Пусанд "Нүүдэлчин монгол наадам" өргөн дэлгэр боллоо
Өнө эртний түүхтэй монголчуудын соёл, уламжлал болсон наадмыг 2010 онд ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвд бүртгэсэн бөгөөд бид энэхүү соёлын өвийг тээгч, үр хүүхэд хойч ирээдүйдээ уламжлан хүлээлгэн өгөх, нандигнан дээдлэх өндөр үүрэг, хариуцлага хүлээсэн билээ. Тийм ч учраас БНСУ-д ажиллаж, амьдардаг монгол иргэд монгол наадмаа жил бүр өргөн дэлгэр тэмдэглэж, суугаа орондоо өв соёлоо сурталчлан таниулдаг сайн жишиг тогтжээ.
Наадам жилээс жилд өргөн дэлгэр болж, өргөжин тэлж байгаагийн жишээ нь Пусан хотноо 2011 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй "Нүүдэлчин монгол" наадам юм. 11 дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдсан "Нүүдэлчин монгол наадам" долдугаар сарын 3-ны өдөр Пусан хотын Хунбобса хийдийн Зүлгэн талбайд амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн наадам урьд жилүүдийнхээс илүү өргөн хүрээнд зохион байгуулагдсан ба БНСУ-д оршин суудаг Монголын 2000 гаруй иргэд наадамлахаар цугласнаас гадна олон зуун солонгос иргэд хүрэлцэн ирж сонирхов.
Монгол наадмын ёслолд хүндэтгэл үзүүлж БНСУ-ын Үндэсний Ассемблейн гишүүн Пэк Жун Хон, Пусан хотын Кымжон дүүргийн Засаг дарга Ким Жэ Ён, KOICA Олон улсын хамтын ажиллагааны сангийн Пусан дахь салбарын дарга Хун Сүн Бом, Хунбобса хийдийн Хамба лам Шим Сан, Монголын шагайн харвааны холбооны ерөнхийлөгч Ц.Энхбат нарын гадаад, дотоодын олон зочид хүрэлцэн ирж, оролцсон нь наадамд ач холбогдол өгсний илрэл байлаа..