“Их-7”-гийн удирдагчид дахин нэг “Бүс ба Зам” хэрэгжүүлнэ

353

“Их-7”-гийн удирдагчид  дахин нэг “Бүс ба Зам” хэрэгжүүлнэ

 

"Их 7"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалт энэ жил Германы өмнөд хэсэгт байрлах Шлосс Элмау хотод  болж байна. Энэ уулзалтаар “Их-7”-гийн удирдагчид хөгжиж байгаа орнуудад шаардлагатай дэд бүтцийг санхүүжүүлэхийн тулд 600 тэрбум ам.доллар төсөвлөхөөр төлөвлөсөн нь Хятадын “Бүс ба Зам” санаачилгын эсрэг чиглэж байна гэж  “BBC” мэдээлэв. Харин Хятадын дэд бүтцийн санаачилгыг их хэмжээний төсөв зарцуулж, улс орнуудыг хэт их өрөнд оруулж байна хэмээн шүүмжилдэг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены зүгээс энэ санхүүжилт нь хүн бүрт үр ашгаа өгнө гэв. Тэрбээр “Бүх зүйлийг тодорхой хэлэхийг хүсч байна. Энэ 600 тэрбум ам.доллар нь тусламж эсвэл хандив биш. Хүн бүр үр өгөөжийг нь хүртэх хөрөнгө оруулалт юм. Ардчилсан орнуудтай түншийн харилцаатай байхын давуу талыг энэ санхүүжилтээс харж болно” гэж ярьжээ. Тэрбээр энэ үеэр "Дэлхийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын түншлэл" гэсэн шинэчилсэн хөтөлбөрөө танилцуулсан юм.

 

 Харин Европын холбооны ерөнхийлөгч Урсула вон дер Лейен “Бидэнтэй түнш хөгжиж байгаа орнуудад томоохон хөрөнгө оруулалт авах боломж байдаг гэдгийг дэлхийд харуулахыг зорилоо” гэв.

 “Их-7”-гийн удирдагчид дунд болон бага орлоготой орнуудад таван жилийн хугацаанд дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхийн тулд 600 тэрбум ам.доллар зарцуулахаар шийдвэрлэсэн нь энэ юм. Үүнээс 200 тэрбум ам.долларыг нь Америк, 300 тэрбум еврог нь Европын холбоо гаргахаар болжээ. Мөн олон талт хөгжлийн банкууд, санхүүгийн байгууллагууд, төрийн баялгийн сангууд болон бусад байгууллагаас хэдэн зуун тэрбум нэмэлт ам.доллар орж ирж магадгүйг Байден онцлов. Итали, Канад, Японы удирдагчид ч мөн өөрсдийн төлөвлөгөөнийхөө талаар ярьсан байна.

 

Тэд энэ хөрөнгө оруулалтаа дээрх орнуудад цахим дэд бүтцийг хөгжүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах, иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зарцуулах юм. Тухайлбал, Ангол улсад нарны цахилгаан станц байгуулах, Сенегал улсад вакцины үйлдвэр барих, Сингапурыг Египтээр дамжуулан Францтай холбосон 1609 км шумбагч онгоцны харилцаа холбооны кабелын төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна.

 

Гэхдээ тэдний энэ төслийг Хятадын “Бүс ба Зам” санаачилгын эсрэг хэмээн үзэж байна. Учир нь Хятадын энэ санаачилга нь хөгжиж буй орнуудад зам, гүүр, боомт гэсэн дэд бүтцийг хөгжүүлэх төсөлд санхүүжилт олгох зорилготой гэдгийг Ши Жиньпин 2013 онд зарлаж байсан билээ. Үүнээс хойш 100 гаруй улс оронд бүтээн байгуулалт, хөтөлбөрүүд хэрэгжсэн. Тодруулбал, "Бүс ба зам" нь Азиас Европ хүртэлх эртний торгоны замын орчин үеийн хувилбарыг бий болгох зорилготой санаачилга юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 126 (6858)

 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.