн шинэ гарааны цэгт хүрснийг Ван хэлээд, ХКН-ын удирдлагыг үргэлж дагаж, Хятадын онцлогтой социализмыг байгуулах замаар тууштай алхах шаардлагатай бөгөөд ингэснээр илүү их хөгжил цэцэглэлтэд хүрч чадна гэж онцлон тэмдэглэсэн байна. Мөн тэрбээр хятад хэлний ярианы болон бичгийн стандартыг заах, хятад үндэстний соёлын бэлгэдэл болон ёс заншлыг бүх үндэстний цөөнх дунд түгээн дэлгэрүүлэх талаар бүх талын хүчин чармайлт гаргахыг холбогдох албаны хүмүүс уриалжээ.
Тэрбээр цааш нь ярихдаа “Хүн төвтэй хөгжлийн философийг баримталж, эдийн засаг болон нийгмийн өндөр чанартай хөгжлийг улам бүр ахиулах хэрэгтэй. Төвөдийн хөгжилд оруулах ХКН-ын Төв хорооны дэмжлэг туслалцаа цаашид улам бүр нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй” гэсэн байна.