Өнжсөн наадмын эргэн тойронд

485
 
Хүн төрөлхтнийг жил гаруй айдаст автуулж буй цар тахлын эрсдэл баяр ёслол тэмдэглэхтэй зэрэгцэн хурцаар яригдаж эхлэв. Бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалахын тулд Сар шинийн баяр, Үндэсний их баяр наадам зэрэг үндэсний гэх тодотголтой бүхнээ өнжих шаардлага тулгарлаа. Гэтэл нэг талд Үндэсний их баяр наадмаа нэг жил алгасч иргэдийнхээ эрүүл мэнд амь насыг хамгаалах асуудал яригдсан бол нөгөө талд уяач, бөх, харваачид эрийн гурван наадмаа хийхийг уриалж үүнтэй холбоотой үйл явдлууд наадмын өмнөх хэд хоногт  өрнөлөө.
Төв талбайд долдугаар сарын 1-нд наадам эсэргүүцсэн залуус, уяачид жагссан бол араас нь эрүүл мэндийн салбарынхны суулт үргэлжилсэн юм. Гэтэл Засгийн газар наадам тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасны орой шатахуун 300 төгрөгөөр нэмэгдлээ. Мөн Ерөнхий сайд Замын-Үүдэд ажиллаж тэнд үүрлэсэн мафитэй тэмцэхээ мэдэгдэхтэй зэрэгцэн цагдаагийн генералын гэрээс 500 мянган ам.доллар бэлнээр хураасан зэрэг үйл явдлаар дүүрэн долоо хоногтойгоор наадмын дараах намрын улиралтай золгож байна.
 
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН ЕС ХОНОГ СУУЛТ ЗАРЛАВ
Цар тахлын хүнд нөхцлийн үед хамгийн их ачаалал хүч хөдөлмөр ярих хүмүүс бол эмч , эмнэлгийн ажилчид. Тэд Засгийн газрын тэгш бус цалингийн нэмэгдлийн эсрэг дуу хоолойгоо хүргэж төв талбайд ес хоног суулт зарласан юм. Эрүүл мэндийн салбарынхан цалинг хоёр дахин нэмэгдүүлэх, эрүүл мэнд, амь насны эрсдэлийн даатгалд хамруулах, улсын хэмжээнд ковидийн тохиолдол хэт их байгаа учир улаан, шар, ногоон бүс гэж ялгалгүйгээр нэмэгдэл, нөхөн олговор олгохыг шаардаж буй юм. Тэгвэл УИХ-ын чуулганаар 2021 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа  Эрүүл мэндийн сайдын 742.9 тэрбум төгрөгийн төсөв дээр нэмж 735.1 тэрбумыг батлав. Тодруулбал, резидент эмч нарын цалин 3.7 тэрбум, Улаан бүсэд ажиллаж буй 13 мянган эмч, ажилчдад нэг удаа- хоёр сая төгрөг, Эрүүл мэндийн салбарын нийт 19.5 мянган ажилтанд нэг удаа -  нэг сая төгрөгийн урамшуулал, салбарын цахим системийг сайжруулахад гурван тэрбум төгрөг зарцуулах юм.
 
No naadam
Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байхад баяр наадам тэмдэглэхийг эсэргүүцсэн залуус  долдугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж суулт зарласан юм. Залуус ямар нэгэн улс төрийн оролцоогүй  нэг уриан дор нэгдэж нэг зүйлийн төлөө дуу хоолойгоо хүргэсэн нь бахархмаар. Халдвар хамгааллын дэглэмээ баримтлах , зай барих , уриа лоозон зэрэг нь залуусын соёл ямар хэмжээнд байгааг илтгэж байв. Тэдний жагсаал үр дүнд хүрч Засгийн газар наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэрийг гаргалаа. “No naadam” эсэргүүцлийн жагсаалын үеэр цар тахлын улмаас нас барсан иргэдийг хүндэтгэн гэрэлт зул өргөж, наадамд зарцуулах мөнгийг халдвар авсан иргэдэд зориулахыг шаардсан. Тэгвэл “No naadam”  эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан, оролцсон хоёр ч төрийн бус байгууллагыг гадаадаас санхүүжилт авсан байж болзошгүй гэж үзэн хууль хяналтынхан шалгаж эхэлжээ.
 
YES NAADAM ЖАГСААЛ
Улсын баяр наадам тэмдэглэхийг дэмжсэн уяачид өглөө нар ургахтай уралдаж Яармагийн дэнж дээр морьтойгоо цугларсан. Мөн МҮБХ , ММСУХ зэрэг байгууллагууд нэгдэж долдугаар сарын 1 болон өчигдөр дахин тайван жагсаал хийлээ. Наадам зохион байгуулахад төсөв мөнгөний асуудлаас гадна унаач хүүхдийн эрх хамгийн их шүүмжлэлд өртсөн юм. Жагсаал цуглаанаас хэд хоногийн өмнө МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав наадамд төр заавал оролцох шаардлагагүй бид бусад холбоотой хамтраад төсвөө өөрсдөө босгоод наадаж чадна гэж мэдэгдээд байсан. Мөн аймгийн арслан С.Ерөөлт зэрэг бөхчүүд наадмын бай шагналаа эрүүл мэндийн төвд хандивлая гэсэн уриа санаачилгууд гараад байсан юм. Гэтэл наадам болоогүй байхад хоёр хүүхэд эндлээ. Энэ асуудлаар ХЭҮК , Лантуун дохио ТББ байгууллага Засгийн газрыг шүүхэд өгч, НҮБ Засгийн газарт хүүхдийг морь уралдуулахгүй байхыг уриалсан мэдэгдэл хүргүүлсэн юм.
 
СААТУУЛАГДСАН ГЕНЕРАЛЫН ГЭРЭЭС 500 МЯНГАН ДОЛЛАР ХУРААЖЭЭ
Цагдаагийн ерөнхий газрын харьяа Дотоодын цэргийн штабын дарга, генерал С.Ганбатыг ТЕГ-аас баривчилж, хорих 461-р ангид цагдан хорьжээ. Түүнийг хууль бус их хэмжээний орлоготой холбогдуулж тагнуулынхан саатуулсан бололтой. Тэгвэл генерал С.Ганбатын гэрээс 500 мянган ам.доллар бэлнээр хурааж авсныг эх сурвалжууд мэдээллээ. Түүнийг Замын-Үүд дэх хяналт шалгалттай холбоотой маш ноцтой асуудлаар баривчилсан байж болзошгүй байгаа аж. С.Ганбат нь өнгөрсөн тавдугаар сарын 3-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бригадын генерал цол хүртээд байсан юм.
 
ЗАМЫН-ҮҮДИЙН МАФИТАЙ ТЭМЦЭЖ ЭХЭЛСНЭЭ МЭДЭГДЭВ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан хууль хяналтынхны баг Дорноговь аймгийн Замын-Үүдэд ажиллаж тэндхийн мафитай тэмцэж эхэлснээ зарласан юм. Ажлын хэсгийнхэн шалгалт явуулж, Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр, түүний орлогч дарга болон тус сум дахь АТҮТ-ийн дарга А.Хатансайхан, Хилийн 0108 дугаар ангийн захирагч Б.Нямбат, тус ангийн замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг,  Замын цагдаагийн хэлтсийн дарга Х.Уранбаяр, Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах Х.Саруул нарын зургаан хүнийг баривчилсан юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ талаар “Зургаан албан тушаалтныг шалгаж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байна. Эдгээр хүмүүсийг яллагдагчаар татах хангалттай үндэслэл бий” гэсэн тайлбар өгсөн нь дунд шатны хүнд суртал, авлигатай тэмцэх ажил их эвтэйхэн эхэлж байсныг шоу болгочихов уу гэсэн шүүмжлэл байна.
Түүнчлэн ажлын хэсгийнхэн Засгийн газрын тогтоолоор Замын-Үүд дахь ажил хариуцсан дарга нарыг чөлөөлж, удирдлагын багийг өөрчилж байцаагчдыг өөр орон нутагт сэлгэн ажиллуулахаар болов.
 
ШАТАХУУН 300 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЛЭЭ
“АИ-92” авто бензиний үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдээд тав хонож байна.Тэгвэл дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөөр байгаа учраас манай улсад шатахууны үнэ нэмэгдэхээс өөр аргагүй боллоо гэсэн тайлбарын Ашигт малтмал, газрын тосны газраас өгсөн. Тус газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Манай улсын хувьд шатахууны жижиглэнгийн үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хил үнээс шууд хамаардаг.
Шатахуун импортлогч компаниудтай хамтран өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнийг өсгөхгүй, тогтвортой байлгах талаар арга хэмжээ авсаар ирсэн. Олон улсын зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт нь шатахууны үнэ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн. Хэрэв төр засгаас шатахууны үнийн өсөлтөд хатуу арга хэмжээ авбал шатахууны хомсдолын асуудал үүснэ. Түүнчлэн компаниуд үүдээ барьж, импорт буурна гэсэн үг. Засгийн газраас зүгээс одоогийн байдлаар онцгой байдлын албан татварын үнийг хөнгөлсөн байгаа. Цаашид яах талаар хэд хэдэн хувилбарыг яам, агентлагийн зүгээс судалж байна. Нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Найман сарын хилийн үнийг харж байна. Тухайн сарын газрын тосны үнээс хамаарч шатахууны үнэ өсөх, буурах нь шийдэгдэнэ” гэж тайлбарлав.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.7.9 БААСАН № 138 (6615)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.