Хийлдэг тоглоом хийссэний улмаас амиа алдсан хүүхдийн тоо зургаа боллоо
Австралийн Тасмани арлын Дэвенпорт хотын дунд сургуулийн гадна талбайд байсан шилтгээн хэлбэртэй хийлдэг тоглоом салхинд хийссэний улмаас таван хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэргийн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уг ослын улмаас гэмтсэн нэг хүүхэд өчигдөр нас баржээ. Хобартын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 11 настай Чейз Харрисоны амьдралыг дэмжих төхөөрөмжийг өчигдөр салгасан байна. Ингэснээр уг эмгэнэлт ослын улмаас хохирсон есөн хүүхдийн зургаа нь амиа алдлаа.
Чейз Харрисон
Үлгэрийн цайз хэлбэртэй хийлдэг тоглоом гэнэтийн хүчтэй салхинд агаарт хөөрсний улмаас дээр нь тоглож байсан есөн хүүхэд 10 орчим метрийн өндрөөс газарт унасан юм. Тэдгээр хүүхдийн тав нь /11 настай Аддисон Стюарт 12 настай Зейн Меллор, Жей Шихан, Жалайла Жейн-Мари Жонс, Питер Додт/ газар дээрээ амиа алдсан бол нэг нь өчигдөр буюу ослоос гурав хоногийн дараа ийнхүү амиа алдаж байна. Үлдсэн гурван хүүхдийн хоёрынх нь бие тогтворгүй, маш хүнд байдалтай байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Харин нэг хүүхэд азаар харьцангуй хөнгөн бэртсэн бөгөөд эмнэлгээс гарч, өчигдөр сургууль дээрээ очин амиа алдсан нөхдөдөө хүндэтгэл үзүүлсэн байна. Тэд нэг ангийнхан байсан аж.
Осол гарах үед тухайн сургууль хичээлийн шинэ жил дууссаны баяраа тэмдэглэж байсан тул тоглоомын талбайд маш олон хүүхэд байсан нь хохирол их гарах нөхцөлийг бүрдүүлжээ.