Шведэд эмх замбараагүй байдал дөрөв дэх өдрөө үргэлжилжээ

395

Исламын шашныг эсэргүүцэгч “Stram Kurs” ("Хатуу чиг шугам") намыг тэргүүлдэг хэт барууны үзэлтэй улстөрч Расмус Палудан Коран судрыг олны өмнө дахин шатаана гэж мэдэгдсэний дараа ням гарагт Шведийн хэд хэдэн хотод эмх замбараагүй байдал дөрөв дэх өдрөө үргэлжилжээ. Шведийн хэвлэлүүдэд мэдээлснээр, зүүн хэсэгт орших Норршөпинг хотод цагдаа нар хүчирхийллийг таслан зогсоохыг оролдож анхааруулах гал нээсний улмаас гурван хүн шархадсан байна. Одоогийн байдлаар Норршөпингт 14 хүн, Линшөпинд найм хүнийг саатуулж, хэд хэдэн иргэнийг цагдан хорьжээ.

Эмх замбараагүй байдлын үеэр Стокхольм, Линшөпин, Норршөпинг зэрэг хотуудын захын дүүрэгт 16 цагдаа гэмтсэн байна.
Түүнчлэн хэд хэдэн машин, автобус галдан шатааж, үймээн самуун болсон дүүргүүдэд дэлбэрэлтийн чимээ сонсогдсон гэж Шведийн хэвлэлүүд мэдээлж байна. “Stram Kurs”-ийн жагсаал хөрш зэргэлдээх Мальмё хот руу шилжсэний дараа Ландскрона хотод зодоон, үймээн самуун гарчээ. Шведийн цагдаагийн газрын мэдээлснээр, “Stram Kurs”-ийг эсэргүүцэгч зуу орчим хүн цагдаа нар луу чулуу шидэж, машин, дугуй, хогийн сав шатааж, замын хөдөлгөөнд саад учруулсан хаалт босгосон байна. Ландскронад байдал бямба гаргийн орой гэхэд намжсан ч түгшүүртэй хэвээр байна гэж цагдаа нар мэдээлжээ.

Иран, Иракийн эрх баригчид Шведийн Элчин сайд нарыг дуудаж, Коран судар шатаасныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. “YouTube”-д лалын шашны эсрэг видео бичлэгүүд хийдгээрээ алдартай Расмус Палудан “Stram Kurs” намыг 2017 онд байгуулсан байна. Тэрбээр Коран судрыг олны өмнө шатааж байсан бөгөөд үүнийгээ үг хэлэх эрх чөлөөнд хүндэтгэл үзүүлсэн хэрэг хэмээн мэдэгдэж байжээ. Түүний нам лалын шашныг хориглож, “орогнол олгосон барууны бус хүмүүсийг” Даниас хөөн гаргахыг шаарддаг байна. 2020 онд Дани улсад арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах гэмт хэрэг үйлдсэн хэргээр шоронд хоригдох ял авсан Расмус Палудан Франц, Бельги зэрэг Европын хэд хэдэн оронд Коран судрыг шатаахыг оролдож байжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.