М.Энхболдын замыг туулж яваа Л.Оюун-Эрдэнэ

367


“М.Энхболд гэж хувь хүнтэй тэмцээгүй. Харин бид энэ шударга бус системийг, баялгийг булааж буй дэглэмтэй тэмцэж байгаа”. Тэрбээр гурван жилийн өмнө ингэж хэлээд, “МАНАНгийн дэглэмийн эсрэг” жагсаалыг зохион байгуулж, М.Энхболдыг УИХ-ын даргаасаа огцрохыг шаардаж явлаа.
Тэгвэл өнөөдөр төв талбайд жагсаж буй залуусын өмнө, Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар гарч, тэдний тавьсан шаардлагад нь хариулт өгч зогсоно. Түүх давтагддаг гэдэг. Энэ удаагийн жагсаалын бай нь Л.Оюун-Эрдэнэ, эрх барьж буй намын, тэр нэг өдөр М.Энхболдын атгаж явсан тамга түүнийх болжээ. Тэр өнөөдөр яг М.Энхболд шиг “хайчин” галын дунд зогсож байна.

НЭГ.
Бараа таваарын хомсдол, үнийн өсөлтөөс болж, Монголд эдийн засгийн хямрал хэдийнэ нүүрлэн, энгийн иргэдийн авдаг мөнгө аманд ч үгүй, хамарт ч үгүй болсон. Иймээс залуус төв талбай дээр гарч эрх баригчдаас ажлаа хийхийг шаардлаа. Товчхондоо, Л.Оюун-Эрдэнэ гэж хувь хүнээс биш, Монгол Улсын Засгийн газраас үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ аваач ээ л гэж жагссан юм.
Л.Оюун-Эрдэнийн зохион байгуулж асан гурван жилийн өмнөх жагсаалаас өөр нь залуус эрх мэдлийн төлөө биш эх орондоо сайхан амьдрахыг хүссэн. Даанч, эрх баригчдын дабль стандарт, илүү тэгш эрх, төсөв мөнгөний хулгай, төрийн өмчийг тонож идсэн хэргүүд нь иргэдийг ийнхүү талбай дээр гаргав.
Л.Оюун-Эрдэнэ өчигдөр үлгэрт гардаг хурмастын хаан шиг шиг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг талбай очиж, жагсагчдын “номхруулаад ир” гэсэн ч залуус түүний үгэнд хууртсангүй.

Тиймээс  олон нийтийн шахалт, шаардлагад орсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр төв талбайд, жагсагчидтай уулзахаас өөр арга байсангүй. Ядаж байхад цагдаа нар нь жагсагчдын баривчилж, зодсон бичлэгүүд олон нийтийн сүлжээнд тавигдсан нь нийгмийн бухимдал дээр хуурай өвсөнд зурсан шүдэнз болж орхилоо.

Ерөнхий сайд жагсагчдад хандаж, “ Монгол Улс төдийгүй дэлхий даяар өссөн байгаа нь үнэн. Засгийн газар үнэ барих хуулийн төсөл боловсруулж, УИХ-д оруулсан.  УИХ-ын гишүүд энэ хуулийг батална гэдэгт итгэлтэй байна. Засгийн газар мах, гурил, эм эмнэлгийн хэрэгслийг таслахгүй байхын төлөө чадах бүхнээ хийнэ. Энэ гэхдээ амаргүй. Засгийн газар ид шидтэн биш гэдгийг ойлгох хэрэгтэй”-г хэлсэн ч жагсагчид түүнийг тийм ч амар тавьж явуулсангүй.

ХОЁР.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 оны өвөл УИХ-ын дарга асан М.Энхболдын улаан нүүр рүү нь харж байгаад “Та зүгээр огцрох өргөдлөө өг. ҮХЦ-ийн эцсийн дүгнэлт гартал таныг чуулганы хуралдааныг даргалахгүй байхыг шаардаж байна” гэж явсан бол эсрэгээрээ өнөөдөр жагсагчид түүний улаан нүүр рүү харж байгаад уур бухимдлаа сад тавив.
 М.Энхболд ажлаасаа чөлөөлөгдөхдөө “Хэн нэгнийг алдаршуулж, “ард түмний хайртай хүү” болгох, өөр нэгнийг бүхнийг шийдэгч болгон харуулахад намайг харлуулах, муучлах шаардлага байсан байж магадгүй” гэсэн нь өнөөдрийн Л.Оюун-Эрдэнийн толгойд торхийтэл орж байж ч мэднэ.   Учир нь, тэр М.Энхболдын, Ч.Сайханбилэгийн зовлонг илүүтэй мэдэрч яваагийн хувьд.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн “Засгийн газар ид шидтэн биш” нь ойлгомжтой. Гэхдээ тэд бодлого тодорхойлогчид. Бодлого тодорхойлогчийн хувьд үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авахаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр М.Энхболдтой тэмцэж яваа жирийн нэгэн гишүүн биш, энэ улсын Ерөнхий сайд хүн шүү дээ.
Гадааднаас импортлогдож буй хямралыг Л.Оюун-Эрдэнэ зогсоох боломжгүй. Хоёр том гүрний дунд, урдаа цар тахлын хоригтой, хойноо дайн байлдаантай, жижиг улсын Ерөнхий сайдын хувьд түүнд зовлон мундахгүй их. Гэхдээ лав Г.Занданшатарын хэлсэн шиг хэмнэлтийг иргэдээсээ биш эрх мэдэлтнүүдээс эхлэх ёстой. Энэ хүнд цаг үед төсвийн мөнгөөр айрагны өргөө гэх мэт авлигын шинжтэй хөрөнгө оруулалтаас Засгийн газар татгалзах шаардлагатай. Сайд нарын унаа тэрэг, утасны мөнгөнөөсөө хэмнэлт гаргах учиртай.  Амласан шигээ Ардын намын цагаан байрнаас авлигатай тэмцэх ажлаа эхлүүлэх шаардлагатай. Үгүй бол тэр М.Энхболдын замаар өгсөж, М.Энхболдын замаар уруудна гэсэн үг.

ГУРАВ.
Нэг талаар Ерөнхий сайд нь өөрийн биеэр жагсагчидтай уулзаж, төв талбайд амлалт өгөөд зогсч байгаа нь Монгол Улсын ардчилал бас амьтай, голтой байгаагийн шинж. Нөгөө талаар асар их үнээр олдсон тусгаар тогтнол, ардчиллаа хамгаалах үүрэг иргэнд ч, эрх мэдэлтэнд ч бий.  Учир нь, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг Үндсэн хуулиар хамгаалдаг ч эргээд үймээн, самуун үүсгэвэл үүрэх хариуцлагагыг нь Үндсэн хуульд суулгаж өгсөн байдаг. Иймээс эрхээ нэхэн жагсаж байгаа залуус бас энэхүү эрх чөлөөгөө хамгаалж, хайрлах үүрэгтэй юм шүү, дэлхийн улс төр, цаг үеийн нөхцөл байдлаа бодсон ч.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.