Цар тахлын цаадах МАН-ын “зодоон”
Хүн төрөлхтөн таньж мэдэхгүй, нэн шинэ тахалд нэрвэгдээд хоёр жил боллоо. Мутацлагдсан вирус бүхий шинэ хэлбэрээр дахин дахин тархаж, дэлхийн улс гүрнүүд үзэж байгаагүй гамшигтай тулсаар байна.
Манай улс ч коронавируст цар тахлын халдварын тоо буурахгүй, өсөлттэйгээр бүтэн сарыг өнгөрөөж байна. Өдөр бүр 2000 гаруй хүн шинээр халдвар авч, арваас дээш тооны хүн энэ цар тахлын улмаас хорвоог орхиж байна. Өчигдрийн мэдээллээр 2400 хүн халдвар авч, 11 хүн нас баржээ. Халдвартай хүний тоо 93.5 мянга болсон байна.
Хаваржин явагдсан вакцинжуулалтын дараа өдийд гэхэд халдварын тоо эрс буурна гэсэн мэдээллийг Засгийн газраас өгч байсан.
Гэвч тэгсэнгүй. Халдвар улам хүрээгээ тэлж Монгол Улс тэр чигтээ улаан бүс болоод байна.
Эрүүл мэнд, онцгой байдлын мэргэжлийн байгууллагын Тандалтын багаас сүүлийн нэг сарын турш тогтмол өсч буй энэ халдварын тархалтын шалтгааныг судалжээ. Түүгээр Ерөнхийлөгчийн хавтгайруулан олгосон шагнал, Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сурталчилгааны үйл ажиллагаанаас болсон гэж дүгнэсэн.
Ерөнхийлөгч өнгөрсөн сарын хугацаанд 16 мянган шагнал олгосон, түүний 11 мянга нь “Алдарт эхийн одон" байжээ. Халдвар авагсдын 80 орчим хувь нь хүүхэд, эхчүүд байна. Мөн өдөрт гарч буй халдварын 30 гаруй хувь нь орон нутгаас илэрч байна. Ингэхээр Ерөнхийлөгчийн тараасан шагнал хийгээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаатай холбоотой гэдэг нь үндэстэй болж таараад байгаа юм.
Гэхдээ сүүлийн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рүү хийж буй дайралт улам нэмэгдэж байна. Энэ аргагүй. Коронавируст цар тахлыг хумих, халдварын тархалтын эсрэг арга хэмжээ авах үүрэг нь Засгийн газрынх.
Тэр утгаараа нийгмийн уур амьсгал Засгийн газрыг хүйтнээр үлээж таарна. Тиймээс ч Засгийн газар сүүлийн өдрүүдэд байн байн хуралдаж, тодорхой асуудлыг шийдвэрлэх гэж оролдож байна.
Үүний зэрэгцээ нийгмийн уур амьсгал, цар тахлаар халхавчилсан нэг үйл явдлын угтал МАН-д өрнөж байна.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч болоод явж буй У.Хүрэлсүхийн оронд хэн намын дарга болох вэ гэдэг нь МАН-ын дотоодод асуудал болоод байна.
Энэ “сонгууль”-ийн хаялга өнгөрсөн долоо хоногт Тусгаар тогтнолын ордноос гарч, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан, Засгийн газрын хуралдаан дээр хүчтэй яригдаж эхэллээ. Түүнчлэн хотын төвийн “ААА” зэрэглэлийн байршил дахь оффисууд, Тусгаар тогтнолын ордны зарим өрөөнд тусгайлсан уулзалтууд болсон байна.
2021 оны зургадугаар сарын 14-ний даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан, 16-ны Засгийн газрын хуралдаан дээр төмөр замын нарийн царигийн талаар яригджээ. Тодруулбал, одоо явагдаж байгаа төмөр замуудыг нарийн царигаар үргэлжлүүлэх “горимын санал”-ыг нэр бүхий УИХ, Засгийн газрын гишүүд гаргажээ.
Үүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эсэргүүцсэн байна. Тэрбээр “Ерөнхийлөгч Х.Баттулга буух эсэхээс шалтгаалж, төмөр замын бодлого өөрчлөгдөхгүй. Төмөр замууд эхэлснээрээ яваад дуусна. Гашуунсухайтын төмөр замыг гэхэд ийм байдлаар 12 жил гацаасан. Тэр хүнтэй олон зүйл дээр санал зөрөлдөж байсан ч төмөр замын бүтээн байгуулалт, дагуул хотын асуудал нийлж, ажил хэрэг болгосон. Тухайн үеийн Ерөнхий сайд, сая Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх ч, миний бие ч ийм байр суурьтай байсан” гэжээ.
Үүнээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн хурал, Засгийн газрын хуралдаан дээр “Ерөнхийлөгч 16 мянган шагнал тараасан. Үүний 11 мянга нь “Алдарт эхийн одон” байсан.Халдварын тархалт Ерөнхийлөгчтэй холбоотой гэж Засгийн газар байр сууриа илэрхийлэх хэрэгтэй” гэсэн саналууд бас гарчээ.
Ерөнхий сайд мөн л эсэргүүцсэн байна. Тэрбээр “Ямар нэгэн байдлаар цар тахал ийм юмнаас боллоо гэж шалтагласан юмыг хэлж болохгүй. Тийм байсан ч хэн нэгнийг буруутгахгүй. Цар тахалд хэн нэгнээс бурууг хайх шаардлагагүй. Тэр тусмаа улстөржсөн дүгнэлт хийхгүй. Улстөржүүлэхгүй. Харин судлаачдаа сонсоно. Цаашдаа яах вэ гэдэг дээр анхаарна” гэсэн байна.
Харин маргааш нь 17-ны пүрэв гарагт МАН-ын зарим хүмүүс, тухайлбал М.Энхболд, Д.Хаянхярваа, бас Н.Номтойбаяр нар уулзаж "Л.Оюун-Эрдэнэ сая Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намынхаа талд ажилласан.
Гэхдээ өчигдөр Засгийн газрын хуралдаан дээр “Төмөр замыг тогтвортой байлгана” гэж Х.Баттулгыг хамгаалаад байна. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга болох ёсгүй" гэж ярьцгаажээ. М.Энхболдын хувьд ийм байр суурьтай байж, Л.Оюун-Эрдэнийг эсэргүүцэх том шалтгаантай.
Л.Оюун-Эрдэнэ 2016 оны УИХ-ын анхдугаар чуулган дээр намын дарга М.Энхболдыг Ерөнхий сайд болсонгүй гэсэн шүүмжлэлийг хэлж эхэлсэн. 2017 оны зунаас 60 тэрбумын хэргийн араас хөөцөлдөж, Тагнуулын байгууллага, АТГ-аар дахин шалгуулахаар болсон.
Удалгүй хууль хяналтын байгууллагууд 60 тэрбумын хэргийг сэргээн шалгасан. Улмаар намар нь Ерөнхий сайд болсон У.Хүрэлсүх МАН-ын дарга болж, М.Энхболд УИХ-ын даргын суудалтай үлдсэн.
Л.Оюун-Эрдэнэ 2018 оны арванхоёрдугаар сарын эхээр нэр бүхий гурван гишүүний хамт Төрийн ордонд суулт зарлаж, тэр үеэрээ УИХ-ын дарга М.Энхболдын өрөөнд орж уулзахдаа "Та 60 тэрбумын асуудалд үнэхээр холбоогүй юу. Монгол Улсын төрийн сүлд, Үндсэн хууль, төрийн далбааны өмнө үнэнээ хэлчих" гэж байв. 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Сүхбаатарын талбайд М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөх шаардлага тавьж томоохон жагсаал зохион байгуулсан. Ингээд 2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр М.Энхболд УИХ-ын даргаас чөлөөлөгдөж байв.
М.Энхболдод Л.Оюун-Эрдэнийг эсэргүүцэх үндэслэл нь энэ.
Тиймээс тэрбээр өнгөрсөн долоо хоногоос хойш Тусгаар тогтнолын ордноос салахаа больж, уулзалтуудыг идэвхтэй хийж буй ажээ. Сүүлд, энэ сарын 18-ны баасан гарагт Тусгаар тогтнолын ордон дахь өрөөндөө Сү.Батболдтой уулзсан байна. М.Энхболд "Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргад дэмжихгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа" гэдгээ Сү.Батболдод хэлжээ.
Сү.Батболдын тухайд бас л Л.Оюун-Эрдэнийг эсэргүүцэх шалтгаантай. "Оюутолгой" ХХК татварын асуудлаар Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгсөн. Засгийн газар 2021 оны дөрөвдүгээр сарын 21-нд ээлжит бусаар хуралдаж сөрөг нэхэмжлэл гаргах шийдвэр гаргасан.
Сөрөг нэхэмжлэл дэх олон зүйлүүдийн нэг нь Сү.Батболдын "оффшорын" асуудал болсон. Тодруулбал, “Нийслэлийн прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж, гаргасан нэхэмжлэлийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болон гадаад улсын шүүхүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн үйл явдал, баримтад үндэслэн “Кинг энд Спалдинг” хуулийн фирмээс төлөвлөж буй асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах” гэсэн зүйл багтсан. Энэ сөрөг нэхэмжлэлийг Засгийн газар 2021 оны дөрөвдүгээр сарын 30-нд гаргасан байдаг.
Үүнд Сү.Батболд ихэд дургүйцсэн талаар тухайн үед яригдаж байлаа. Тиймээс тэр М.Энхболдын урилгаар уулзалт хийсэн гэсэн үг. Харин уулзалтын үеэр Сү.Батболд М.Энхболдод ямар нэг тодорхой хариу хэлээгүй, байр суурь илэрхийлээгүй байна.
Тэр өдөр С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, М.Энхболд нар уулзаж, Л.Оюун-Эрдэнийг МАН-ын дарга болгохгүй байх талаар ярилцсан гэх мэдээлэл бас байна. Энэ хүмүүс мөн л эсэргүүцэх шалтгаантай. Л.Оюун-Эрдэнэ сул гишүүн байхаасаа МАНАН бүлэглэл гэж эсэргүүцэж ирсэн. ЗГХЭГ-ын дарга болоод “МАНАН бүлэглэл бодитой гэдгийг илүү мэдэрлээ” гэж мэдэгдэж байв.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин