Бараа, бүтээгдэхүүний үнэ 30 хүртэлх хувиар өсөхөд хилийн гацаа нөлөөлж байна

427

Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг сар шинийн баяр ойртож байна. Энэ цаг үед халдварын нөхцөл байдлаас илүүтэй бараа бүтээгдэхүүний хомсдлоос үүнээс үүдсэн үнийн өсөлт иргэдийн нуруун дээр ачаа үүсгэж байна.  Ердөө саяхандаа. Дундаж амьдралтай өрх нэг сая хүртэлх төгрөгөөр цагаан сарын бэлтгэлээ базаачихдаг байв. Гэтэл өнөөдөр нэг сая төгрөг хаанаа ч хүрэхгүй байна хэмээн иргэд ярьж байгаа нь бодит үнэн билээ.
 
Төрөл бүрийн цагаан будааны үнэ хамгийн их өсчээ 
Мэргэжлийн байгууллагаас гаргасан бодит судалгаанаас харахад, сүүлийн хагас жилийн хугацаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 30 хүртэлх хувиар өссөн байна. Ангилж үзвэл,  төрөл бүрийн цагаан будааны үнэ хамгийн өндөр буюу 30 хүртэлх хувь, гоймон пүнтүүз 16.4 хувь, ундаа жүүс, цэвэр ус 11-23 хувь, согтууруулах ундаа 6-11.1 хувь, хиам махан бүтээгдэхүүн 17.8 хүртэлх хувь,    сүү сүүн бүтээгдэхүүн 29.5 хувь, жимс ногоо 13.7, гэр ахуйн бараа бүтээгдэхүүний үнэ 4-16 хувиар өссөн, үнэ нь нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
 
Баярын бялуу 22.8 хувийн өсөлттэй иргэдийн ширээн дээр очжээ 
Мөн саяхан шинэ жилийн баяр болж өнгөрсөн.  Баярын ширээний гол чимэг болдог бялууны үнэ нэмэгдэж, хомдсол үүссэн нь бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл иргэдийн амьдралд хэрхэн тусч байгааг харуулсан  үзүүлэлт болов.  Тухайлбал,баярын ширээний торт энэ жил 22.8 хүртэлх хувийн үнийн өсөлттэйгөөр иргэдийн гар дээр очлоо.  Баяр өнгөрсөн ч эргээд үнэ буурсангүй. Мөн иргэдийн өдөр тутам хэрэглэдэг талх нарийн боовны үнэ ч талийж өгөв. Нарийн боовны үнэ үйлдвэр төрлөөсөө шалтгаалж 27 хувиар өссөн бол талхны үнэ мөн л орц найрлага, үйлдвэрээсээ шалтгаалж 18.8 хувиар нэмэгджээ.  Энэхүү судалгааг мэдээж бодит байдалтай харьцуулан гаргасан бөгөөд  3-4 худалдааны төв дэлгүүрээр ороход  худалдагч нар болон иргэд үнийн энэхүү өсөлтийг хүлээн зөвшөөрч санал нэг байсныг дурьдах  нь зүйтэй юм.  
 
Үнийн өсөлтийн шалтгаан... 
Яагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ингэж өсөв. Энэ асуудалд халдварын нөхцөл байдал гэхээсээ илүүтэй хил гаалийн хаалттай байдал хамгийн их нөлөөлж байгаа юм. Дотооддоо халдвартай амаргүй цаг үед байгаа ч гэлээ Эрээн-Замын –Үүдийн боомтын үйл ажиллагаа  нээлттэй хэвийн үргэлжилж байсан бол өнөөдөр ийнхүү иргэд үнэ нь өссөн бараа бүтээгдэхүүнд халаасаа нимгэлж суухгүй л байсан биз ээ.  
 
Хилийн хаалттай байдал, төр засгийн ойлгомжгүй бодлогоос шалтгаалж, өнөөдөр ачаа тээврийн зардал үлэмж нэмэгдэж, түүхий эд, барааны хомсдол өдрөөс өдөрт үүсч байгаа учраас манай улсад бүх төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ үлэмж өсч байна. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа нь харамсалтай. Өнөөдрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг дан ганц үйлдвэрлэгчид, импортлогчдод чихчихээд бусад буруугаа БНХАУ руу заачихаад байж болохгүй.
Өнөөдөр Замын-Үүдээс Улаанбаатар хот руу төмөр замаар ачаа татан авбал нэг вагон ачаа 2.5 сая төгрөг болно. Харин автомашинаар тээвэрлэх юм бол таван сая орчим төгрөг байна гэсэн тооцоолол гарч байгааг Шадар сайд С.Амарсайхан саяхан мэдэгдсэн.   Гэхдээ энэ нь бодит тооцоолол биш гэдгийг худалдаачид хэлж байгаа юм. Учир нь ачаа илгээгч, хүлээн авагч талууд үгсэж үнээ нэмдэг асуудал гарсаар байгааг худалдаачид учирлаж байгаа билээ.
 
Экспертүүд ингэж ярьж байна 
Эдийн засагч О.Батчулуун энэ оны эдийн засгийн төлөв байдлыг шинжихдээ “ААН-үүдэд дотоод болон гадаад эрсдэлүүд өндөр хэвээр байна. Ковидоос шалтгаалсан хүний нөөц, тээвэр ложистик, санхүүгийн эрсдэлүүд ААН-үүд болон иргэдэд сорилт авчирсан хэвээр байх болно. Тиймээс бүсээ үргэлжлэн чангалах бодлого барихаар байна” гэж дүгнэжээ. Эдийн засагч Ц.Даваадорж “Цаашид хилийн хориг үргэлжилсээр байвал бараа, бүтээгдэхүүний хомсдолоос авахуулаад эдийн засгийн идэвхжил суларна. Ер нь жил бүрийн нэгдүгээр сард улсын орлого, эдийн засгийн нөхцөл байдал муу байдаг. Гэхдээ энэ жил хил хаалттай, цар тахлын тодорхойгүй нөхцөлд бүр муудах байх. Уг нь Цагаан сараар эдийн засгийн урсгал сэргэдэг байсан ч энэ жил сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй бололтой. Улмаар дотоодын эдийн засгийн идэвхжлийг сэргээж чадахгүй болов уу гэжээ. Эдийн засагч Ц.Батсүх “Энэ оны эдийн засаг гадаад нөхцөл байдлаас их хамаарна. Хэрэв Хятадын талтай ойлголцож, хилийн хориг суларч, экспортын орлогын голлох бүтээгдэхүүнүүдээ нийлүүлж чадвал эдийн засаг сэргэх төлөвтэй. Харин өнөөдрийн нөхцөл байдал энэ оны хоёрдугаар улирал хүртэл үргэлжилбэл маш хэцүү. Тодруулбал, бараа, бүтээгдэхүүний бодит хомсдолын улмаас үнийн хөөрөгдөл үүснэ. Ер нь инфляцын дарамт иргэдийн амьжиргаанд хүнд цохилт болох дүр зураг ажиглагдаж байна” гэжээ.
 
Ер нь Цаашид, Эрээн хилээ нээсэн ч эдийн засаг шууд сайжрах боломжгүй. Дээр нь  Монголд нэг өссөн үнэ дахиж буурдаггүй гэдэг үг бий. Нөгөөтэйгүүр олон улсын судлаачид БНХАУ өвлийн олимпийн дараа ч мөддөө хилээ нээхгүй гэх таамаглалуудыг дэвшүүлээд байна. Гэхдээ нээлгэхийн төлөөх оролдлогыг манай ажил хариуцсан сайд, дарга нар цаг тутам хийж л байх ёстой. Импортын барааны нийлүүлэлт нэмэгдэхэд эргээд бараа бүтээгдэхүүний үнэ 30 хувь буурч өмнөх дүндээ хүрэхгүй юм гэхэд 10 хувь ч  болов буураасай билээ дээ.
 
Үнэ хурдтай нэмэгдэж байгаа ч цалин тэтгэвэр хөдлөхгүй нь... 
УИХ-аас 2022 оны төсвийг батлахдаа энэ онд цалин тэтгэврийн хэмжээг нэмэхгүй байхаар тусгасан.  Бараа бүтээгдэхүүний үнэ гэрлийн хурдаар нэмэгдэж байхад иргэдийн гар дээр очиж байгаа цалин хөлс, орлого нэмэгдэхгүй байгаа нь эргээд нийгэмд асуудал үүсгэж байна. Ядуурал газар авч, нийгмийн стресс нэмэгдэж байгаа нь ч үүнтэй холбоотой. Цалин тэтгэврээ нэм, хилээ нээ гэсэн шаардлагуудыг тавьж, бараа бүтээгдэхүүнийхээ үнэ өсч хомсдол үүсч байгаа талаарх пост, баримтууд ч цахим орчинд хөвөрч байгаа нь  нийгмийн уур амьсгал ямар байгаа  илтгэнэ. Тэгэхээр төр засаг ч  энэ чиглэлд нэн тэргүүнд бодлого хэрэгжүүлэх нь чухал байгаа юм. Дахиад хэлэхэд, өнөөдрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг дан ганц үйлдвэрлэгчид, импортлогчдод чихчихээд бусад буруугаа БНХАУ руу заачихаад байж болохгүй.
 
 
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.