З.Цэвээндорж: Нийтийн тээврийн салбарт туршлагатай жолооч дутмаг байна

407


Нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдод үйлчилж буй жолооч нарын соёл, ёс зүй, зан харилцааны талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржтой ярилцлаа.

-Автобусны жолооч нар бүхээгтээ тамхи татдаг, зорчигчтой зүй бусаар харьцдаг, гэнэт тоормослож хүмүүсийг гэмтээдэг гэхчлэн гомдол гаргах нь бий. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Монгол Улсын Авто тээврийн тухай хууль, Нийтийн тээврийн үйлчилгээний стандартад тухайн жолоочид тавигдах шаардлагыг тусгасан байдаг. Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигч тээвэрлэх жолооч нь D ангилалтай, 21-ээс дээш настай, мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байх гэхчлэн заалт бий. Мэргэшсэн жолоочийн үнэмлэх авахын тулд нийтэд үйлчлэх соёл, тавигдах шаардлага, ёс зүйн хэм хэмжээг тодорхой хэмжээнд заалгасан гэсэн үг. Түүнчлэн бид жолооч нараа давтан сургалтад суулгадаг. Ялангуяа зөрчил гаргасан жолооч нарыг заавал давтан сургаж байгаа. Сургалтыг Зорчигч тээврийн нэгтгэлийн "Нарны зам” сургалтын төвтэй хамтран зохион байгуулдаг.

-Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй жолооч нарын хүрэлцээ муу байгаа тухай яригдсан. Нийтийн тээврийн салбарт хэчнээн жолооч ажиллаж байна вэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутамд  942 тээврийн хэрэгсэл гардаг. Хөдөлмөрийн тухай хуулиар нэг автобусанд өдөртөө хоёр ээлжийн жолооч ажиллах ёстой. Тэднээс гадна бэлтгэл жолооч бас хэрэгтэй. Ингээд бодвол нийтийн тээврийн үйлчилгээнд дор хаяж 3000 орчим жолооч ажиллах шаардлага гардаг. Гэвч өнөөгийн нөхцөл байдал тэр хэмжээнд хүрэхгүй байна. Уул уурхайн салбарт жолооч нарын цалин хөлс, ажлын цагийн үнэлгээ өндөр байдагтай холбоотойгоор нийтийн тээврийн жолооч нар тус салбар руу олноороо "урвасан”.

-Нийтийн тээврийн салбарын жолооч нарын цалин хөлс дунджаар хэд байдаг вэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээний зардлын санхүүжилтэд сууснаар жолоочийн нэг цагийн хөдөлмөрийн хөлсийг 1300 төгрөгөөр тооцдог. Энэ үнэлгээгээр  хамгийн сайн гүйцэтгэлтэй жолооч гэхэд л сард сая гаруй  төгрөгийн  цалин авч буй юм. Иймээс жолооч нар уул уурхайн салбар руу олноороо явж байна.

-Автобусны жолооч нар гэнэт огцом тоормослох, гэнэтийн эргэлт хийх, хүүхэд багачууд, хөгшдийг буулгаж суулгахгүй хөдлөх зэргээр иргэдийг бухимдуулах нь бий. Энэ талын гомдол танай байгууллагад ирдэг үү?

-Хөдөлгөөнд оролцохдоо гэнэт тоормослосон, эргэлт хийсэн зэргээс болж хүн бэртэж гэмтсэн бол цагдаагийн байгууллага шалгадаг. Бусад зөрчлийн тухайд авто тээврийн улсын байцаагч хянаж шалгаж байгаа. Зорчигчтой зүй бусаар харьцсан, хүмүүсийг доромжилсон гэсэн гомдол цөөнгүй  ирдэг. Зөрчлийг шалгаад жолооч буруутай болох нь тогтоогдвол хариуцлага тооцож, сургалтад суулгасны дараа дахин нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллуулдаг. Нийтийн тээврийн салбарт удаан ажиллаж буй жолооч их цөөрсөн. Жолооч нарын сэлгэлт их байгаагаас туршлага суусан жолооч дутмаг байгаа. Энэ бүхнээс үүдэн алдаа дутагдал гарч байна.

-Автобусны цэвэрлэгээ, ариутгал иргэдийн зүгээс шүүмжлэл дагуулдаг. Автобусанд тасалбар түгээгч ажиллахаа больсон болохоор жолооч нар автобусаа цэвэрлэдэг үү?

-Нийтийн тээврийн салбарт 19 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүд угаагчийн орон тоог бий болгож, автобусны цэвэрлэгээг хийж байгаа.

-Автобусанд бэлэн мөнгөөр бус картаар зорчдог болоод багагүй хугацаа өнгөрч байна. Дэвшил авчирч чадсан уу?

-"Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл 2015 оноос эхэлсэн. Картаар үйлчлүүлснээр заавал  бэлэн мөнгө авч явах шаардлагагүйн дээр тухайн чиглэлд зорчиж буй иргэдийн тоо, хэрэгцээ шаардлагыг гаргаж баталгаажуулснаар нийтийн тээврийн төлөвлөлт хийхэд дөхөм болдог. Картын системд шилжсэн эхний жилүүдэд 10 зорчигчийн хоёр нь л карттай байсан бол одоо 10 хүний найм нь картаар үйлчлүүлдэг болсон. Иргэд картаар зорчиж сурч байна. Энэ бол сайн хэрэг.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.