Б.Жавхлан: "Гэрэгэ" бондын 368.7 сая ам.долларыг төлж барагдуулах бэлтгэл ажлыг хангаад байна

297

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.04.26/ боллоо. Хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийв. 
Тэрбээр "Өнгөрсөн онд 2023 оны төсвийг өргөн барих үед гадаад өр маш хүнд байсан.Гэсэн хэдий ч 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар эдийн засгийг сайжруулах, тогтворжуулах, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улс дефолт болох эрсдэлээс бүрэн ангижирсан. Мөн 2012 онд босгож байсан Чингис бондын үлдэгдэл болох 136 сая ам.долларыг төлж барагдуулсан бол удахгүй тавдугаар сарын 01-ний өдөр дуусгах ёстой "Гэрэгэ" бондын 368,7 сая ам.долларыг бүрэн барагдуулах бэлтгэл ажлаа хангаад байна. Л.Оюун-Эрдэнийн засгийн газар нийт 1 тэрбум 650 сая ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттай хийлээ. Мөн 87 сая ам.долларын бондын өрүүдийг амжилттай бууруулж чадлаа. Өнгөрсөн долоо хоногт ОУВС-ийн хуралдаанд оролцож байхад нийт 72 улс гадаад өрөөс болж тусгай хөтөлбөрт ороод ажиллаж байна. Дахиад 10 гаруй улс орохоор хэлэлцээрийн шатанд явна. Манай улс 73 дахь улс болж хөтөлбөрт орох нөхцөл бүрдээд байсан. Гэсэн ч эдгээр хүндрэлийг өөрөө бие дааж даван тууллаа" гэв. 
Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайлан болон тус банкны 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийн нарийвчилсан төлөвлөгөөний талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайланг зохих журмын дагуу УИХ-д хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хөгжлийн банкны 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул нарт даалгав. Мөн гадаад бондуудын эргэн төлөлтийг оновчтой зохион байгуулах хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний санал боловсруулж, ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэг болголоо. Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллага аудит хийж, зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргажээ.
Тус банк нь 2022 онд нийт 1,075.3 тэрбум төгрөгийн зээлийг зээлдэгчээр эргэн төлүүлсэн бөгөөд төлөгдсөн зээлийн 60,1 хувь нь чанаргүй, 12 хувь нь анхаарал хандуулах, 27.9 хувь нь хэвийн зээл байна. 2021 онд хийгдсэн Монголбанкны хяналт шалгалтаар 2021 онд 679.4 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан Хөгжлийн банк тайлант жилд 88.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.
Хөгжлийн банк нь 2023 оны аравдугаар сарын 23-нд төлөх 500.0 сая ам.долларын бонд болон арванхоёрдугаар сарын 25-нд төлөх 30.0 тэрбум иенийн Самурай бонд, нийт 723.0 сая ам.долларын бондын эргэн төлөлт хийх үүрэгтэй юм.
Эх сурвалж: Б.Эрхэс
http://www.analiz.mn/postview/57556скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.