“Дээл”-ээ давхарлахаас өөр гарц Засгийн газарт үлдсэнгүй
БНМАУ-ын сүүлчийн Ерөнхий сайд Д.Бямбасүрэн энэ албыг хашиж байхдаа нутагтаа очсон гэдэг. 1991, 1992 оны үед шиг байгаа юм. Тэрбээр Ерөнхий сайдын хувиар хурал цуглаан хийж л дээ. Сумын клубт цугласан олны дундаас нутгийн нэг хүн босч “...За, та энэ сайхан нутгаас төрж гарсан Ерөнхий сайд билээ. Таны удирдсан Засгийн газарт энэ нутгийн нэг ч сайд алга. Нутгийнхнаасаа дэмжээд сайд болгож болдоггүй юм уу” гэжээ. Тэгэхэд Ерөнхий сайд Д.Бямбасүрэн “...Тийм ээ, би энэ улсын Ерөнхий сайд хүн. Манай Засгийн газарт нутгаас маань сайд хийж байгаа хүн байхгүй. Үнэн. Гэхдээ нутгаас маань төрийн сайд хийчих чадалтай хүн байсангүй” гэж хариулсан гэдэг юм.
...Харамсалтай нь энэ Засгийн газрын бүрэлдэхүүний нэлээд хэсэг болох “мэргэжлийн” хэмээх гуншинтай, “дан дээл”-тэй сайд нар ажлыг нь жинхэнэ нурааж байх шиг байна.
Асуулт ч гэж асуулт, хариулт ч гэж хариулт юм шүү.
Чухамдаа Д.Бямбасүрэн гуайн логик нь нутаг ус, улс орон гэдгийг сүрхий ялгаж зааглаж байжээ.
Түүний хувьд Монгол Улсын жинхэнэ эргэлт өөрчлөлтийн хоёр жилд Ерөнхий сайдаар нь ажилласан. Амаргүй ч үе байсан гэдэг. Тэргүүлсэн Засгийн газар нь 1991 оны нэгдүгээр сарын 15-нд алдарт 20 дугаар тогтоолыг гэнэт гаргасан. Нийт 18 заалт, хоёр хавсралттай “Эдийн засгийг зах зээлийн зохицуулалтад шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” тус тогтоол гарснаар Монгол даяар эдийн засгийн шок болж байжээ. Товчхондоо, мөнгийг цаас болгосон тогтоол л доо. Банкны хадгаламж, авдарт хадгалсан мөнгө, авсан цалин бүгд нэг л өглөө цаас болтол үнэгүйдэж байв.
Энэ талаараа Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “...Төр засаг байхын утга учир нь заавал бүх хүний санаанд нийцсэн алхам хийхдээ биш, нийгэмдээ аюул тулгарсан үед хүчтэй эмчилгээний арга хэмжээ авах чадвартай байх ёстой. Тэр үед гадаад худалдаа боогдоод маш хэцүү байсан гэж дээр хэлсэн. ЗХУ-ын цэрэг манай улсаас гарахдаа хүнсний болон бараа бүтээгдэхүүн зөөж гараад нийгэм хямраад хэцүү байлаа. Монгол ухаанаар бол түймрийн урдаас цурам тавьж 20 дугаар тогтоолыг гаргасан. Монголынхоо эдийн засгийг аварч гарсан чухал тогтоол гэж би үздэг. Хэрэглэгчдийн хувьд хүндхэн тогтоол байсан. Жаахан хөрөнгө хураасан хүмүүс хүнд байдалд орсон л байх” гэж байв.
Түүний дараа 1992-1996 онд Ерөнхий сайдаар ажилласан П.Жасрай гуай ч маш хүнд үеийн Засгийн газрыг удирдаж байлаа. Эдийн засаг жинхэнэ утгаараа элгээрээ хэвтчихсэн үе. Гэхдээ 1993 онд Монгол Улсын төсөв, урсгал гадаад худалдаа анх удаа алдагдалгүй гарсан. Улмаар 1994 оноос эдийн засаг өссөн байдаг. 1995 онд мал сүрэг 1.8 саяар, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн 20 хувиар, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 16.7 хувиар өссөн. Гадаад худалдаанаас 126 сая ам.доллар олж ДНБ 3.6 хувиар өсчээ. Товчхондоо, П.Жасрайн Засгийн газрын үед эдийн засгаа -9.3-аас +6.4 хүртэл нь өсгөж чадсан юм.
“...Хонгилын үзүүрт гэрэл харагдлаа” гэдэг түүний алдартай “үг” бий. Монгол төрийн хоёр эрхмийг дурсах болсон нь ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хэлсэн ярьсантай холбоотой. Томилогдсоноосоо хойш олны өмнө бараг гараагүй Ц.Нямдорж сайд өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдааны дараа гарч ирж мэдэгдэл хийв. Тэгэхдээ “...Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн түлшний хангамжтай холбоотой асуудал хэлэлцсэн. Ковидын нөхцөл байдал, бензиний гэх мэт асуудал үүссэн. Энэ нь өөрөө улс төрийн хурцадмал үед бий болж байгаа. Тийм учраас үүнийг дагасан таагүй үйлдлүүд гарч байгаа шинжтэй. Ковидын нөхцөл зөвхөн Монголд биш, дэлхий нийтэд амаргүй байна. Жаахан намдаж байгаад намрын ханиадтай зэрэгцээд өвчлөл, нас баралт ихсэх хандлагатай боллоо. Засгийн газар, УОК, ЭМЯ, холбогдох албаныхан чадан ядан ажиллаж байна.
Ковидын дараах эдийн засгийн байдал гэж том асуудал гарч байна. Үүнээс гадна Орос, Хятад, Америк зэрэг их гүрнүүдийн ил далд тэмцлийн нөлөөгөөр үнэ өсөж байна. АНУ-аас 2000 ам.доллараар ирдэг байсан ачаа 10 мянган долларт хүрсэн. Хятадад дотоодын тээвэрлэлт 2-3 дахин өссөн. Сүүлийн өдрүүдэд Европт 600 ам.доллар байсан 1000 шоо метр газрын үнэ 15-хан хоногт 1280 ам.доллар болж, хоёр дахин өслөө. Ерөнхий том зургаар нь харахад ковидын нөлөөллөөс болж гадаад ертөнцөд эдийн засгийн хүндрэлийн хаялгыг Монгол Улс дайрч гарах болж байгааг ний нуугүй хэлье гэж бодлоо” гэв.
Магадгүй, одоогийнх шиг хүнд үеийг Монгол Улс, хүн төрөлхтөн туулж үзээгүй биз. Энэ ковид дуусах уу, үгүй юу. Дуусах бол хэзээ, дахиад хэр удаан үргэлжлэх вэ. Ковид дууссаны дараа эдийн засаг хэрхэх вэ. Дэлхийн эдийн засаг яаж хөрвөх вэ. Энэ бүхэн тодорхойгүй. Тодорхойгүй учраас энэ дэлхийн улс үндэстэн бүр хэдийнэ бужигнаж, амьд үлдэхийн төлөө тэмцэж байна. Хамгийн эрэлттэй брэндүүдийн борлуулалт ч сар сараар буурч байна. Хамгийн сүүлд харсан мэдээллээр, "Hyundai" компанийн есдүгээр сарын борлуулалт өмнөх оны энэ үеийнхээс 22 хувиар буурчээ. Ер нь дэлхийн томоохон автомашины үйлдвэрүүд ч хэвийн бус ажиллаад жил гаруйг үдэж байгаа аж. Нэг л жишээ энэ.
Чухамдаа Ц.Нямдорж сайдын хэлсэнчлэн энэ хүнд сорилтын өдөр хоногуудад Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар үүрэг гүйцэтгэж буй юм.
Үнэнийг хэлэхэд, энэ Засгийн газар реформын шинжтэй олон алхам хийж байна. 30 жил, магадгүй 50-60 жил Монголын төр, нийгэм, эдийн засагт бугшиж ирсэн олон асуудлыг хагалж, хөдөлгөж үзэж байна. Оросоос айгаад ярих төдий явж ирсэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгааны станцыг бариад эхэллээ. Хятадаас эмээгээд эхлүүлж чадддаггүй байсан Чингэлэгт тээврийн терминалыг нээлээ. Өмнөх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар олон жилийн турш онгоцны шатахууныг монопольдож нийлүүлж ирсэн импортлогч компанийг халж, төр өөрийн компаниар Оростой хамтарч шийдэх тогтоолыг гаргалаа. Замын-Үүд, Гашуунсухайтад үүрлээд байсан авлигын сүлжээнүүдийг нураасан. Удахгүй тэндхийн хэрэг зөрчлийг шалгаад дуусахаар мэдээлэл нь аяндаа ил болно. Мөн ч том ангайлгана даа. Одоо Засгийн газрын зүгээс ковидын хямралын хамгаалалт болсон хууль санаачилснаа УИХ-д оруулах гэж байгаа мэдээлэл бий. Тэр хууль хэрэгжээд эхлэхээр гадна, дотнын хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчид, ажил олгогчид, үйлдвэрлэгчдийн нуруу тэнийх нь лавтай. Харин төрийн хүнд суртал, тэнд ажилладаг нөхдүүдийн авлигын уут хоосорно. Ийм санаа зорилготой хууль юм санж.
Засгийн газар, Ерөнхий сайдын бодлого, үйлдэл нь эдгээр хийгээд өөр бусад томоохон асуудалд чиглэж байгааг хэвлэл мэдээллийн албаны төлөөлөгчид нь дуулгаж байна.
Харамсалтай нь энэ Засгийн газрын бүрэлдэхүүний нэлээд хэсэг болох “мэргэжлийн” хэмээх гуншинтай, “дан дээл”-тэй сайд нар ажлыг нь жинхэнэ нурааж байх шиг байна.
Шатахууны хоёр удаагийн зохиомол хомсдолыг УУХҮ-ийн сайд Г.Ёндон шийдэж чадсангүй. Шатахуун импортлогч Монголынхоо компаниуд, шатахуун экспортлогч Орос, Хятадын талтай тэр хүн ямар ч контакт алга. Контактгүй юм чинь зохицуулалт байхгүй. Юу хийдэг нь мэдэгдэхгүй нэг ийм сайдын үүрэгт ажлын алдааны пянг Засгийн газар үүрч дуусав.
...Маргааш хэн нэгэн “мэргэжлийн” сайд бас нэг бүтэлгүй явдлын эзэн болно. Тэгэхээр одоо Засгийн газар, Ерөнхий сайд, ер нь бол УИХ-д энэ гацаанаас гарах ганц л гарц үлдээд байна.
Г.Ёндонг юу юу гэж магтаж томиллоо доо. ОХУ-ын Иркутск хотын Политехникийн дээд сургууль, ОХУ-ын Иркутск хотын Техникийн их сургууль төгссөн. Уулын инженер-маркшейдер мэргэжилтэй. Докторын (PhD). Монгол Улсын зөвлөх инженер цолтой. ШУА-ийн Уул уурхайн хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд ажилтан, ажилтан, "Монголросцветмет" ХХК-ийн Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт гүний уурхайн хэсгийн маркшейдер, ахлах маркшейдер, ерөнхий маркшейдер, хэлтсийн дарга, "Монголросцветмет" ХХК-ийн "Шижир Алт" уулын үйлдвэрийн захирал, "Монголросцветмет" ХХК-ийн "Баргилт" уулын үйлдвэрийн уурхайн ерөнхий инженер, уурхайн дарга, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Улаанбаатар хотын төлөөлөгчийн газрын орлогч дарга, "Монголросцветмет" ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажилласан. Г.Ёндон нь уул уурхайн салбарт 27 жил ажилласан туршлагатай гэж байгаад сайд болгосон.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа Г.Ёндонгийн хүүхдийн сургалтын төлбөрийг “Монголросцветмет”-ээс гаргасан асуудалд ороход нам хамгаалаад өнгөрч байв. Тэгэхэд “...Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд мэдээлэл авсан. Ингээд зөрчил гаргасан байж болзошгүй асуудалд шалгалт хийх нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ төрийн өмчит компаниуд ашигтай ажиллавал ямар нэгэн байдлаар ажилчдаа урамшуулдаг нь дэлхийн жишиг.
Мэдээж энэ нь Г.Ёндон сайдыг зөвтгөж байгаа хэрэг биш. Одоо байгаа албан тушаалтай нь хариуцлага тооцно гэхээр сайд болсноосоо хойш биш төлбөрөө төлүүлээгүй. Цаашдаа энэ асуудлыг таслан зогсоохыг Ерөнхий сайд үүрэг болгосон” гэлээ. Өөрөө Ерөнхий сайд болоод үлдээж ажиллуулсан. Одоо хар даа.
Энэ Засгийн газрын мэргэжлийн бөгөөд бүтэлгүй сайд Г.Ёндонгоор зогсохгүй. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх гэж жинхэнэ мэргэжлийн “цахилгаанчин” гэж байгаад л тавьж байв шүү. Тэрбээр ТИС, Удирдлагын академи, ШУТИС төгссөн. Цахилгааны инженер мэргэжилтэй. Удирдахуйн ухаан, эрчим хүчний магистр. Монгол Улсын зөвлөх инженер цолтой. Багануурын цахилгаан, шугам сүлжээний газрын Засварын албанд монтёр, мастер, инженер, Албаны дарга, "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн ерөнхий инженер бөгөөд дэд захирал, гүйцэтгэх захирал, "Багануур-Энерги" ХХК-ийн гүйцэтгэх захирал, Багануур хотын захирагч, "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, ийм байдлаар улсад 26 жил, үүнээс эрчим хүчний салбарт 24 жил ажилласан туршлагатай гэж танилцуулж байлаа.
Энэ сайд сая шахмал түлшин дээр хальтирлаа. Мөн л Г.Ёндон шиг зохион байгуулалт, удирдах арга барил алга.
Тэгвэл түүний өмнө Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан одоогийн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн гэж нуль зангараг бий. Ц.Даваасүрэн сайд байхдаа шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн багийг удирдсан хүн. 2019 оны намар аравдугаар сард даа, анх шахмал түлшийг хэрэглэж эхлэхэд хүмүүс утаанд нь угаартаж нас барлаа гээд нийгэм шуугиж байв. Юун, одоогийн хомсдол гэдгийн дэргэд жинхэнэ асуудал байхгүй юу. Тэгэхэд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн гарч ирээд “...Шахмал түлшинд хэрэглэж байгаа түүхий эдтэй холбоотой тодруулга өгье. Ашиглаад байгаа түүхий эд бол мидлинг буюу түүхий нүүрс, коксжсон нүүрс хоёрын завсрын бүтээгдэхүүн. Угаагдсан нүүрс. Тиймээс учраас энэ бол ердын хүрэн нүүрснээс хоёр дахин илчлэг ихтэй, үнэтэй. Яагаад үүнийг үнэгүй авсан юм бэ гэх хардлага яваад байгаа. Засгийн газрын зүгээр “Энержи ресурс” компанид нийгмийн хариуцлагын үүднээс нөөцөнд байгаа мидлингээ үнэгүй өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Дэлхийн зах зээлийн ханшаар тооцвол 14 сая ам.долларын үнэтэй мидлингийг бид авч хэрэглэсэн. “Энержи ресурс” компани нийгмийн хариуцлагын үүднээс хандсанд талархаж байгаа.
Яагаад хятад руу гараагүй гэхээр өндөр чанарын коксжсон нүүрсний цуваа дийлдэхгүй байгаа. Зэрэгцүүлээд үүнийг зөөх юм алга” гээд тайлбарлачихаж байв. Лав тэр үед шахмал түлшнээс болж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг зүхэж байсныг санахгүй юм. Харин ч үүнийг зориглож хэрэгжүүлснээрээ сайн нэрийг их дуулсан даа.
Өнөөдөр энэ Засгийн газар хэдхэн “давхар дээл”-тэй буюу УИХ-ын гишүүн сайдтай. Нэг нь БШУ-ы сайд Л.Энх-Амгалан байна. Л.Энх-Амгалан шиг менежменттэй сайд лав энэ танхимд байхгүй. Уг нь боловсролын салбар бол хамгийн их хэл ам, хэрүүл тэмцэл дагуулдаг. Тэгж ч ирсэн.
Энэ бодит байдлууд юу хэлээд байна вэ гэхээр “дан дээл”-тэй, мэргэжлийн гэгддэг сайд нар ийм цаг үеийн Засгийн газарт үнэндээ жулддаг юм байна. Мэргэжлийн байвч салбарын биш байдаг. Бас улс төрөө дааж чаддаггүй. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн нутгийнхандаа хэлсэнчлэн “...Чадалтай бус” байгаа юм.
Гэхдээ ийм сайд нар өөрсдөө хүч түрж Засгийн газарт ороод ирчихсэн юм биш. 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу томилогдсон. Тэгэхэд Үндсэн хуулийн 39.1-д “...Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гээд оруулчихсан. Тэр үед цаг сайхан байв. Ковид гараагүй байсан. Ийм хүнд үетэй тулна гэж хэний ч санаанд ороогүй байлаа л даа.
Одоо харин хоёр жилийн турш хүнд үе, сорилтуудтай тулж байна. Ингэхэд эдгээр сайд нар жижигдэж, жулдаад баллаж байна. Засгийн газрын нэр хүнд яахав, Монголын амьдралд нэмэр бус нэрмээс өгөөд эхэллээ. Өчигдөр Г.Ёндон, өнөөдөр Н.Тавинбэх... Маргааш хэн нэгэн “мэргэжлийн” сайд бас нэг бүтэлгүй явдлын эзэн болно. Тэгэхээр одоо Засгийн газар, Ерөнхий сайд, ер нь бол УИХ-д энэ гацаанаас гарах ганц л гарц үлдээд байна. Тэр нь үтэр түргэн “тэрлэг” ч нөмөрч чадаагүй “мэргэжлийн” сайд нарыг явуулж, оронд нь УИХ-аас хэдэн занхар сайдыг томилох хэрэгтэй болж байна. Магадгүй, сайхан цагт оруулж байсан Үндсэн хууль дахь романтик заалтаа авч хаях хэрэгтэй болох биз ээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин