УИХ-ын дэд дарга нарыг сонгож, УИХ дахь намын бүлгүүд байгуулагдлаа
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд наймаас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулахаар заасан.Намынбүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орох бөгөөд бүлгийн даргаа гишүүдийнхээ дотроос сонгож, энэ тухайгаа Улсын Их Хурлын даргад бичгээр мэдээлнэ. Нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрийн жагсаалтыг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлэх бөгөөд ийнхүү ирүүлснээр бүлгийн эрх, үүрэг хэрэгжиж эхэлнэ гэж хуульд заасан.
Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр бүлэг байгуулах хэмжээний суудал авсан улс төрийн намууд Улсын Их Хурал дахь Намын бүлэг байгуулж, бүлгийн бүрэлдэхүүн, бүлгийн даргыг сонгосон тухай шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд гишүүдэд уншиж сонсгон, Намын бүлгийн гишүүд, бүлгийн дарга нарт амжилт хүсэв.
Хуулийн дээрх заалтын дагуу Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 62 суудал авсан Монгол Ардын Намаас Улсын Их Хурал дахь Намын бүлэг байгуулж, бүлгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнг сонгожээ. Тэрбээр өнгөрсөн парламентад Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргаар ажилласан.
Харин ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 11 суудал авсан Ардчилсан Намын бүлгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатыг сонгосон байна. Тэрбээр 2012-2016 онд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байв.
Улсын Их Хурлын дэд дарга нарыг сонгож батлав
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн15.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын дэд даргыг Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс нэр дэвшүүлэн, илээр санал хурааж сонгоно. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай тогтоол баталсанд тооцно” гэж заасан.
Хуульд заасны дагуу Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Төмөрбаатарын Аюурсайханыг Монгол Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлсэн талаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав.
Нэр дэвшигч Т.Аюурсайхан нь Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа бөгөөд өмнөх Улсын Их Хуралд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажилласан. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй, эдийн засгийн ухааны доктор цолтой.
Харин Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Салдангийн Одонтуяаг Монгол Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлснийг Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат танилцуулав.
Нэр дэвшигч С.Одонтуяа нь Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа. Олон улсын бизнес удирдлагын магистр зэрэгтэй аж.
Намын бүлгийн санал, нэр дэвшигчдийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ч.Ундрам, Б.Бат-Эрдэнэ нар нэр дэвшигчдээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлэв.
Ингээд санал хураалгахад Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийг төлөөлж Улсын Их Хурлын дэд даргаар, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийг төлөөлж Улсын Их Хурлын дэд даргаар тус тус сонгогдов.
Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Улсын Их Хурлын дэд даргаар сонгогдсон хоёр дахь эмэгтэй гишүүн болж байгаа бөгөөд 2004-2005 онд Улсын Их Хурлын гишүүн С.Оюун “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийг төлөөлөн Улсын Их Хурлын дэд даргаар сонгогдон ажиллаж байв.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар Улсын Их Хурлын дэд дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд:
-Байнгын, дэд, түр хороо, нам, эвслийн бүлгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
-Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны ирц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;
-Улсын Их Хурлын үйл ажиллагааны дэг, гишүүний ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих;
-Улсын Их Хурлын даргаас хуваарилсан болон даалгасан чиг үүрэг;
-хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг;
-Улсын Их Хурлын даргын түр эзгүйд түүний даалгаснаар дэд дарга үүргийг нь хэрэгжүүлэхээр заажээ.