А.Энхжин: Төлбөрийн тэнцэл энэ онд 700-800 сая ам.долларын алдагдалтай гарахаар байна

790

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй ярилцлаа. 
-ОУВС-аас Монгол Улсад “Шуурхай санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр болж, энэ хүрээнд 99 сая ам.доллар орж ирнэ гэж байсан. Энэ санхүүжилт Монгол Улсад орж ирсэн үү, мөн та хэвлэлийн бага хурлын үеэр АХБ-аас 100 орчим сая ам.доллар орж ирнэ гэсэн. Тэгэхээр энэ он гарсаар ОУВС болон донор орнуудаас хэдий хэмжээний санхүүжилт орж ирээд байна вэ?
-ОУВС-ийн захирлуудын зөвлөл 6 дугаар сарын 3-нд болж, Монгол Улсад “Шуурхай санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэх шийдвэрийг гаргаснаар  6 дугаар сарын 4-нд тус хөтөлбөрийн дагуу  99 сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улсад шилжүүлсэн. АХБ-ны хувьд санхүүжилт нь үүнээс өмнө орсон. Тэгэхээр он гарсаар Монгол Улсад нийт 200 орчим сая ам.долларын санхүүжилт орж ирээд байна. Үүнээс гадна төсөл, хөтөлбөрийн хүрээнд орж ирж байгаа санхүүжилтүүд ч бий.
-БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацаа дуусах хугацаа ойртож байна. Хэлэлцээрийг сунгах ажил ямар ахиц, дэвшилтэй байна вэ?
-БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацаа энэ оны долоодугаар сарын сүүлээр дуусна. Монголбанкны зүгээс своп хэлцлийн хугацаа дуусах дөхсөнтэй холбогдуулан, хэлэлцээрийг сунгах талаар маш эрчимтэй хэлэлцээр хийж байна. Гэрээг сунгах ажлууд нэлээд урагштай байгаа. Монголбанкны зүгээс своп хэлцлийг сунгана гэсэн итгэлтэйгээр ажиллаж байна. Энэ асуудал тодорхой болсны дараа та бүхэнд мэдээлэл өгөх боломжтой. 
-Валютын нөөцийг нэмэгдүүлэхэд алтны салбарт нэлээд найдлага тавьж байх шиг байна. Энэ онд хэрвээ 23 тонн алт худалдаж авбал, гадаад валютын албан нөөц хэдий хэмжээгээр нэмэгдэх бол? Мөн цар тахлын хуулийн хүрээнд Монголбанк банкуудтай хамтран алтны компаниудад хөнгөлөлттэй санхүүжилт олгох асуудал багтсан. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Коронавируст цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх хууль батлагдсан. Уг хуулийн хүрээнд гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор дотоодын алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд Монголбанкнаас хөнгөлөлттэй санхүүжилт олгохыг үүрэг болгосон. Энэ дагуу Монголбанкны Ерөнхийлөгч болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар “Алт-2” хөтөлбөрийг эрчимжүүлэх болон Монголбанкнаас банкаар дамжуулан алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд олгох хөнгөлөлттэй санхүүжилтийн журмыг баталсан. Монголбанкны зүгээс УУХҮЯ, банкуудтай хамтраад, санхүүжилтийг олгож эхлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ долоо хоногтоо багтаад банкуудтай санхүүжилтийн гэрээ байгуулснаар санхүүжилтийг олгож эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр алтны санхүүжилтийг хэрэгжүүлснээр энэ онд 23 тонн алт олборлох боломжтой гэсэн. Энэхүү 23 тонн алт нь өнөөдрийн үнэ цэнээр 1.2 тэрбум ам.доллараар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлнэ. 
-Энэ хөтөлбөрийн хүрээнд компаниудад санхүүжилт олгохдоо ямар зарчим баримтлах вэ? Яг хэдий хэмжээний санхүүжилт олгохоор батлаад байгаа вэ?
-Алтны санхүүжилтийн хувьд УУХҮЯ-тай санал солилцсоны үндсэн дээр хоёр төрлийн санхүүжилт олгохоор болсон. Нэгдүгээрт, богино хугацаатай буюу 6 хүртэлх сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн санхүүжилт. Хоёрдугаарт, 24 хүртэлх сарын хугацаатай хөрөнгө оруулалтын санхүүжилт юм. Богино хугацаатай санхүүжилтийн хувьд энэ онд батлагдсан уулын ажлын төлөвлөгөөний нийт үнийн дүнгийн 30 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт олгоно. Энэ нь 24 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын санхүүжилтийн хувьд батлагдсан нийт нөөцийн үнийн дүнгийн 30 хүртэлх хувиар тооцно хэмээн журамд тусгаснаар тооцсон дүн юм. Үүнтэй нийцүүлэн, УУХҮЯ-аас санхүүжилт олгох боломжтой компаниудын жагсаалтыг гаргаснаар  тухайн компаниудад санхүүжилт олгоно. 
-Төгрөгийн ам.доллартай харьцах ханш он гарснаас хойш 3 орчим хувиар сулраад байна. Төв банкны хувьд валютын захад идэвхтэй оролцож байгаа. Он гарснаас хойш валютын захад хэчнээн ам.доллар нийлүүлээд байна вэ. Мөн сүүлийн хэдэн долоо хоногт дотоодын банкуудтай хийж байгаа своп хэлцэл идэвхжиж байгаа нь юутай холбоотой вэ?
Төгрөгийн ам.доллартай харьцах ханш он гарснаас хойш 3 орчим хувиар суларсан нь Монгол Улстай ижил төстэй бусад оронтой харьцуулахад харьцангуй тогтвортой байгаа үзүүлэлт юм. Энэ нь нэг талаас Монголбанк дотоодын захад идэвхтэй оролцож, ам.доллар нийлүүлж байгаатай холбоотой. Он гарснаас хойш Монголбанк нийтдээ валютын захад 1.4 тэрбум орчим ам.долларыг нийлүүлсэн байна. Нөгөө талдаа 800 орчим сая ам.долларыг дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдаж авсан. Ингээд цэвэр дүнгээр 600 орчим сая ам.долларыг дотоодын захад нийлүүлсэн байгаа. Монголбанкны зүгээс энэ онд төгрөгийн ханш тогтвортой байна гэж харж байгаа. Учир нь энэ оны төгсгөлд төлбөрийн тэнцэл 700-800 сая ам.долларын алдагдалтай гарна гэж төсөөлж байна. Мөн үүн дээр өнгөрсөн долоо хоногт ОУВС-аас баталсан “Шуурхай санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилт орж ирсэн. Мөн бусад улс орон, донор орнуудаас 700-800 орчим сая ам.долларын урсгал орж ирэх хүлээлт бий. Дотоодын нүүрсний экспорт сайжирч байгаа. Бидэнд байгаа мэдээллээр өдөртөө 1000 гаруй машин хилээр гарч байна. Ингээд цаашдаа дэлхийн эдийн засгийн хандлага эерэг болоод, Монгол Улсын экспорт сэргэвэл төгрөгийн ханшид ирэх дарамт сулрах болов уу гэсэн хүлээлттэй байна. Дотоодын банкуутай своп хэлцэл хийж байгаа нь цар тахалтай холбоотойгоор эдийн засагт гарч буй өөрчлөлтүүдээс болж  зарим банкуудын хувьд төгрөгийн төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үүнтэй холбогдуулаад, Монголбанкнаас банкуудтай ам.долларын своп хэлцлийг хийж байна. 
-Ярилцсанд баярлалаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.