БНХАУ-ын гадаад худалдаа 7.9 хувиар өсжээ

497

Хятадын нийт импорт болон экспорт энэ оны эхний дөрвөн сарын хугацаанд өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.9 хувиар өсөн 12.58 их наяд юаньд хүрсэн тухай тухай тус улсын Гаалийн ерөнхий газар /ГЕГ/ мэдэгдлээ. Тус улсын ам.доллароор төлбөр тооцоог нь хийсэн гадаад худалдаа энэ хугацаанд өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.1 хувиар өссөнөөр 1.98 их наяд ам.долларт хүрсэн байна. Экспортын хэмжээ 1-4 дүгээр сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.3 хувиар өссөнөөр 6.97 их наяд юань болсон бол импортын хэмжээ 5 хувиар өссөнөөр 5.61 их наяд юань болж, гадаад худалдаа нь 1.36 их наяд юанийн ашигтай гарчээ. БНХАУ-ын бүтэн жилийн турш тогтвортой байдлаа хадгалж, гадаад худалдаагаа сайжруулах зорилт амжилттай хэрэгжиж байна гэж тус улсын ГЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч Ли Күйвэнь хэлжээ.

Гэхдээ "COVID-19" цар тахлын "омикрон "хувилбарын давлагаа, энэ цар тахалтай тэмцэх арга хэмжээ, гадаад эрэлт буурч, экспортын шинэ захиалгууд багасаж буй зэрэг хүчин зүйлсийн улмаас Хятадын экспортын өсөлт энэ тавдугаар сард үргэлжлэхгүй байж магадгүй гэж эдийн засагчид үзэж байна.

Эдийн засгийн сэргэлт хүчтэй салхитай нүүр тулж буй энэ үед мужуудын засаг захиргааныхан гадаад худалдаанд оролцдог аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг тогтворжуулах арга замыг эрэлхийлж, компаниудад захиалга олж өгөхөд нь туслах, логистикийн хэвийн ажиллагаа, үйлдвэрлэлийн сүлжээ, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах нь чухал байна гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ху Чунхуа хэлжээ.

Худалдааны гол түншүүд
АСЕАН буюу Зүүн өмнөд Азийн улсуудын холбоо, Европын холбоо /ЕХ/ болон АНУ нь Хятад улсын худалдааны хамгийн том түнш хэвээр байна. Тэдгээртэй хийсэн Хятадын худалдаа энэ оны эхний дөрвөн сарын хугацаанд өсөлтийн хурдаа хадгалж чаджээ. БНХАУ АСАЕН-ы орнуудтай 1-4 дүгээр сард 1.84 их наяд юанийн худалдаа хийсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 7.2 хувиар, ЕХ-той 1.73 их наяд юанийн худалдаа хийсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 6.8 хувиар, АНУ-тай 1.56 их наяд юанийн худалдаа хийсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 8.7 хувиар тус тус өссөн үзүүлэлт аж.

Харин БНХАУ болон ОХУ хоорондын худалдааны хэмжээ энэ оны эхний дөрвөн сарын хугацаанд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25.9 хувиар өсөн 51.09 тэрбум ам.долларт хүрчээ. ОХУ-аас Хятадын импортолсон бараа бүтээгдэхүүний 70 орчим хувийг нефть, байгалийн хий болон нүүрс эзэлжээ. Харин Хятад улс ОХУ руу маш олон төрлийн бараа бүтээгдэхүүн экспортолж буйн дийлэнх хувийг нь ухаалаг гар утас, аж үйлдвэрийн техник хэрэгсэл, тоглоом, гутал, тээврийн хэрэгсэл, агааржуулагч болон компьютер эзэлж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.