Л.Оюун-Эрдэнийн ''кноп''-ын тулаан
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн ирээдүй өнөөдөр шийдэгдэнэ. Түүний зүгээс өргөн барьсан итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг УИХ дэмжвэл тэрбээр Ерөнхий сайдын суудлаа хадгална. Харин гишүүдийн олонх нь дэмжихгүй бол огцрох нь тодорхой. Товчхондоо, өнөөдрийн үйл явдал Монгол Улсын улс төрийн өнгийг ойрын таван жилд хэрхэхийг шийднэ.
Засгийн газрын гишүүд өргөдлөө өгсөн ч Ерөнхий сайд үлдээх эрхтэй
Ерөнхий сайд УИХ-аас итгэл хүлээж чадвал, АН-ын найман сайдын өргөдлийг хүлээж авахгүй, ажлаа үргэлжлүүлэх боломжтой. Энэ нь Засгийн газрын тухай хуулийн 22.3 дахь заалтаар баталгаажсан. Лу.Гантөмөр сайдтай АН-ын гишүүдийн зүгээс урьдчилан өргөдлөө өгч, улс төрийн “заль” хэрэгжүүлж буй нь Засгийг дэмжиж байгаа дохио боловч, хариуцлагаас мултрах гэсэн арга ч байж мэднэ. Ерөнхий сайдын байр суурь тодорхой. “Хамтарсан Засаг цаашаа үргэлжлэх ёстой. Үгүй бол би өөрөө огцорно.”
Асуудлыг шуурхай хэлэлцэж буй нь Ерөнхий сайдын эсрэг ирэх дараагийн “довтолгоо”-ноос сэргийлсэн алхам уу?
Спикер Д.Амарбаясгалан асуудлыг яаравчлуулж буй нь анхаарал татаж байна. Энэ нь Ерөнхийлөгчийн талыг баримтлагчдын шахалт уу, эсвэл Ерөнхий сайд өөрөө цаг хугацааг ашиглан хариу цохилт өгөх боломжийг хаах гэсэн стратеги уу? “Херо” Б.Баатартай холбоотой мэдээллүүд, Ж.Баярмаа гишүүний мэдэгдэл зэрэг нь Л.Оюун-Эрдэнийн эсрэг чиглэж эхэлсэн нь түүнийг цаг алдалгүй шийдвэр гаргах шаардлагад хүргэж болзошгүй.
Саналыг нууцаар хураах уу, илээр хураах уу ?
Санал хураалт хэрхэн явагдах нь улс төрийн хүчнүүдийн бодлого, нөлөөллийг илтгэнэ. АН-ын зүгээс нууц санал хураалт явуулахыг илүүд үзэж байгаа бол Ерөнхий сайд ил санал хураалтыг дэмжиж магадгүй. Ил санал хураалт нь улс төрийн “тохироо”-г сорих хэрэгсэл болох ч гишүүдэд “нэр хоч” зүүлгэх эрсдэл дагуулна. Парламентын хагарал, талцал гүнзгийрэх магадлалтай.
УИХ өмнө нь баталсан бодлогоор дахин итгэл үзүүлэх нь хууль, логикийн зөрчилд хүргэж болзошгүй
УИХ-аар баталсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсөв зэрэг бодлогын баримт бичгүүдэд үндэслэж дахин итгэл үзүүлэх нь Үндсэн хуулийн маргаантай тайлбар, улс төрийн гажуудалд хүргэж мэднэ. Энэ нь Засгийн газар болон УИХ-ын институц хоорондын эрх мэдлийн зааг ялгаа, хариуцлагын ойлголтыг бүдгэрүүлж болзошгүй.
Хэрэв Ерөнхийлөгч хориг тавибал улс төрийн хямрал гүнзгийрч, 84 кнопын шаардлага үүснэ
Хэрэв Ерөнхийлөгч хориг тавибал Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар үлдэхийн тулд 84 гишүүний дэмжлэгийг дахин бүрдүүлэх шаардлага үүснэ. Энэ тохиолдолд улс төрийн хямрал гүнзгийрч, институц хоорондын тэмцэл ширүүсэх нь гарцаагүй. Ерөнхий сайд Цэцэд хандаж магадгүй ч өнөөдрийн байдлаар Үндсэн хуулийн Цэц Ерөнхийлөгчийн нөлөө дор байгааг улс төрийн хүрээнийхэн хэлж буй.
Улс төрийн институц хоорондын сөргөлдөөн төрийн хямралд хүргэж болзошгүй
- АН-ын бүлгийн шийдвэр, чуулганы ирц, санал хураалтын хэлбэр зэргээс хамаарч Засгийн газрын хувь заяа шийдэгдэнэ.
- Ардын нам хоёр хуваагдаж, АН дотооддоо улам хагарч мэдэх нь.
- Ерөнхийлөгч хориг тавих аваас эрх мэдлийн төлөөх тэмцэл парламентын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө.
- Хамгийн муугаар бодоход “УИХ тар” гэх яриа бодитой болж магадгүй.
Монголын улс төрийн ойрын ирээдүй өнөөдрийн УИХ-ын шийдвэрээс хамаарна. Итгэл үзүүлэх эсэх нь зөвхөн нэг хүний хувь заяа бус, нийт төрийн тогтолцооны ирээдүйг тодорхойлох хариуцлагатай алхам.