Хар дарсан МАНАН дундах ҮХЦ-ийн хуралдааны тэмдэглэлээс-3
Сонгуулийн хуулийн маргаантай заалтаар ҮХЦ-д хандаж мэдээлэл гаргаад 112 хоногийн дараа шийдвэрлэв. Цэц өнгөрсөн арванхоёрдугаар сард парламентаас баталсан УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хуульд нийцсэн гэж дүгнэв. Мэдээлэл гаргагчийн хувьд томилгооны хараат албан тушаалтан томилогчийнхоо шийдвэрийг дагах зүй тогтол энд давтагдлаа гэж дүгнэлээ. Ингэснээр Монгол Улсад Сонгуулийн хуулиар Эрүүгийн хуульд заасан “эрх хасах” ял оноодог боллоо. Хар дарсан МАНАН дундах ҮХЦ-ийн хуралдааны тэмдэглэлийн дэлгэрэнгүй протоколыг хүргэж байна.
Өмнөх нь ХАР ДАРСАН МАНАН ДУНДАХ ҮХЦ-ИЙН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС-1, Хар дарсан МАНАН дундах ҮХЦ-ийн хуралдааны тэмдэглэлээс-2
Т.Аюурсайхан: -За гомдол гаргагчдаас удаа дараа давтагдаад байгаа асуудал дээр нэмэлт тайлбар гаргах нь зүйтэй гэж бодож байна. Энэ бол Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 06 дугаар дүгнэлтийн тухай өөрийнхөө тайлбар дээрээ нэмж тайлбарлахад тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 27.4.3 дахь заалтад заасан ялгүй байх гэсэн заалт нь 2019 оны УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.8 дахь хэсэгт заасан “авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалт хоёр бол утга агуулгынхаа хувьд өөр заалтууд байгаа. 2008 оны 06 дугаар дүгнэлтийг Д.Лүндээжанцан гишүүн энэ талаар бас тодорхой мэдээлэл өгсөн. Улс төрд нөлөө бүхий албан тушаалтан буюу сонгогдож, сонгогдсоныхоо үр дүнд одоо маш тодорхой байдлаар эрх мэдлээ буруугаар ашигладаг. Өөрөөр хэлбэл, албан тушаалын гэмт хэрэг үйлддэг, авлигын гэм хэрэг үйлддэг асуудлуудад орооцолдох нөхцөл байдал үүсч болзошгүй байдаг. Энэ нь амьдрал дээр харагдаж байгаа. Улсын Их Хуралд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, бусад шийдвэр гаргахад албан тушаалын эрх мэдлийн байдалтайгаа холбогдуулж нөлөөлөх асуудлууд цөөнгүй гарах болсон. Тэгээд үүнтэй холбоотойгоор үндсэндээ төрд итгэх итгэл ялангуяа, төрийн эрх барих дээд байгууллагад итгэх итгэл, төрийн бусад институтэд итгэх итгэл их буурч байгаа. Бид Үндсн хуулиар эрх зүйн орчныхоо суурийг тогтоож, бусад хууль тогтоомжуудаар үүнийгээ бататгаж өгч байгаа. Тиймээс мэдээж хүний эрх, эрх чөлөөний асуудал байна. Гэвч хүн болгон нийгэмд хариуцлагатай, үүрэгтэй байх ёстой. Сонгох, сонгогдох эрхийн асуудал бас яригдаж байгаа. Тэр нь хүн болгон хуульд заасан насанд хүрээд сонгох эрхтэй байдаг. Гадаадад байгаа иргэдийн хувьд сонгох эрхийн талаар Ц.Шаравдорж гуай хэллээ. Ер нь сонгуулийн төв байгууллагын бидний асуусан асуултад хариулж байгаа байдал, удаа дараа өгч байгаа мэдээлэл бол улс нэг тойрог гэдэг системээр явбал өөрөөр хэлбэл, ерөнхийлөгчийн сонгууль, цаашдаа Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд холбогдох заалт орвол гадаадад байгаа иргэдийн саналыг авах техникийн болон үйл ажиллагааны хувьд боломжтой. Харин олон тойрогт болохоор түүнийг удирдан зохион байгуулж, саналыг нь хуульд заасны дагуу маргаангүйгээр, асуудалгүйгээр хүн болгоныг оролцуулах байдлыг хангах асуудал хүндрэлтэй байдаг гэж тайлбарладаг.
Г.Давааням: -Би Т.Аюурсайхан гишүүнээс юм асууя гэж бодоод байна. Нэр дэвших хүний сонгогдох эрхийг ял эдэлсэн бол гээд хасаад байгаа. Сонгох эрхийг хасна гээд хасаад байгаа. Нэгдүгээрт, Үндсэн хуульд бол хүний сонгогдох эрхийг хасдаг хууль ер нь байна уу. Үйлчилж байгаа юм уу. Хоёрдугаарт, хүний сонгогдох эрхийг хасна гэдэг ер нь одоогийн энэ хуулиар бол ерөөсөө насан туршид нь хасаад байна шүү дээ. Хүний эрхийг хасна гэдэг чинь ял биз дээ. Хүнийг сонгох эрхгүй болгоно гэдэг нь ял юм биш үү. Та үүнийг юу гэж үзэж байгаа, тайлбар өгнө үү?
Т.Аюурсайхан: -Үндсэн хуульд заасан сонгогдох эрхийг хязгаарлах заалтуудыг ял гэж үзэхгүй. Ялын ойлголтыг Эрүүгийн хууль холбогдох бусад хууль тогтоомжоор тодорхойлсон. Тийм учраас сонгогдох эрхийг хязгаарлах гэдэг ял байхгүй. Тийм учраас хууль тогтоомжийнхоо хүрээнд энэ бол ял биш. Хүний эрхийг дордуулах гэж ярьж байгаа. Учир нь авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүн сонгуульд нэр дэвших эрхгүй.
Л.Мөнхсайхан: -Надад 12 асуулт байна. Нэг нэгээр нь тавиад хариулчих уу. Эсвэл би эхлээд асуултуудаа тавиад та тэмдэглэж аваад хариулах юм уу. Товч, товч хариулт авах гээд байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 06 тоот дүгнэлт хүчин төгөлдөр гэж Та ярилаа. Би тэгж зөв ойлгосон. Тэгж сонссон. “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 06 дугаар дүгнэлт одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм гэж та хэлж байгаа учраас үүнийг надад юу гэж ойлгож байгаагаа тайлбарлаад өгөөч. Нэгдүгээр асуулт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийн улс төрийн эрх буюу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхийг ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлаж байгаагаа Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна гэсэн. Үүнийг та хүлээн зөвшөөрч байна гэж ойлгох уу.
Т.Аюурсайхан: -Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 06 дугаар дүгнэлт хүчин төгөлдөр үйлчилж байгаа боловч “ялгүй байх” гэдэг хуульд заасан ойлголт. Өөрөөр хэлбэл, ялтайд тооцох хугацаа гэсэн зохицуулалт 2015 онд шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулиас хасагдсан байгаа. Тиймээс өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд ялтай байх гэдэг ойлголтыг би танд тайлбарлах боломжгүй байна.
Л.Мөнхсайхан: -Дараагийн асуулт: Давхар ял гээд байгаа. Давхар ял биш гээд байна. Татварын зөрчилтэй төрийн алба хааж байгаа зээлийн өртэй хүмүүсийг хязгаарлаж байгаа. Энэ бол үүнтэй адил хязгаарлалт юм. Давхар алба биш гэж Та тайлбарлаад байна. Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлийн эрх ашиг ялыг та ер нь юу гэж ойлгодог вэ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулиар Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан эрх хасах ялыг оноох гээд байгааг та юу гэж тайлбарлах вэ. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хууль нь Эрүүгийн хууль биш. Сонгуулийн хууль нь иргэний болон улс төрийн эрхийг зохицуулж байгаа харилцаа юм. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийн зорилго дээр “соён гэгээрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” гэсэн өгүүлбэр байхгүй юм. Гэвч та үүнийг яагаад давхар ял биш гээд байгаа юм бэ. Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлийг Та юу гэж ойлгож байгаа вэ. Эрх хасах ялыг тодорхойлсон. Би унших уу.
Ё.Бямбатогтох: -Уншиж өгөх үү.
Л.Мөнхсайхан: -За тэгье.
Ё.Бямбатогтох: -Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эсвэл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэлх хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ” гээд тодорхойлсон байна.
Л.Мөнхсайхан: -Сая хэлсэн. Хугацаагаар ажиллах эрхийг хассан зохицуулалтыг эрх хасах ял гэнэ гээд байгаа юм. Тэгэхээр та үүнийг харьцуулж хэлэхээрээ татварын өр, зээлийн өртэй байдал, тэр хүн өөрийн сайн дураараа төрийн албанаасаа гарахгүй төрийн алба хашаад явж байгаа харилцаанууд нь эрүүгийн харилцаа биш гэж би үзээд байна. Энэ бол эрүүгийн эрх зүйн харилцаа биш. Тэр хүн иргэнийхээ хувьд өр зээлгүй татварынхаа үүргийг иргэнийхээ үүргийг биелүүлэх ёстой юм.
Т.Аюурсайхан: -Үүнийг сонгогдох эрхтэй холбоотой ойлгох шаардлагатай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлага, хязгаарлалттай холбогдуулж тайлбарлах шаардлагатай гэж бодож байна. Тиймээс ял авсан хүнд давхар ял оногдуулж байгаа гэж ойлгож болохгүй.
Л.Мөнхсайхан: -За. Би хариултыг буруу байна гэж үзэж байгаа юм.
Ц.Шаравдорж: -Нэг зүйл байна. Би Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын эрхэм гишүүнийг хүндэтгэдэг. Улсын Их Хурлын нэгдсэн чуулган дээр “Би Үндсэн хуулийн цэц дээр аваад гарна” гэж хэлсэн. Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы үйл явцыг монголчууд бүгд харж байсан шүү дээ.
Т.Аюурсайхан: -Ийм зүйл огт хэлэгдээгүй. Энэ бол ташаа мэдээлэл байна.
Ц.Шаравдорж: -За баярлалаа. Бид өнөөдөр их чухал асуудлыг хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн халдашгүй байдал, түүний халдашгүй байдлыг хэрхэн хамгаалж явах тухай асуудлыг хэлэлцэж байгаа үнэхээр чухал юм. Ер нь би энд нэг, хоёр, гурван зүйлийг тодотгож хэлье. Үндсэн хуулийн цэцийн хуралдааны үед бид хэлэх үгээ хангалттай хэлсэн. Сүүлийн үед Монгол Улсын Үндсэн хуульд халдах халдлага бол Улсын Их Хурлаас эхтэйгээр явагдах боллоо. Энэ халдлагыг янз бүрийн хэлбэрээр хийж байна. Үүнийгээ үхэн хатан хамгаалж байна. Монгол Улсын Үндсэн хуулийг хамгаалах, түүний халдашгүй байдлыг хангах тухай асуудал үнэхээр чухал байна. Өнөөдөр гагцхүү үнэн зөв шийдвэр гаргаснаар энэ саяын миний хэлсэн зорилго биелэгдэнэ гэж бодож байна. Хоёрдугаарт, төрд итгэх итгэл үнэхээр суларсан нь үнэн. Авлига албан тушаалын хэрэг бол ноцтой. Гэхдээ өнөөдөр Улсын Их Хурлын гишүүд төрийн өндөр албан тушаалтнууд ер нь дуртай гэмт хэргээ үйлдэж хүн амь, хүчин танхай, улсын өмчийг идэж ашиглах явдал болохоо байлаа шүү дээ. Алуурчид, хүчиндэгчид, идэж ууж ашиглагчид, оффшорчид, ЖДҮ-чид бол Улсын Их Хуралд дахин сонгогдох юм байна. Иймэрхүү байдлаар асуудалд хандаж байгаа нь Монгол Улсын Их Хурал үнэхээр буруу ажиллаж байна гэдгийг зориуд хэлье.
Л.Мөнхсайхан: -Сүүлийн тайлбар нь яригдаж байна. “Иргэд мэдэхгүй сонгож магадгүй учраас бид ийм хязгаарлалтыг хийлээ” гэж Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьж байна. Улсын Их Хурлыг иргэд төрүүлдэг юм уу. Төрийн бүх эрх мэдлийн эх сурвалж нь иргэд, ард түмэн. Өөрөө ард түмнээсээ төрсөн байтал ард түмэн мэдэхгүй байж магадгүй учраас бид мэдээд хийлээ гэж. Энэ нь Үндсэн хуулийг зөрчсөн үйл ажиллагааг нь цагаатгах үндэслэл болохгүй. Улсын Их Хурал өнөөдөр хэмжээгүй эрхтэй хаан болсон. Бүх эрх мэдэл, төсөв хуваарилалт, тендер сонгон шалгаруулах, концесс бүгд байгаа. Бүх юм хараат. Шүүгч нарын томилгоо, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн томилгоо, Дээд шүүхийн сонсголууд, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудал бүх юм Улсын Их Хурал дээр төвлөрсөн.
Төрийн тогтолцооны гажуудлын нэг тод илрэл нь нэгэнт эрх мэдэл хүртсэн хүмүүс энэ байдлаа хамгаалахын тулд Монгол Улсын Үндсэн хуулийн зөрчлийн талаар гаргасан Цэцийн дүгнэлтийг үл тоож байгаа юм. Томилгооны хараат байдалд нь найдаж, дарамталж, айлган, сүрдүүлж энэ шийдвэрээ хамгаална гэж бодож байгаа юм.
Г.Давааням: -Т.Аюурсайхан гишүүнийг манай сонгогчдыг сохор, дүлий мэт байдлаар ард түмэн үнэнийг олж чадахгүй гэсэн агуулгаар тэгж дорд үзэж болохгүй байх гэж бодож байна. Т.Аюурсайхан гишүүн тиймэрхүү агуулга хандлагатай юм хэлчихлээ шүү дээ. Зурагт, сонин хэвлэлд ард түмэн чинь маш өргөн мэдээлэл авч байна. Тэдэнд ялган салгах ухамсар байна. Тийм хүмүүсийг яагаад тэгж сонгох эрхийг нь булаагаад байгаа юм бэ. Үүнийг бодох хэрэгтэй байх гэж бодож байна.
Т.Баярхүү: - Би өвөг дээдсийн минь захисан сайхан үг байдаг “явж байгаа хүнээр идээ бүү хураалгуул” гэж. Сүүлийн 30 жил бид дөрөв, дөрвөн жилийн хугацаатай орж, ирээд явдаг хүмүүсээр идээгээ хураалгуулсан байгаад ард түмэн чинь бүр туйлдаад нуруу нугас нь тасраад дууслаа. Т.Аюурсайхан өөрөө үүнийг миний их сонирхдог мөнгө санхүү талаас нь сонирхоод Оюутолгой энэ тэр дээр зөв тэмцээд байх шиг харагддаг. Энэ удаа бол Аюурсайхан минь залуу хүн цаашаа үнэхээр явъя гэвэл цаашдаа дэлхийд бий болсон ардчиллын түүх, сонгох, сонгогдох эрхтэй холбоотой, юмыг түрүүний тэр олонхийн цөөнхийн засаг гэдэг марзан юмаар биш сайн үз. Тийм яриаг чинь харахаар зургадугаар сарын 24-ний өдрийн дараа гишүүн болж тангаргаа өргөчихөөд үргэлжилсэн энэ их олон бусад хулгайч нартай тэмцэх гэж байгаа юм шиг супер hero шиг яриад байх юм. Тийм юм байхгүй Аюурсайхан. Цэцийнхэнд хандаж хэлэхэд явж байгаа хүмүүсээр идээ хураалгадаг хэчнээн олон явсан хүний гайт хуулиудын золиосыг ард түмэн төлөөд, та бүхэн ч гэсэн өнөөдөр Цэц гэдэг амьгүй юмны нэрийн хамаг юмыг нь дуулаад явж байгаа юм чинь ардчиллын суурь зарчим болсон сонгох, сонгогдох эрхийг та бүхэн минь хамгаалж, өөрсдийн биеэ тоосон хэдхэн хоногийн дараа байхгүй болох гэж байгаа хүмүүсийн идээ хуваалцаж байгаа хортой хүнсэнд нь битгий автагдаарай гэж та бүхэндээ хүсмээр байна. За баярлалаа.
Н.Чадраабал: -Хэнийгээ сонгох нь тэр хүний эрх шүү дээ. Сонгуульд нэр дэвшигч Үндсэн хуулиар баталгаажих хэрэгтэй. Үүнийг бодож Цэцийн шийдвэр мэргэн, зөв гарах байх гэж бодож байна.
Т.Аюурсайхан: -Улсын Их Хурлын дарга 2020 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн захирамжаараа намайг Цэцэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон. Яагаад томилж байгаа юм бэ гэж асуухаар төрийн байгуулалтын Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд байнгын хорооны санал болгосноор Улсын Их Хурлын дарга томилох эрхтэй гэдгээрээ томилгоо хийсэн.
Хуралдаан 09:30 цагт эхэлж 16:15 цагт дуусав.
Л.МӨНХСАЙХАН Өмгөөлөгч, доктор
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин