Хакухо аваргад итгэж койн авсан учраас тэр хүн хариуцлага хүлээх ёстой гэв

312

Хакухо аваргад итгэж койн авсан учраас тэр хүн хариуцлага хүлээх ёстой гэв

 

“Ворлд плас” компанийн гаргасан койны луйврын талаар хохирогч иргэн мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэрээ тэрээр: " Борооны дараах мөөг шиг олон койн гарсан. Та бүхэн мэдэж байгаа байх. Энэ олон койнтой давхцаад "Ворлд плас" нэртэй койн 2021 оны 11, 12-р сард гарсан. Энэ койн нь нийтдээ 10 орчим тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. Үндсэн компани нь "Ворлд плас дижитал" нэртэй компани байдаг.
 
 
Энэ компанийн үндсэн эзэн буюу улсын бүртгэл дээрх эцсийн өмчлөгч нь нэгдүгээрт, Хакухо М.Даваажаргал аварга. Хоёрдугаарт, Япон улсын иргэн Матахаро Кимуро гэж хүн бий. Япон улсын парламентийн гишүүн байсан гэж сонссон. Гуравдугаарт Хасагийн Эрдэнэбаяр гэж хүн байдаг. Эдгээр хүмүүс нийлж өөрсдийн эзэмшлийн компаниараа дамжуулж койн гаргасан.
 
 
Тухайн үед гарч байсан койнуудаас энэ койн маш ялгаатай. Юугаараа ялгаатай вэ? гэхээр энэ койныг гаргаад, дараа нь компанийн зүгээс албан ёсны мэдэгдэл хийж өөрийн гаргасан койноо буцаагаад худалдаад авна гэсэн. Бусад койнууд үнэ өсвөл чиний аз, үнэ унавал хохь чинь гэдэг энгийн дүрэмтэй арилжаа явагдсан. Харин "Ворлд плас" койн манай койныг худалдаад ав, үнэ өсөх буурах асуудал байхгүй, тодорхой хугацааны дараа бид буцаагаад худалдаж авна гээд жилийн 24 хувийн өгөөж амласан. Өөрөөр хэлбэл 2022 оны 3-р сараас эхлэн үе шаттайгаар тогтмол худалдаж авна гэдэг мэдэгдлийг 2022 оны 1-р сард хийсэн. Ингээд 2022 оны 3-р сард эхний худалдан авалтаа хийлгүй ямар нэгэн шалтаг шалтгаан яриад эхэлсэн. 2022 оны 4-р сард тус компанийн захиралтай уулзаж койноо буцааж худалдаж авахыг шаардах үед гадаадаас хөрөнгө оруулалт татаж койноо буцааж авах санхүүгийн төлөвлөгөөтэй явж байгаа гэдгээ хэлсэн. 2022 оны 6-р сард 80 хувь, 7-р сард наадмын өмнө 100 хувийн хөрөнгө оруулалт орж ирнэ. Тэр үед ямар нэгэн нөхцөл шаардахгүйгээр та бүхний зарах бүх койныг худалдаж авна гэдгээ хэлсэн. Гэтэл 7-р сард койн худалдаж авах нь бүү хэл Х.Эрдэнэбаяр гэж хүн өөрөө алга болчихсон.
 
 
Дээр нь өнөөх Хакухо М.Даваажаргал аварга маань, нөгөө Япон хүн маань компанийн эзэмшигчдээс өөрсдийгөө хасчихсан. Гараад явчихсан. Олон хүн Хакухо М.Даваажаргалд итгэж, олон хүн Японы парламентийн гишүүн байсан хүнд итгэж тус койныг худалдаж авсан шүү дээ. Энэ компанийн цаад эзэн нь Хакухо аварга учраас олон улсад нэр төртэй хүн гэдэг үүднээс бид итгэж байсан.
 
 
Тухайн үед Бажи, Ялалт, И.Амаржин, "Үнэн үү" ток шоу хөтөлдөг байсан Б.Нямбаяр гэх мэт олны танил хүмүүс маркетинг, пи ар-ыг нь хийж байсан. Гэхдээ эдгээр хүмүүстэй ярих юм байхгүй. Мөнгөө аваад ажлаа хийсэн байх. Цаад учрыг нь ч олоогүй биз. Цаашдаа бид юу хүсч байгаа вэ? гэхээр төр засгаас мөнгө төгрөг нэхэж, хохирол төлүүлхийг шаардахгүй ээ. Ийм зүйл ярихгүй. Койн гарч байх үед энэ асуудал дээр төр ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэдгийг ч сонсож байсан. Харин бидэнд эхний ээлжинд Х.Эрдэнэбаяр гэдэг хүнийг цагдаагийн байгууллага олж өгөөч ээ. Койноор босгосон 10 орчим тэрбум төгрөг яг юунд зарцуулагдсан бэ? гэдгийг тогтоож өгмөөр байна. Мөнгө мөртэй учраас нэг газар байгаа байх.
 
 
Мөн дээр нь Хакухо аварга тодорхой хэмжээний хариуцлага хүлээх ёстой. Тэгж бодож байна. Хакухо аварга энэ компанийн хөрөнгө оруулагч байх үед нь түүнд итгэж л хөрөнгө оруулалт хийсэн. Тийм учраас хариуцлага хүлээх талаараа бодож үзэх ёстой. Мөнгө босгохдоо эзэмшигч болоод, мөнгөө авангуутаа компаниас өөрийгөө хасаад алга болчихдог ийм ёсзүйгүй байж болохгүй.
 
 
Англи хэлээр сүртэй white paper юу юу ч гэнэ яриад байгаа болохоос энгийнээр хэлэхэд зээл авч байгаа л зүйл шүү дээ. Чи надад 1 сая төгрөг зээлчих, жилийн дараа 1,240,000 төгрөг болгоод өгнө. Надад итгэхгүй байна уу? Итгэхгүй байгаа бол үүнийг хардаа Хакухо аварга байна. Японы парламентийн гишүүн байсан хүн байгаа гэж байгаа юм. Хажуунаас нөгөө Бажи, Ялалт, Б.Нямбаяр нь хүч хавсраад чи энэ хүнд мөнгөө өгчих, үнэхээр найдвартай хүн шүү гээд л явжчихаж байгаа юм. Ингээд мөнгөө босгонгуутаа өөрсдөө тараад явчихсан. Ийм ёс зүйгүй байж болохгүй шүү дээ. " гэв.

 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.