Маш ноцтой: “Дуншиж” буй шашны хууль гадаадын захиалгатай гэв үү?!

807
56
Ардчилсан нийгэмтэй Монголд ирсэн шашин шүтэх эрх чөлөө маань сүүлийн жилүүдэд шүүмжлэлд өртөх боллоо.

“УИХ-ын зарим гишүүн хууль санаачилж Бурхан багшийн их дүйчин өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох тухай санал гаргахад цахим орчинд нь бараг “дайн” болох хандлага ажиглагдлаа. Зөвхөн сошиал орчноор ч хязгаарлагдахгүй, шашны асуудлаас болж суварга нураасан хэрэг гарсан.

Сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн зөрчилдөөнөөс болж соёлын үнэт зүйл устаж үгүй болох, түүнийг нураах, үнэ цэнэгүйдүүлэх аюултай. Хэрэв ийм нөхцөл байдал үүсвэл бид өөрсдөө алдагдал хүлээнэ. Энэ мэтчилэн замбараагүй байдалд төрөөс тодорхой хэмжээгээр зохицуулалт хийж бодлого баримтлах шаардлагатай нөхцөл үүссэн” гэж хагас жилийн өмнө МУИС-ийн Философийн ухааны их доктор, Философи шашин судлалын тэнхимийн багш С.Янжинсүрэн www.news.mn сайтад ярьсан байна.

Ганц түүний үг, жишээ дурдсан нь бус ерөөс цагийн шаардлагаар үүнийг зохицуулсан тусгай хэрэгцээтэй болсон байгаа юм.

Тиймээс ХЗДХЯ-наас Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийг боловсруулжээ.
 
“Мордохын хазгай” гэдэг шиг эхнээсээ шүүмжлэл дагуулж байсан энэ хууль цаашаа явбал УИХ-ын босгыг давах ямар ч боломжгүй гэдгийг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ц.Хулан мэдэгдлээ.

Түүний ярьсан нь маш ноцтой байв.

Тэрээр ХЗДХЯ-ны боловсруулсан уг хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн титэм заалт бүрийг ноцтой зөрчиж, тэр чигээрээ гадаадын улс төрийн бодлогод үйлчилсэн байна гэв. Мөн энэхүү Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийн англи хувилбар нь ГХЯ-ны албан тушаалтны өрөөнөөс гарч ирсэн хэмээлээ.

Хамгийн гол нь англиар буулгасан, Монгол Улсын ХЗДХ-ийн сайд гарын үсэг зурахад бэлэн болчихсон хувилбар нь нэр бүхий улсын албан бичгийн хэв маягаар боловруулагдсан байсныг тэрээр онцолсон юм.
 
Ер нь бол Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ц.Хулан ХЗДХЯ-ны боловсруулсан Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хууль гадаадын захиалгатай байж болзошгүй гэж хэллээ.

Ингэж хардах тодорхой үндэслэлүүд байгаа ажээ.

Тухайлбал, манай ГХЯ-ны Шашны эрх чөлөөний асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Ж.Баясах, 2018 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 09:30 цагт АНУ-ын Төрийн департаментын байранд АНУ-ын Төрийн департаментын Шашин шүтэх эрх чөлөөний асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Сэм Браунбэктэй уулзсан байна. Энэ уулзалтад Монголын талаас Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, ЭСЯ-ны Гуравдугаар нарийн бичгийн дарга А.Хулан, АНУ-ын талаас Олон улсын шашин шүтэх эрх чөлөөний газрын Элчин сайдын туслах Х.Чиун, тус газрын ажилтан К.Корман, Ази, Номхон далайн газрын Монголыг хариуцсан ажлын туслах Ширина нар байлцжээ.
 
АНУ-ын Төрийн департаментын Шашин шүтэх эрх чөлөөний асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Сэм Браунбэк: -Шашин гэдэг агуулга хянагдашгүй зүйл. Хүний итгэлийг хянах боломжгүй. Үүний оронд Засгийн газар, иргэдийн итгэл үнэмшилийг овжин аргаар ашиглаж, иргэдийн бодолд нөлөөлөх бүрэн боломжтой юм.
 
Уулзалтын үеэрх зарим анхаарал татсан яриануудаас дурдвал ГХЯ-ны Шашны эрх чөлөөний асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Ж.Баясах “ГХ-ны сайд Д.Цогтбаатар танд 2019 онд Улаанбаатар хотноо болох шашин шүтэх эрх чөлөөний асуудлаар бүс нутгийн хурал зохион байгуулах талаар хэлсэн байх. Бид хурлыг 2019 оны гуравдугаар сар, зургадугаар сард хийх төлөвтэй байгаа”, мөн “Манай улсын нийт хүн амын 60 гаруй хувь нь Христ, 35 хувь нь Буддын, таван хувь нь Исламын болон өөр шашин шүтдэг гэсэн баримт шинээр хэлэлцэгдэж буй Шашны эрх чөлөөний хуульд  орсон байна. Гэвч миний бие эдгээр баримтыг нягталж судлахаар ажиллаж байгаа бөгөөд нарийвчилсан мэдээлэл цуглуулж, ажиллах шаардлагатай тулгараад байна. Удахгүй хуулийн төслөө хянаж, УИХ-д өргөн барина”, “Иймд миний бие шашны тэсвэрлэлтийн талаар дэлгэрэнгүй судалгаа хийж ажиллах болно”,  Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр “Монгол Улс бол дэлхийн олон шашинтан цугласан газар гэж би боддог. Европоос дэлгэрсэн Христийн шашин, Азиас гаралтай Бурханы шашин, Ойрхи Дорнодоос үүдэлтэй Исламын шашин зэрэг бүхий шашны урсгал Монголд дэлгэрч, зогссон байдаг”, “Ортодокс шашны урсгал ОХУ-д арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулахад их хэмжээний татвар төлдөг байсан бол Монголд ирээд татвар төлөлгүй, улмаар их хөрөнгөжсөн гэсэн мэдээлэл бий” гэх зэргээр тайлбарлан ярьжээ.

Харин  АНУ-ын Төрийн департаментын Шашин шүтэх эрх чөлөөний асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Сэм Браунбэк “Хурлын эхний хоёр хоногийг Буддын шашинтнуудын дунд, сүүлийн нэг хоногийг дипломат болон олон улсын төрийн байгууллагын хүмүүсийн дунд зохион байгуулах  боломжтой юм. Учир нь шашны байгууллагын хүмүүсээс төрийн байгууллагын албаныханд хандаж хэлэх санал, санаачилга, гаргах гомдол ихээхэн гардаг тул хурлыг нэгтгэснээр асуудлуудаа нэгэн зэрэг шийдэхэд хялбар болох магадлалтай юм”, “Шашин гэдэг агуулга хянагдашгүй зүйл. Хүний итгэлийг хянах боломжгүй. Үүний оронд Засгийн газар, иргэдийн итгэл үнэмшилийг овжин аргаар ашиглаж, иргэдийн бодолд нөлөөлөх бүрэн боломжтой юм”, “Бид Монгол Улсыг шашны эрх чөлөөний асуудалд онцгой ач холбогдол өгч ажиллаж байгаад үнэхээр талархаж байна. Бидний санал санаачилгад ихэвчлэн Европын орнууд дэмжиж ирсэн бол Монгол нь Азиас дэмжиж буй анхны улс” гэсэн байна.
 
Энэ мэтчилэн манайд боловсруулагдаж буй хуульд хамааралтай сэдвээр “нарийн ширийн” зүйлийг ярилцжээ.
 
Энэ бол зөвхөн нэг л жишээ. Өөр олон уулзалт, ярилцлага хэлэлцүүлэг өрнөсөн байдаг.

Тэр байтугай АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны албан ёсны сайтад 2019 оны есдүгээр сарын 19-нд https://mn.usembassy.gov/2018-international-religious-freedom-report-mn/  “АНУ-ын засгийн газрын ажилтнууд шашны эрх чөлөөний асуудлаар, тэр дундаа шашны байгууллагуудад тулгардаг виз, бүртгэлтэй холбоотой хүндрэлийн талаар Ерөнхийлөгчийн тамгын газар, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, УИХ ,аймгийн удирдлага, НИТХ зэрэг өндөр түвшний албаны хүмүүстэй уулзаж ярилцсан. Долдугаар сард АНУ-ын Олон улсын шашны эрх чөлөөний асуудал хариуцсан тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатартай уулзаж, шашны эрх чөлөөний хуулийг сайжруулах явдлыг дэмжсэн. Аравдугаар сард тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд шинээр томилогдсон Монгол Улсын тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдтай уулзаж, хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцсан”, “Христийн болон бусад шашны цөөнхийн эсрэг хэвлэл, мэдээлэл ба нийгмийн сүлжээгээр дарамталсан мэдээлэл байна.  Жишээ нь, нэгэн христийн сүмийн адис хүртээх ёслолын зураг Facebook дээр тавигдсан нь олон сөрөг сэтгэгдэл хүлээж авсан байна. Нэгдүгээр сард зохион байгуулсан шашны залуу төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийн үеэр нэгэн казах мусульман багш ажил олгогч нь түүнийг ажлын байран дээрээ толгойн алчуураа авч байхыг хүссэн гэж байв. Мөн тэр арга хэмжээнд оролцсон католик шашинтай их сургуулийн оюутныг “гадны” шашин шүтдэг болохоор бусад оюутнууд гадуурхдаг талаар ярьсан”, “Зарим шашны тэргүүнүүдийн үзэж буйгаар шашны эрх чөлөөнд хандах олон нийтийн хандлага ерөнхийдөө сайжирсан. Жишээ нь, нэгэн шашны цөөнх бүлгийн төлөөлөл хэлэхдээ тухайн шашныхныг “үнэнч шударга, ёс зүйтэй” гэж үздэг учраас ажил олгогч нар тэдний гишүүдийг ажилд авах дуртай байдаг гэж байв. Гэхдээ зарим христийн шашныхан олон нийт христийн шашны нөлөө ихэсч байгаад дургүй байдаг нь хэвээр байгаа гэж хэлж байв”, “Долдугаар сард АНУ-ын олон улсын шашны эрх чөлөөний асуудал хариуцсан тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд гадаад хэргийн сайд Д.Цогтбаатартай уулзаж, шашны эрх чөлөөний талаарх хууль тогтоомжийг сайжруулах явдлыг дэмжсэн” гэсэн байна.
 
Хамгийн ноцтой нь Ерөнхийлөгчийн зөвлөх асаны хэлсэнчлэн өдгөө ХЗДХЯ-ны албан ёсны сайтад санал авахаар байршиж буй Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хууль нь гадаадын захиалгатай байж тун болзошгүй гэж байна.

ГХЯ-наас англи хувилбар олдсон нь дээрх хуулийн “эх” нь үү, аль эсвэл хянуулах зорилгоор илгээх гэж байв уу гэсэн ноцтой асуудлыг Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ц.Хулан хөнджээ.

Монгол Улсын “уураг тархи”, “нүд, чих”-үүд үүнийг болгоох биз ээ.

Монгол Улсын Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийн ГХЯ-наас олдсон англи хувилбар.
 

 

 

 

 

 
 
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.