Монгол Улс дараагийн Израиль болоход ойрхон байна
Дэлхий дээр ганцхан улсын иргэд маскаа тайлж эхлэв. Тэр нь Изриаль. Тус улс 8.6 сая хүн амтай, манайхаас 2.8 дахин их. Изриаль нийт хүн амынхаа 60 хувийг коронавирусийн вакцины бүрэн тунд хамруулж, хэвийн амьдралдаа шилжиж байна.
Хоёр сарын хугацаанд нийт хүн амынхаа 60 хувийг дархлаажуулснаар Изриаль улс өдөрт илрэх халдварын тоог 40-50 дахин бууруулж чаджээ. Тодруулбал, гуравдугаар сард өдөрт илрэх халдварын тоо 5000 давж, 30-40 хүн нас барж байв. Яг өнөөдрийн Монгол Улсын нөхцөл байдалтай ойролцоо ижил түвшинд байсан гэсэн үг. Одоо тус улсад өдөрт илрэх халдварын тоо 70-80 болж, нас баралт 0 болжээ. Энэ бол хүн амаа вакцинжуулсны бодит үр дүн. Өнөөдрийн байдлаар тус улсад халдвартай 1.7 мянган иргэн эмнэлэгт эмчлүүлж, халдвар авсан 831 мянган иргэн нь бүрэн эдгэрээд байгаа ажээ. Иргэдийнхээ 60-аас дээш хувийг бүрэн дархлаажуулсан Ираиль улс хилээ нээж, эдийн засгаа сэргээх ажилдаа ханцуй чамлан ороод буй.
Тэгвэл Монгол Улсад дараагийн Израиль болох, халдварын тоог хоёр оронтой тоо руу, нас баралтыг 0 болгож, эдийн засгаа сэргээх боломж байна. Манай улсын хувьд 18-аас дээш насны 2.1 сая иргэн буюу нийт хүн амынхаа 65 хувийг вакцинд хамруулахаар зорьж буй. Өнөөдрийн байдлаар 1.7 сая иргэн коронавирусийн вакцинд хамрагдсанаас 55 орчим хувь нь нэгдүгээр тунд, 30 орчим хувь нь хоёрдугаар тундаа хамрагдаад байна. Засгийн газрын татан авсан вакцины нөөц, боловсон хүчний чадавхаа харахад ирэх зургадугаар сар гэхэд зорилтот түвшнээ бүрэн дархлаажуулах боломжтой. Одоо иргэдийн идэвх хамгийн чухал нөлөөтэй. Вакциндаа хамрагдаагүй иргэн та нэг өдрийн өмнө ч болтугай үүргээ ухамсарлан, өөрт ойрхон цэг дээр очиж вакцинаа хийлгэхийг дахин нэг сануулъя.
Вакцины хангалттай нөөц байхад иргэдийн идэвх суларвал вакцинжуулалтын үр дүн гаргахгүй, халдварын тоо өсөөд байвал иргэн, ААН-ийн бизнесийн болон бусад үйл ажиллагаа хязгаарлагдана, бид ковидгүй зуныг үзэж чадахгүй гэдэг нь гашуун үнэн.
Монгол Улсын Засгийн газар зорилтот 2.1 сая иргэнээ дархлаажуулахаар 3-4 сонголттой вакциныг татан авч, вакцинжуулалтыг идэвхжүүлэхээр мөнгөн урамшуулал хүртэл олгож байна. Гэтэл өнөөдөр дэлхийн зарим улс сонголттой нь битгий хэл вакцин олдохгүй, хүн амаа дархлаажуулж чадахгүй сууна. ӨАБНУ, Украин, Вьетнам, Тайвань зэрэг улсад вакцин олдохгүй байгаагийн улмаас дархлаажуулалт зогсонги байдалд байх жишээтэй. Тэгэхээр Монголчууд бид вакцины асуудал дээр харин ч төр засагтаа талархаж, олоод аваад ирснийг голж шилэлгүй, эрдэмтдийн хэлснээр “олдож байгаа сайн вакцин”-аа уралдан хийлгэх нь иргэний үүрэг, ухамсрын асуудал боллоо.
Хэдий вакцин хийлгэх, хийлгэхгүй нь иргэний эрхийн асуудал ч гэлээ таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдгийг санаж, гэр бүл, хайртай дотны хүмүүс, найз, нөхөд, хамт олноо эрсдэл оруулахаас сэргийлж хүн бүр вакцинаа хийлгэе. Урин дулаан цагийг угтаж дотоод, гадаад хилээ нээж, #КовидгүйЗуны төлөө иргэн бүр хүчээ нэгтгэн, вакциндаа хамрагдахыг уриалж байна.