Хоёрдугаар давалгааны дараа Энэтхэгийн эдийн засаг сэргэж эхэллээ

464

Цар тахлын хоёрдугаар давалгаанд “бут цохигдож” дэлхи нийтийн анхаарлын төвд орсон орон бол Энэтхэг. Вакцины үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг хэдий ч COVID-19 халдварын эсрэг вакцины дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрч, COVAX хөтөлбөрт хандивлах вакцины экспортоо цуцалсны уршгийг өдгөө буурай орнууд хүртэж сууна. Эмнэлгүүд байтугай оршуулах газрууд нь ачааллаа дийлэхгүй болсонд олон улс ихэд санаа зовниж, тусламж үзүүлсэн билээ. Халдварын тархалтыг даган тус улсын эдийн засаг ч шалдаа буусныг хэвлэлүүд онцолж байв. Тэгвэл Энэтхэгийн ДНБ-ий хэмжээ нэгээс гуравдугаар сарын хугацаанд 1.6 хувиар өссөнийг даваа гарагт зарласан нь том амжилт гэдгийг ажиглагчид тодотгов. 
Өнгөрсөн жилийн эхний хагаст үндэсний хэмжээнд хөл хорио тогтоож, бизнесүүдийг хааж, аялал жуулчлалыг зогсоосноор тус улсын эдийн засаг доройтож эхэлсэн юм. Тодруулбал, ядуу болон эмзэг бүлгийн хүмүүс хэдэн сарын турш орлогогүй болсон билээ. Тэгвэл энэ байдлаасаа тус улсын иргэд гарч, эдийн засаг нь хурдацтай өсөж байгааг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) мэдээлжээ. Гэвч өнгөрсөн жилийн хөл хорионоос үүдэн тавдугаар сард ажилгүйдэл 10 хувиас илүүгээр өссөн байв. Тиймээс тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди эдийн засгаа аврахын тулд хатуу хөл хорионоос татгалзсаар байгаа юм. Энэ бүхнээс үл харгалзан энэ жил Энэтхэгийн эдийн засаг 10 хувиар өснө гэдэгт ихэнх эдийн засагч итгэлтэй байна. Тухайлбал, эдийн засагч Приянка Кишоре “Вакцины хурд удаан байгаа учир дөрвөөс зургадугаар сард эдийн засаг төдийлөн сайн сэргэж чадахгүй. Гэхдээ үүний дараагаар дахин сэргэх төлөвтэй” гэж ярьжээ.
ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН  2021.6.2 ЛХАГВА № 110 (6587)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.