Оюу Толгойн санхүүжилтийн гэрээнд өөрчлөлт оруулснаар санхүүгийн дарамтыг бууруулна

177

Оюу Толгойн санхүүжилтийн гэрээнд өөрчлөлт оруулснаар санхүүгийн дарамтыг бууруулна

 

“Rio Tinto” болон “Turquoise Hill Resources” компани Оюу Толгой төслийн санхүүжилтийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулснаар богино хугацаанд төслийн санхүүгийн дарамтыг бууруулна гэж “Scotiabank” мэдээллээ. Нэмэлт өөрчлөлт оруулснаар “Rio Tinto” групп “Turquoise Hill Resources”-д 400 сая ам.доллар хүртэлх богино хугацааны зээл олгохоор болоод байна. Үүнээс гадна “Turquoise Hill Resources” компани Оюу Толгой төслийн санхүүжилтэд наймдугаар сарыг  дуустал 650 сая ам.долларын хөрөнгө босгох шаардлагатай байсан юм. Түүнчлэн шаардлагатай хөрөнгө оруулалт босгох хугацааг он дуустал болгож сунгасан байна.

Өнгөрсөн гуравдугаар сард “Rio Tinto” групп “Turquoise Hill Resources”-ийн 49 хувьд ногдох хувьцааг 2.7 тэрбум ам.доллароор худалдан авах санал тавьсан. Саналыг тус компанийн ТУЗ-ийн тусгай хороо хэлэлцэж байгаа аж. Санал тавихдаа “Rio Tinto” нэгж хувьцааг нь 34 канад доллароор үнэлсэн байна. “Turquoise Hill Resources”-ийн бусад хувьцаа эзэмшигчдийн хувьд энэ үнэлгээг хэт бага гэж дүгнээд байгаа юм.

Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсны дараа “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш Торонтогийн Хөрөнгийн биржид 4.5 хувиар өсжээ. Хувьцааны ханш нь богино болон дунд хугацаандаа өснө гэж шинжээчид тооцоолж байгаа аж. Цаашид хувьцааны ханшийн өсөлтөөрөө салбарын компаниудыг тэргүүлж, дунд хугацаанд 44 ам.доллар буюу 56 канад доллар хүрнэ гэж “Scotiabank” тооцоолоод байна.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.