Хумсаа нуусан татварын шинэ хууль баялаг бүтээгчдийг багалзуурдаж эхэллээ

574

Энэ оны нэгдүгээр сараас татварын шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Монгол Улс чөлөөт эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш татварын хуулийг 1990, 1997, 2007 онуудад шинэчилж байв. Эдгээр шинэчлэл нь татварын эрх зүйг олон улсын жишигт хүргэх, чөлөөт зах зээлийг гүнзгийрүүлэх агуулгаар хийгдэж ирсэн юм. 2019 онд батлагдсан татварын ерөнхий хуулийг ч бизнес эрхлэгчиддээ боломж олгосон маш сайн хууль батлагдлаа гэж эрх баригчид сурталчилж байв. Тухайлбал:
Жилийн 50 сая хүртэлх төгрөгийн орлоготой иргэн, ААН жилд нэг удаа тайлан гаргаж, ашгийнхаа 1 хувьтай тэнцэх хэмжээний татвар төлөх боломжийг бий болгосон.
Жилийн 300 сая хүртэлх төгрөгийн орлоготой бол жилд хоёр удаа орлогоо тайлагнаж, мөн 1 хувийн татвар төлнө.
300 саяас 1.5 тэрбум төгрөгийн орлоготой бол жилд хоёр удаа тайлагнаж, 10 хувийн татвар төлж, 90 хувийг нь буцааж авна гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэвлэлийн хурал хийж тайлбарласан. Гэтэл энэ мэт жижиг хөнгөлт, тайлан бүртгэлийг хялбарчилсан заалтаар баялаг бүтээгчдийг хуурч жинхэнэ алуурын хуулийг баталсан нь өнөөдөр амьдрал дээр бизнес эрхлэгчдийг цочирдуулж эхлэв. Энэ талаар,
Олон улсын хуульч Г.Батхүү өөрийн твиттер хуудсаараа “Татварын шинэ хуулиар данс хаах, хөрөнгө битүүмжлэх заалттай болсон. Дээр нь татварын маргаантай бол буруу, зөв нь хамаагүй эхэлж төлөөд дараа нь марга гэсэн зарчим үйлчилж эхэлсэн. Баялаг бүтээгчдээ хангалттай дарамтаж байна даа”гэж жиргэжээ.
Үнэхээр судлаад үзтэл татварын шинэ хуулиар төр татвар төлөгчдийг дарамтлах маш том багаж зэвсгийг гарт атгуулаад өгчээ. Тодруулбал уг хуулинд:
12.1.9.татварын алба, татварын улсын байцаагчийн хууль бус ажиллагаа болон шийдвэрт холбогдох гомдлыг түүнийг шууд захирдаг болон дээд шатны албан тушаалтанд, түүнчлэн шүүхэд гаргах. Ийнхүү гомдол гаргасан нь ногдуулсан татвар, торгууль, алдангийг төлөхийг зогсоох үндэслэл болохгүй;
44.2.13.төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх мөнгөн хадгаламж, харилцах дансан дахь хөрөнгөөс суутгал хийх, дансны зарлагын гүйлгээг хаах, банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох, эсхүл эзэмшиж байгаа дансны орлого, зарлагын гүйлгээнд хяналт тавих;
43.3.Татвар төлөгч энэ хуулийн 43.1-д заасны дагуу гомдол гаргасан нь ногдуулсан татвар, алданги, торгууль төлөхийг зогсоох үндэслэл болохгүй.
60.1.Өртэй татвар төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49.1-д заасан утгаар ойлгох бөгөөд барьцааны эрхгүй хөрөнгөөс эхлэн битүүмжлэх зарчим баримтална. \Шүүхий шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49.1 Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно. Гэх мэт маш ноцтой заалтууд оржээ.
Төр иргэн ялгаагүй хуулийн өмнө тэгш эрхтэй байх зарчмаар үндсэн хуулиа баталж, хувийн хэвшлээ дэмжсэн чөлөөт эдийн засгийн тогтолцоог хөгжүүлнэ гэж бид 30 жил зүтгэж байна. Гэтэл эдийн засгийн харилцааг зохицуулсан чухал хууль нь төрийн дарангуйллыг эргээд сэргээх хуулийг баталжээ.
Ардчилал өндөр хөгжсөн улс орнуудад татварын өр төлбөртэй холбоотой хэрэг, маргааныг эхний удаад хэлцэл, зуучлалаар шийдэж тухайн татвар төлөгч үйл ажиллагаагаа хэвийн явуулах, татварын өрөө боломжтой хугацаанд нь төлж барагдуулах боломжийг олгодог. Харин мэдсээр байж дахин татвараа нуун дарагдуулах гэх мэт зөрчил гарвал үүнийг гэмт хэргийн хэмжээнд авч үздэг. Манайд бол татвараас зугтсан гэдэг үндэслэлээр хорих ял авсан хүний нэр уртаас урт хөвөрнө. Уг нь тэд нарыг яаж ийгээд эвийг нь олж ажиллуулаад татвараа авах нь төрд ч тухайн хүндээ ч хэрэгтэй баймаар. Гэтэл шууд л шоронд хорьдог муйхар хуулийн золиосоор бид олон боломж, олон ажлын байраа хамт хорьсон гэхэд хилсдэхгүй. Чөлөөт нийгмийн татварын тогтолцоо нь аль болох баялаг бүтээгчдээ шийтгэх, дарамтлах биш тэдэнд боломж олгох, уян хатан байх, улсыг хохиролгүй байлгах, тэгш шударга байхад чиглэгддэг. Гэтэл манайд “өг, өгөхгүй бол торгоно, шийтгэнэ, хорино” гэсэн зарчим л үйлчилж байна.
Ийм хууль батлагдаж байхад баялаг бүтээгчид гэж цээжээ дэлдэн шоуддаг их хурлын гишүүд хаа байв. Худалдаа аж үйлдвэрийн танхим юу хийж байв. Энэ Улсын их хуралд сөрөг хүчин гэж ер нь байна уу?
Татварын шинэ хуулийн эхний сюрприз болгон татварын албанаас нэр бүхий 46 компанийн дансыг татварын өртэй гэх үндэслэлээр битүүмжилжээ. Тэдгээрийн дунд “Энержи ресурс, МАК, Монголын төмөр зам, Макс, Моннис” гэх мэт хэдэн мянган ажилчидтай, Монголын баялгийг бүтээж байгаа шилдэг татвар төлөгчид багтаж байна. Манай татварын алба үйл ажиллагаандаа маш их хөрөнгө оруулалт хийчихсэн, хэдэн мянган хүнийг цалинжуулаад эдийн засаг, бизнест үүргээ гүйцэтгэж яваа эдгээр компаниуд татвараа төлөхгүй гадагшаа зугтана гэж тооцдог бололтой. Бизнесийн оргил мөчлөгийн үед данс, хөрөнгийн эргэлтийг нь гацааж хорлох замаар татвараа авах нь тухайн татвар төлөгчийн ирээдүйд олж болох орлого, түүнээс ногдуулах татвараас илүү гэж үздэг бололтой. Аливаа бизнест цаг хугацаа, эргэлтийн хөрөнгө гэдэг бол агаар ус л гэсэн үг. Гэтэл эдгээр боломжийг нь сааруулж цаасан дээрх татвараа харж дарамтлах, цааснаас цааш ирээдүйн үр ашгаа нэмэгдүүлэхийг дэмжихгүй харалган муйхар хуулийг УИХ-аас батлан гаргажээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ татварын албаны энэ тэнэглэлийг нэг удаа зогсоож эдгээр компаниудын данс нээж өглөө. Нэг удаагийн гал унтраалт хийсэн ч ард нь хууль нь хэвээрээ байгаа цагт төрийн муйхар дарамт бизнесийн орчинг тэр чигээр нь боомилно гэдгийг тооцоолж хуулиа эргэж харах шаардлагатай байна.
О.Цагираг
https://ubn.mn/p/14096
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.