Өргөн хэрэглээний хүнсний үнэ 20-30 хувиар өсжээ
Алтан намар айчлан ирж, монголчуудын өргөн хэрэглээний бүтээгдэхүүн мах, гурил, хүнсний ногооны үнэ харьцангуй буурч байна. Гэсэн хэдий ч цагаан будаа, ургамлын тос, өндөг гэсэн зарим хэрэгцээт бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр. Иргэдийн амьдрал туйлдаж цалин нь хэрэглээнд хүрэхгүй боллоо гэж халаглах болов. Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийг сурвалжлахаар хүмүүс олноор үйлчлүүлдэг “Бөмбөгөр” худалдааны төв, “Оргил” бөөний төв, “И-март” худалдааны төвийг зорилоо. Эхний удаад “Бөмбөгөр” худалдааны төвд нэг килограмм цагаан будаа 2200-4300 төгрөгийн хооронд үнэтэй байв.
Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 15-нд гаргасан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний судалгаагаар цагаан будааны дундаж үнэ 3754 төгрөг байгааг тогтоожээ. Энэ бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад цагаан будааны үнэ тав орчим хувиар өссөн үзүүлэлт. Тус төвд ургамлын тос нэг литр нь 4500-8500 төгрөгийн үнэтэй байгаа бол хүмүүсийн өдөр тутамдаа хэрэглэдэг өндөг 340-460 төгрөгийн үнэтэй байна. Сүүлийн хэдхэн сарын хугацаанд ургамлын тосны үнэ 2000-3000 төгрөгөөр өссөн нь ургамлын тосыг импортоор авдаг, цар тахлын улмаас хил гаалийн нөхцөл байдал хүнд байгаатай холбож худалдагч нар тайлбарлалаа. Харин монголчуудын өндөгний хэрэгцээний тал орчим хувийг дотоодод хангадаг нь үнэ тогтвортой байхад нөлөөлсөн нэг шалтгаан байж магадгүй аж.
Үндэсний стастистикийн хорооноос гаргасан энэ сарын 15-ны өдрийн байдлаарх судалгаагаар ургамлын тосны дундаж үнийг 4821 төгрөг гэжээ. Энэ үнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23.96 хувиар өссөн үзүүлэлт юм. Импортоор орж ирдэг шүдэнз, ариун цэврийн цаас, ахуйн хэрэглээний зарим бүтээгдэхүүний үнэ ч тодорхой хэмжээнд өссөн гэдгийг иргэд хэлж байлаа. “Бөмбөгөр” худалдааны төвөөс худалдан авалт хийгээд гарч байсан иргэн С.Болормаа “Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн дийлдэхгүй үнэтэй болсон байна. Хямдыг нь бодож гэрээсээ хол байдаг ч энэ худалдааны төвийг зориод ирлээ. Гэвч зарим зүйлсээ л авлаа. Зарим хүнсээ авч чадсангүй. Мөнгө хүрсэнгүй. Иргэдийн өргөнөөр хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд дунджаар 500 төгрөгөөр лав нэмэгдсэн байна шүү. Гэтэл бидний тэтгэвэр нэмэгдээгүй амьдрал хүнд болж байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн нь шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотой байх. Энэ жил шатахууны үнэ хоёр ч удаа нэмэгдсэн. Нэг удаадаа 300 төгрөгөөр нэмэгдэхэд яг тэр хэрээрээ хүнсний бүтээгдэхүүн, хувцас, бараа гээд бүх юмны үнэ нэмэгдэж байна. Одоо шатахууны үнэ буурсан ч гэсэн хүнс, барааны үнэ эргээд буухгүй гэдэг нь тодорхой. Энэ жишиг ер нь манай улсад байдаг шүү дээ” гэж бухимдангуй хэллээ.
Он гарснаас хойш шатахуун, барилгын материал, мах гээд нэмэгдээгүй хүнс, бараа ховор байна. Эдгээр стратегийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлт, хомсдол зэргээс бусад хүнс, барааны үнэ ч шалтгаалж байгаа нь жам ёсны зүйл болсон. Цааш нь бид “Бөмбөгөр” худалдааны төвийн зарим бүтээгдэхүүний үнийг “Оргил”, “И-март” худалдааны төвийн үнэтэй харьцуулахыг зорилоо. III, IV хорооллын эцсийн “И-март” ороход иргэн Д.Туяа ийнхүү хэлэв. “Хүнс, барааны үнэ маш их өссөн байна. Өмнө нь 70 мянган төгрөгөөр долоо хоногийн хоолны хүнсээ хангалттай авдаг байсан бол одоо 3-4 хоногийн хүнсээ арай гэж худалдаж авч байна. Хил гаалийн асуудлаа шийдэж чадахгүй байгаа учраас үнэ нэмэгдээд байгаа гэж ойлгож байгаа. Нэг жишээ болгоод хэлэхэд, сая энд бичиг хэргийн дэлгүүрт 600 төгрөгөөр зарж байсан үнэмлэхний гэр гэхэд өөр нэг дэлгүүрт 3000 төгрөгийн үнэтэй байна. Сургуулийн хүүхдүүд QR код бүхий наалт уншуулж сургууль руугаа ордог болж байгаа гэсэн сургаар л үнэмлэх хийдэг тэр жижиг хавтасны үнэ ингэж нэмэгдсэн байна шүү дээ” хэмээн халаглав.
“И-март” сүлжээ дэлгүүрт нэг килограмм “Сумо” цагаан будаа 3490 төгрөг байгаа бол “Оргил” бөөний төвд 3420 төгрөг, “Бөмбөгөр” худалдааны төвд 3000 төгрөгөөр зарагдаж байна. “Рикко” ургамлын тос “И-март” сүлжээ дэлгүүрт 8980 төгрөг, “Оргил” бөөний төвд 8580 төгрөг, “Бөмбөгөр” худалдааны төвд 7500 төгрөгийн үнэтэй байв. “Баян” өндөг “И-март” сүлжээ дэлгүүрт 430 төгрөг, “Оргил” бөөний төвд 478 төгрөг, “Бөмбөгөр” худалдааны төвд 460 төгрөгөөр худалдаалагдаж байлаа. Бөөний төв, худалдааны төвүүдэд цагаа будаа, ургамлын тос, өндөгний үнэ ямар ялгаатай байгаа харуулахыг зорилоо. Цар тахлаас шалтгаалсан хил, гаалийн асуудлаас зарим бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдэж байгаа нь иргэдэд асар их “дарамт” болж байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, холбогдох төр, захиргааны байгууллагуудаас бараа бүтээгдэхүүний үнэд хяналт тавьдаг. Энэ хяналтаа сайжруулж, өссөн үнэ нь эргээд буурдаг байхыг л иргэд хүсэж байлаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Л.Хонгорзул