Шинэ Засгийн газрын анхны бэлэг Шатахууны үнэ

895


МАН-ын УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, парламентад үнэмлэхүй олонх болмогцоо шатахууны үнийг нэмж иргэддээ бэлэг барив бололтой. Уг нь өнгөрөгч тавдугаар сард Шатахууны хангамж, үнэ тарифыг тогтворжуулах, хяналт тавих Үндэсний зөвлөл хуралдаж, тодорхой хугацаанд үнэ нэмэхгүй хэмээж байсан. Тэр байтугай тухайн үед УУХҮ-ийн сайд бөгөөд зөвлөлийн дарга Д.Сумъяабазар, зөвлөлийн бүрэлдэхүүн болох МҮЭХ, МАОЭНХ, АМГТХЭГ, ШӨХТГ, ЗТЯ, ХЭАХН, Сангийн яам, ТЕГ, МХЕГ, ГЕГ, Шатахуун импортлогч компаниуд зэрэг байгууллагын төлөөлөл нэгдэн дараах зөвлөмжийг гаргаж байв.
  1. Шатахууны хангамж, үнэ тарифыг бууруулах, тогтворжуулах талаар дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн бууралттай холбоотойгоор шатахууныг энэ сараас дахин бууруулах /ингэхдээ 100 орчим төгрөгөөр хямдруулах/, цаашид 6 сарын хугацаанд дэлхийн зах зээл дээр үнэ нь өссөн ч жишиг үнийг тогтвортой барих;
  2. 2014 оноос хойш шатахууны жижиглэнгийн үнийн тооцооллын жишиг буюу ААН-үүдын зардлын өртөгийг цалин хөлс, валютын ханшийн өсөлт зэргийг харгалзан литр тутамд дунджаар 5 хүртэл төгрөгөөр нэмэгдүүлэх;
  3. Шатахууны үнийг дахин хямдлах болж байгаа тул үүнийг даган өссөн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг бууруулах ажлын баг байгуулахаар боллоо.
Үүний дараахан Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэл хийхдээ "Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай уялдан шатахууны импортын хил үнэ 2020 оны 1 сард хамгийн оргил үе буюу 630-646 ам.доллар/тн байсан бол 2020 оны 5 дугаар сард шатахууны хил үнэ өмнөх сартай харьцуулахад 98-158 ам.доллараар буурсан. ОХУ-ын “Роснефть” компаниас манай улсад нийлүүлж буй хил үнэ буурсантай холбогдуулан шатахууны худалдаа эрхлэгч компаниуд 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн А-80 автобензин 30 төгрөгөөр, Аи-92 автобензин 45-95 төгрөгөөр, дизелийн түлш 0-120 төгрөгөөр, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс А-80 автобензин 300 төгрөгөөр, Аи-92 автобензин 300 төгрөгөөр, дизелийн түлш 190-310 төгрөгөөр, 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс А-80 автобензин 50 төгрөгөөр, Аи-92 автобензин 80-100 төгрөгөөр, Аи-95 автобензин 200 төгрөгөөр, дизелийн түлш 160 төгрөг буюу нийт дүнгээр А-80 автобензин 380 төгрөг, Аи-92 автобензин 475 төгрөг, Аи-95 автобензин 440 төгрөг, дизелийн түлш 590 төгрөгөөр тус тус буурч өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт жижиглэнгийн борлуулалтын дундаж үнэ: А-80 автобензин-1350 төгрөг, Аи-92 автобензин - 1360 төгрөг, Аи-95 автобензин 1800 төгрөг, дизелийн түлш - 1990 төгрөг байна хэмээн сүржигнэж байлаа. 
Харамсалтай нь дээрх зөвлөмж, үнэ буусан гэх мэдээлэл зэрэг нь ердөө л МАН-ын сонгуулийн шоу, сонгогчдын саналыг авах гэсэн башир арга байсан бололтой. Нөгөө талаар төр, засаг шатахуун импортлогчдынхоо дураараа занг хазаарлаж чадахгүй, харин ч бүр хараат болчихсон нь илэрхий боллоо.   
Учир нь, өнгөрөгч амралтын өдрүүдэд шатахуун импортлогч томоохон аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмжээ. Тодорхой хугацаанд АИ-92 шатахуун 1380-1400 төгрөгийн хэлбэлтэйгээр борлуулагдаж байсан бол өдгөө 1450 буюу 50 төгрөгөөр нэмжээ. Тухайлбал, нийслэлд “Сод Монгол” ШТС АИ-92 1450, АИ-95 2000 төгрөг байгаа бол “Петровис” ШТС-уудынхаа байршлаас шалтгаалан АИ-92 болон Дизель түлшний үнээ 20-50 төгрөгөөр нэмсэн байна. Мөн Магнай трейд буюу МТ ШТС-уудад бүх төрлийн шатахууны үнийг 50 төгрөгөөр нэмжээ.
Дээрх нэр бүхий импортлогчид нь энэ салбартаа тэргүүлэгчид буюу томоохонд тооцогддог аж ахуйн нэгж. Гэтэл жижиг буюу цөөн ШТС-тай компаниуд шатахууны үнийг хэвээр байлгаж байгаа аж. Тухайлбал, “Мон суль”, “Аргал ойл” зэрэг ШТС-ууд өмнөх буулгасан үнээр борлуулалтаа хийж байна.
Энэ нь шатахууныг хямд үнээр борлуулах боломжтойг харуулж байна гэсэн үг. Хуулиас дээгүүр авирладаг шатахуун импортлогчид төр, засгийн тушаал шийдвэрийг ч үл тоон ийн иргэдийн нуруун дээр улам бүр ачаа нэмж байгаатай чухам хэн хариуцлага тооцох вэ. Хариултыг хэнээс хүлээх вэ. Шинэ Засгийн газар нэгэнт эдийн засгийн хүнд байдалд орсон иргэдээ дахин шатахууны үнээр дарамталж бусад бараа бүтээгдэхүүний үнийг ч бас нэмүүлэхээр зэхэж байгаа хэрэг үү.
Эх Сурвалж: Erennews.mn 
http://erennews.mn/article/36577скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.