Сонгуульд оролцоно гэдэг бол төрөө төвхнүүлж байгаа хэрэг

798
2020 оны УИХ-ын ээлжит сонгууль болоход ердөө 10 гаруйхан хоногийн хугацаа үлдээд байна. Монголын парламент засаглалыг бүрдүүлэх Их хурлын найм дахь удаагийн ээлжит сонгуульд өнөө жил 13 нам, дөрвөн эвслээс нэр дэвшүүлсэн 485, бие даан нэрээ дэвшүүлсэн 121, нийтдээ 606 хүн оролцохоор албан ёсоор өрсөлдөж байна. Ардчилсан орон улс орныхоо удирдлага, төр засгаа түүчээлж явах эрхмүүдийг өөрсдөө сонгодог бөгөөд насанд хүрсэн, эрүүл саруул, гэмт хэрэгтэн биш бол хэн ч улсаа удирдахаар нэрээ дэвшүүлэх эрхтэй. Парламентын засаглалтай Монгол Улсын хувьд төрийн түшээдийг сонгох ээлжит сонгуулийг дөрвөн жилд нэг удаа явуулдаг бусад орны хуулийн тогтолцоотой.

Монгол Улсын хуульд заасны дагуу “Хорин таван нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, банк бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа батлан даалтын өргүй, албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй, мөн ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон, цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн Монгол Улсын иргэн” УИХ-ын гишүүнээр сонгогдох эрхтэй юм. Хуул журмын дагуу нэрээ дэвшүүлэн өрсөлдөж буй хүмүүсээс ард түмэн өөрсдийн сонголтыг гадны ямар нэгэн дарамт шахалт, бусдын эрхэнд авталгүйгээр зөвхөн өөрийн итгэл үнэмшлээр “Энэ хүнээр төрөө удирдуулна” гэснээ сонгодог.

Монголын гурван сая гаруй иргэнээс тодорч төрөө барилцаж улс орноо удирдана хэмээн нэрээ дэвшүүлсэн 606 нэр дэвшигчтэй танилцах үйл ажиллагаа яг одоо Монгол Улс даяар ид өрнөж байна. Энэ олон нам, эсвэл, бие даагч дундаас хэнийг нь сонгож ирэх дөрвөн жил Монгол Улсын хувь заяаг гарт нь атгуулах вэ гэдэг иргэн таны сонголт. “Шударга сонгууль гэдэг шууд ардчилал. Шууд ардчилал гэдэг бол ард түмний засаг. Ард түмний засаг гэдэг улсаа эзэгнэх ёс” гэж Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эцэг гэгдэх Бяраагийн Чимид гуайн хэлсэн үг бий. Хүн бүр сонгуульд идэвхтэй оролцож, өөрсдийн сонголтыг хийж улс орны хувь заяанд саналаа нэмэрлэх нь зүйн хэрэг. Хуулиар олгогдсон иргэнийхээ эрх үүргийн дагуу сонгуульд идэвхтэй оролцсоноор та ч бас улсаа удирдаж байгаа хэрэг. Үндсэндээ өөрсдийг нь төлөөлж чадах тийм хүнээ итгэл үнэмшилтэйгээр сонгосноор төр засагт өөрийн дуу хоолой, үзэл бодолтой байж чадна. Тиймээс Монгол Улсын насанд хүрсэн иргэн та улс орноо удирдах үйл хэрэгт идэвх санаачилгатай оролцох нь туйлын чухал юм. Төрд таны өгөөгүй санал дутна гэдгийг хүн бүр сайтар ухамсарлах хэрэгтэй.

1992 оноос хойших УИХ-ын ээлжит сонгуулийн ирц болоод сонгогчдын идэвхийг аваад үзэхээр дандаа буурсан үзүүлэлт харагддаг. Тухайлбал, 1992 онд санал өгсөн хүний тоо 1.037.92 буюу нийт хүн амын 95.6 хувь нь, 1996 онд 1.057.182 буюу нийт хүн амын 92.1 хувь, 2000 онд 1.027.985 буюу 82.4 хувь нь, 2004 онд 1.051.812 буюу 82.2 хувь нь, 2008 онд 1.179.448 буюу 76.5 хувь нь, 2012 онд 1.238.537 буюу 67.3 хувь нь, 2016 онд 1.406.123 буюу 73.6 хувь нь саналаа өгч оролцсон байна. Үндсэндээ нийт сонгогчдын 95 хувь нь анх саналаа өгч маш өндөр ирц, маш сайн идэвхтэй байсан бол энэ тоо буурсаар 67 хувьд очсон нь өөрийн эрхгүй анхаарал татаж байна. Ялангуяа 30 хүртэлх насны залуучууд төрөө төвхнүүлэх хариуцлагатай ажилд үл ойшоосон, хэнэггүй байдлаар хандаж байгаа нь гадныхны болоод манайхны хийсэн судалгаагаар гараад ирдэг. Тухайлбал, 2016 оны сонгуулийн дараа хийсэн судалгаагаар 60-аас дээш насны иргэдийн 97 хувь нь сонгуульд идэвхитэй оролцсон бол 15-25 насны залуусын ердөө 20 хувь нь саналаа өгсөн гэх судалгаа гарсан. Манай нийт сонгогчдын гуравны нэг нь 30 хүртэлх насны залуучууд байдаг.

Тэдний өмнөө ахмадууд сонголтоо хийж Монголын төр бүрдэж байна. 18-25 насны залуусын ихэнх нь “Сонгууль бол иргэдийг төөрөгдүүлэх, хууран мэхлэх арга” гэх хариулт өгснийг судлаачид хэлдэг. Мөн “Улс төр надад хамаагүй”, “Итгэл хүлээхээр нэр дэвшигч байхгүй”, “Миний саналаар дутахгүй”, “Сонгосон ч мөрийн хөтөлбөрөө биелүүлдэггүй” гэх асуултууд залуу сонгогчдын зүгээс гардаг. Тэгэхээр улс орны ирээдүй, үнэт баялаг нь болсон залуу хүн та санал өгөөгүйгээс, таны санал төрд дутсанаас болж улсаа удирдах дархан эрхээ эдэлж чадахгүй байна гэдгээ ухамсарлах ёстой. Өнөөөдр дэлхий нийтээр залуучуудын улс төрийн оролцооны тухай яригдаж байна. Залуучуудыг сонгуульд уриалах нэгэн сонирхолтой жишээг япончууд бодож олсон байдаг. Тус улсад сонгуулийн идэвхийг сайжруулах төслийн хүрээнд хийгдсэн цуврал комеди видео сурталчилгаанд ихэвчлэн ахмад настнууд оролцож “Залуучуудаа сонгуульд битгий оролцоорой” гэх өдөөн хатгасан, хошин агуулгатай сурталчилгааг явуулжээ. Харин үүнийг олон хүн үзэж, залуучуудын идэвх сайжирсан нь сонирхол татаж байна. Уг санаа анх АНУ-ын сонгуулийн үеэр залуучуудыг битгий оролц, та нарын амьдрал, ирээдүйг бид шийднэ гэсэн өндөр настнуудын видео сурталчилгаанаас үүдэлтэй гэдэг. Монголын залуучууд ахмадуудаар ингэж “өдүүлэлгүй” өөрсдийн ухамсраар төрөө төвхнүүлэх, төрт ёсныхоо ажилд идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна. Буруу сонголт хийлээ хэмээн бусдын болоод ирэх дөрвөн жилд төр засгаа зүхэж, нулимж суухгүйн тулд Монгол Улсын иргэн та сонголтоо зөв хийж, сонгуульд хариуцлагатай хандана уу?

Энэ удаагийн сонгууль олон мандаттай томсгосон тойргоор явагдана. Сонгогч тухайн тойрогт өрсөлдөж буй нэр дэвшигчдээс зөвхөн нэгийг бус мандатын тооноос хамаарч 2-3 хүнд саналаа өгнө. Хотын аль нэг дүүргийн хоёр мандаттай тойрогт 40, 50 хүн нэр дэвшин өрсөлдөж байгаа. Энэ олон нэр дэвшигч дундаас хоёрыг нь сонгох жишээний. 2008 оны олон мандаттай том тойрог бүхий сонгуульд сонгогчдын оролцоо өмнөх сонгуулиас огцом буурсан. 2012 онд мөн адил буурсан үзүүлэлт гарсан. Үүнийг сонгогч мандатын тоондоо багтааж олон нэр дэвшигчийг сонгох боломжтой байгаа нь сонгогчийн улс төрийн чиг баримжаа бүдгэрэх, улмаар сонгуулийн ирц огцом буурахад нөлөөлдөг гэж судлаач, ажиглагчид дүгнэдэг. Томсгосон тойргоор сонгууль явуулахад идэвх болоод ирц ийнхүү огцом буурдгийг хаа хаанаа анхаарч үзэхгүй бол ирц 50 хувьдаа хүрэлгүй сонгууль дахихгүй гэх баталгаа алга байна.

Мөн “Сонгуульд оролцож саналаа өгөх эсэх нь сонгогчийн эрх. Гэхдээ тэр сонгуулийн үр дүнд байгуулагдсан Их хурлаас гаргаж буй бодлого шийдвэр бидний өдөр тутмын амьдрал талхны үнэд хүртэл нөлөөлдөг. Тэгэхээр өөрийнхөө ирээдүйг шийдэх боломжоо бусад хүнд олгох хэрэггүй. Сонгуульд оролцож саналаа өгөөгүй хүнд төр засгийн бодлого шийдвэрийг шүүмжилж, гомдоллох эрх байхгүй. Засгийн эрхийг барьж буй нам муу ажиллаж байвал түүний буруутан нь саналаа өгөөгүй хүмүүс. Өөрсдийнхөө хувь заяаг шийдэх эрхийг бусад хүнд олгохгүйн тулд сонголтоо хийж, түүндээ эзэн нь байхын тулд сонгогч заавал ч үгүй санал авах байр руу очиж, саналаа өгөх ёстой” гэж мэдэгдсэн Сонгогчийн боловсрол төвийн тэргүүн С.Оюунтуяагийн хэлснийг хүн бүр санууштай.
Б.Батболд
Эх сурвалж: Өдрийн сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.