Д.Сумъяабазар: Зөвлөлдөх уулзалт эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгоно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт үргэлжилж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах байр суурийг илэрхийллээ.
-Есдүгээр сард байгууллагууд төсвөө хэлэлцдэг чухал үе. 2022 онд ямархуу чиг баримжаатай явах, мянганы бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх, гаднын хөрөнгө оруулагчдыг татах, төсөв санхүүтэй уялдаж улс оронд хийх бүтээн байгуулалт, төр, олон нийтийн ажил явагдах учиртай. Тиймээс энэ зөвлөгөөн цаг үеэ олсон уулзалт болж байна.
Үйлчилгээний салбарыг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд олон талт хамтын ажиллагаа явуулах, төсөв, санхүү, мөнгөний бодлогоо төсөөлж харах ихээхэн ач холбогдолтой, түүхэн арга хэмжээ болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар, Ерөнхийлөгчийн ивээл дор улс орны эдийн засагт богино хугацаанд шинэ эргэлтийн бодлого явуулж, эрчимжүүлэх чухал цаг үед хувийн хэвшил болон гаднын хөрөнгө оруулагчид, гадаадын байгууллагууд, орон нутгийн захиргааны төрийн албан хаагчид, нийслэлийн болон төрийн өмчит үйлдвэрийн газруудын гол төлөөллүүд, Засгийн газрын гишүүд, Улсын Их Хурлын байнгын хорооны дарга нар, төрийн гурван өндөрлөгийн хэмжээнд энэ асуудал яригдаж байна. Энэ бол 2022 онд эдийн засгийн бодит өсөлт бий болох, хөгжлийн гол төсөл, хөтөлбөрүүд эрчимжих, манай улсад орж ирэх валютын урсгал нэмэгдэх юм байна гэсэн төсөөлөл, хүлээлтийг бий болгож байна.
Гүйцэтгэх шатанд ажиллаж байгаа хүмүүс энэ гол бодлогыг зөв ойлгож, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттайгаар эрэмбэлж, хуваарьт оруулж явуулах ажлууд үлдэж байна. Хамгийн гол нь гүйцэтгэх шатандаа анхаарах хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэнтэйгээ ярилцаж байж бизнес, эдийн засгийг дэмжих, дотооддоо эв нэгдлийг хангаж, зохион байгуулалтад орж, төрийн гурван өндөрлөг нэг зүгт харж, үүнийг дагаж төрийн албан хаагчид, нутгийн захиргааны байгууллагууд төлөвлөлт, бодлогоо явуулах нь төрийн нэгдмэл шинж. Энэ бол итгэлцэл гэсэн үг. Ингэснээр Монгол Улсад гаднынхан анхаарлаа хандуулах болно. Ийм байр суурь эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгоно гэж ойлгох хэрэгтэй. Үүний ард ажлын байр бий болж, валютын нөөц хангагдана. Валютын нөөцтэй байж бид бүтээн байгуулалт хийнэ. Валютын нөөц цаашлаад 10, 20 тэрбум ам.долларт хүрэх ёстой. Тэгж байж манай улсын эдийн засаг тэлэх, хүн болгон хөдөлмөр эрхлэх хүсэл, сонирхолтой болох ёстой. Валютын нөөц буурвал их төвөгтэй.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС