Нэг нь нөгөөхөөсөө “...Нүүрсний хэргийг чинь аргалж өгье” гээд мөнгө авчихсан гэв үү?
УИХ-ын хэд хэдэн гишүүн нүүрсний хулгайд холбогдсон. АТГ-аас 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд хэвлэлийн бага хурал зарлаж, 17 хүний нэр зарласан. Тэдний тав нь УИХ-ын гишүүн байв. Тухайн үед АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох “...Нүүрсний хулгайн гэх асуудалтай холбоотойгоор нийт 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих арга хэмжээ авсан. Одоогоор нийт 35 хүнийг яллагдагчаар татсан. Үүнээс хахууль авах гэмт хэрэгт долоо, хахууль өгөх гэмт хэрэгт 16, албан тушаалын байдлаа урвуулсан хэрэгт найм, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нүүрсний олборлолт, тээвэрлэлт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах явцад дараах албан тушаалтнууд шууд болон шууд бусаар оролцсон нөхцөл байдал тогтоогдож байна” гэсэн.
Тус газраас дараа нь 2023 оны хоёрдугаар сарын 28-нд мэдээлэл өгөхдөө “...УИХ-ын зарим гишүүнийг яллагдагчаар татсан” гэж мэдэгдсэн. Тэгэхдээ УИХ-ын зургаан гишүүнийг яллагдагчаар татсан талаар мэдээлсэн. Ингэхээр нүүрсний хулгайд одоогийн байдлаар УИХ-ын долоон гишүүн холбогдоод шалгуулж байна гэсэн үг.
Тэгвэл дээрх долоон гишүүний хоёр нь хоорондоо муудалцаад сүйд болж байгаа талаар Төрийн ордон, улс төрийн хүрээ хавиар жиг жуг хийгээд хэд хонолоо.
“...Яасан, ийсэн” гэвэл, нүүрсний хулгайд холбогдоод шалгуулж буй нэгэн эрхэм гишүүн өөртэйгээ адилхан шалгуулж байгаа бас нэг гишүүнээс “...Хэргийг чинь аргалж өгнө” гээд мөнгө авчихжээ. Гэтэл тэр яриа тохироо нь бүтэлгүйтэж, өдгөө хоёулаа яллагдагчаар татагдчихаад байгаа юм. Тиймээс “...Хэргээ аргалуулна” гээд мөнгө өгчихсөн гишүүн нь хэрүүл зарга хийгээд эхэлсэн байна. Тиймээс тун удахгүй хэн хэн нь тэсгэл алдаж, олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж магадгүй болсон талаар баттай эх сурвалж мэдээллээ.
Б.Дамдин
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин