ЭДИЙН ЗАСАГ: Импорт өнгөрсөн сард 200 хувиар өсжээ

367

Хятадын экспорт өнгөрсөн сард удааширсан ч импортын өсөлт хүлээлтээс хамаагүй давсан байна. Тус улсын экспорт арваннэгдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 22 хувиар өсөж, 325.53 тэрбум ам.долларт хүрсэн нь аравдугаар сараас буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, арваннэгдүгээр сард импорт нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 31.7 хувиар өсжээ. Импорт  ийнхүү өсөхөд нүүрс голлох үүрэг гүйцэтгэсэн байна.
Тус улсын импортлосон нүүрс өмнөх оны мөн үеэс 200.3 хувиар өссөн бөгөөд өнгөрсөн сард үнэ нь 769.9 хувиар нэмэгдсэн. Түүнчлэн өнгөрсөн  сард Хятадын худалдааны нийт ашиг 71.72 тэрбум ам.долларт хүрсэн байна.
“Capital Economics”-ийн Хятад дахь  ахлах эдийн засагч Жулиан Эванс Причард “Өнгөрсөн сард эрэлт нэмэгдэж, хагас дамжуулагчийн хомсдол багассанаар экспорт, импортын хэмжээ хүлээлтээс давсан. Харин сүүлийн үед Омикрон хувилбар эрчимтэй дэгдэж буйгаа тул Хятадын  импорт буурч,  экспорт өсөх магадлалтай. Гэхдээ Омикроны цаашдын нөлөө тодорхойгүй хэвээр байна. Үүний зэрэгцээ, үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалтын эрчим сулрах төлөвтэй байгаа тул импорт тогтвортой өссөн хэвээр үргэлжлэхгүй байх магадлалтай” гэжээ. Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн өсөлтийн эрч суларч, цахилгааны хязгаарлалт нь үйлдвэрлэлийн салбарт нэмэлт дарамт  болсон.
Тус улсын  эдийн засаг гуравдугаар улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.9 хувиар өссөн нь хоёрдугаар улиралд ажиглагдаж байсан 7.9 хувийн өсөлтөөс буурсан үзүүлэлттэй байна.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Лю Хэ “Цар тахлын аюул заналхийллийг үл харгалзан Хятадын эдийн засгийн өсөлт энэ  онд зорилтот хэмжээнээсээ давна” хэмээжээ. КОВИД-19-ийн тархалтыг хязгаарлах зорилгоор өргөн цар хүрээтэй хөл хорио тогтоосны  улмаас БНХАУ-ын эдийн засаг өнгөрсөн 2019 оны нэгдүгээр улиралд бууралттай байсан бол 2020 онд сэргэж, 2021 онд дотоодын нийт бүтээгдэхүүн нь зургаагаас дээш хувиар өсөхөөр байгаа юм.
БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооны (NBS) мягмар гарагт гаргасан мэдээллээс үзэхэд  үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын албан ёсны индекс (PMI) аравдугаар сард 49.2 байсан бол арваннэгдүгээр сард 50.1 болж өсжээ.
Түүнчлэн барилгын PMI индекс аравдугаар сард 52.4 байсан бол арваннэгдүгээр сард 52.3 болж бага зэрэг буурчээ. Энэ нь 51.5 хүртэл буурна гэж таамаглаж байсан “Bloomberg”-ийн шинжээчдийн таамгаас давж байгаа юм. Энэ оны эхний 11 сарын байдлаар Хятадын экспорт өмнөх оны мөн үеэс 31.1 хувиар өсөж, 3.03 их наяд ам.долларт хүрсэн бол импорт 31.4 хувиар нэмэгдэж, 2.44 их наяд ам.доллар болжээ. Түүнчлэн БНХАУ Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны (АСЕАН) 10 оронтой хамгийн их худалдаа хийсэн бол, Европын холбоо, АНУ удаалж байна. 
Хятадаас АСЕАН-ий 10 оронд хийсэн экспорт арваннэгдүгээр сард 47.81 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 22.3 хувиар өссөн бол импорт 35.7 хувиар нэмэгдэж 38.47 тэрбум ам.доллар болжээ. Харин БНХАУ-ын АНУ-тай хийсэн худалдааны ашиг аравдугаар сард 40.75 тэрбум ам.доллар байсан бол өнгөрсөн сард 36.95 тэрбум доллар болж буурчээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Хятадын АНУ-аас импортлосон бараа бүтээгдэхүүний хэмжээ 22.1 хувиар өсөж, 17.77 тэрбум ам.доллар болсон бол экспорт 5.3 хувиар өсч 54.72 тэрбум ам.долларт хүрсэн байна.
 
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.