Б.Пүрэвдорж: НӨАТ-ын буцаан олголт, сугалааг зогсоовол бүх худалдаа үйлчилгээ НӨАТ-гүй болох эрсдэл рүү орно

555


Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын сугалааг зогсоож, буцаан олголтыг хоёр хувьд барих талаараа чуулганы хуралдаан дээр мэдэгдсэн. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дараах байр суурийг илэрхийлсэн байна. Тэрбээр “НӨАТ бол бүртгэлийн татвар юм. Өөрөөр хэлбэл, компани, аж ахуйн нэгжүүдийн борлуулалт болон үйлчилгээний орлогыг бүртгэх зориулалттай татвар гэсэн үг. 2012 оноос өмнө татварын орлогод НӨАТ жинтэй хувь нэмэр оруулдаггүй байсан. НӨАТ-ын сугалааг бий болгож буцаан олголттой болж иргэдийн оролцоог идэвхжүүлж өгснөөр татварын орлогод НӨАТ-аас оруулах хувь хэмжээ байнга нэмэгдэж ирсэн. Өнгөрсөн оны гүйцэтгэлээс харахад нийт татварын 30 хувийг НӨАТ-ын орлого бүрдүүлж байгаа юм. Ингээд орлогын татвараасаа илүү гарч төсөвт хамгийн өндөр татвар бүрдүүлэгч татварын төрөл болж хувирсан. Энэ бол НӨАТ-ын буцаан олголттой холбоотой.

 

Иргэд бүрэн буцаан олголтоо авахын тулд НӨАТ-ын баримтаа аж ахуйн нэгж, иргэдээс нэхдэг болсон. НӨАТ-ын сугалаа бол иргэдийг идэвхжүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын сугалаанд оролцож азтан болох боломжийг бүрдүүлснээр иргэд их идэвхтэй оролцож эхэлсэн. Аль аль нь НӨАТ-ын татварыг иргэдээр өөрсдөөр нь хянуулах системийг сайн бүрдүүлсэнтэй холбоотой. Сангийн сайд НӨАТ-ын сугалааг зогсооно гэж байгаа нь иргэдийн идэвх оролцоог багасгах зорилготой байна. Өөрөөр хэлбэл, татварын байцаагч НӨАТ-ыг хянадаг байсан бол аль хэдийнэ НӨАТ-ын орлого өндөр хэмжээнд байх байсан. Харамсалтай нь ингэж чадахгүй. Тиймээс иргэдээрээ хянуулж хийсэн нь энэ татварыг тогтмол өсөлттэй болгох гол үндэс болсон.

Хэрвээ НӨАТ-ын буцаан олголт, сугалааг зогсоовол бүх худалдаа үйлчилгээ НӨАТ-гүй болох эрсдэл рүү орно. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын хоёр хувиа буцааж авахгүй бол аж ахуйн нэгжүүд иргэдэд НӨАТ-гүй бараа, үйлчилгээ үзүүлье гэдэг болно. Ингээд НӨАТ-гүй авчихъя гэсэн хандлага тогтвол борлуулалт, үйлчилгээг бүртгэдэг үндсэн үүргээсээ хазайж татварын орлого багасана.” хэмээв.

Б.Ирээдүй

UPDOWN.MN 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.