УИХ-д суудалтай намууд: Гишүүний тоог 126 болгож, тойргоос 76, жагсаалтаар 50 гишүүн сонгоно

298

УИХ-д суудалтай гурван намыг төлөөлөн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, ХҮН намын дарга Т.Доржханд нар мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: -Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ олон нийтийн санал бодлыг сонсож, тусгах ёстой. УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажилласан. Иргэд сонгуулийн холимог тогтолцоог дэмжсэн ч гишүүдийн тоог 152 болгох саналыг дэмжээгүй. АН сонгуулийн холимог тогтолцоог 60:40 болгох санал гаргасан. Тиймээс бид 60:40 болгох саналыг дэмжсэн. ХҮН нам 50:50 байх, жагсаалтад нэр цэвэр хүмүүсийг оруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэсэн санал хэлсэн. Тиймээс бид ярилцаж байгаа УИХ-ын гишүүний тоог 126 болгож, тойргоос 76, жагсаалтаар 50 гишүүн сонгогдох дээр зөвшилцлөө.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: -Гишүүдийн тоог нэмэхээр бүх зүйл сайхан болох юм шиг хэт өндөр хүлээлттэй байж болохгүй. АН-ын Үндэсний бодлогын хорооноос шийдвэр гаргасан. Хэрвээ холимог болвол тойргоос 76, жагсаалтаар 50 нь сонгогдох ёстой гэж үзсэн. УИХ-ын удирдлага, нам бүлэг, ажлын хэсэг хуралдаад тойргоос 76, жагсаалтаар 50 нь сонгогдох 126 гишүүнтэй байя гэдэг дээр санал нэгдлээ. Үндсэн хууль гэдэг харилцан ойлголцлын баримт бичиг байдаг болохоор тал талууд ойлголцлын цэг дээр хүрч байна.
ХҮН-ын дарга Т.Доржханд: -Үндсэн хуулийн өөрчлөлт бол нийгэмд хүлээлт үүсгэсэн асуудал болоод байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ өөрчлөлтийг бид ярьж ирсэн. Өчигдөр УИХ-д суудалтай намын дарга нар хэлээд удаан энэ асуудлыг хэлэлцсэн. ХҮН нам гишүүдийн тоог 126-гаас доош болговол энэ өөрчлөлтийг хийгээд үр дүн гарахгүй гэж үзэж байгаа. Тиймээс бүгд 126 дээрээ нэгдсэн. Улаанбаатар хотод байгаа мандатын тоог УИХ-ын сонгуулийн хуульд хийх нь нээлттэй гэсэн байдлаар явж байна. Мөн өнөөдрийн гишүүдийн төсөв өсөхгүй. Нэг УИХ-ын гишүүн сард 10 сая төгрөгийн зардалтай байдаг. Энэ нь жилд 10 тэрбум болдог. Нэг гишүүн нэг туслах, нэг зөвлөх, хоёр биет төлөөлөгч байгааг багасгаад илүү зардал гаргахгүй байх дээр санал нэгдсэн гэлээ. 
Эх сурвалж:www.polit.mn 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.