Ч.Хүрэлбаатар: Парламентын засаглалтай улсад дарангуйлал тогтдоггүй

502
 
Хоёр талд хоёр нэр дэвшигч тодруулсан АН-ынхан өлсгөлөн зарлаад гурав хонож байгаа билээ. Тэдний хувьд намаа аль эртнээс хоёр хуваасан төдийгүй асуудлаа цэгцэлж чадахгүй байсаар С.Эрдэнийн бичиг баримтыг хүлээн авсанд  нөгөө тал болох О.Цогтгэрэлийн талынхан өлсгөлөн зарлаж эхэлсэн. Тэдний хувьд бурууг бусдад буюу СЕХ, Улсын Дээд шүүх   болон эрх баригч намруу хүртэл чихэж байгаа юм.Тэгвэл МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар тэдэнд хандан, мэдэгдэл хийлээ.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Өнөөдөр цар тахал өргөн хүрээнд тархчихсан,  цөөнгүй хүн амь насаа алчихсан, халдварын гаралт буурахгүй байгаа  энэ үед хэвлэлийн хурал хийж буйдаа харамсаж байна. Уг нь Ерөнхийлөгчийн сонгуульд нам, улс төрөөс нэг л хүнийг нэр дэвшүүлэх учиртай. Гэтэл АН хоёр хүнийг нэр дэвшүүлчихээд төрийн байгууллагыг, эсвэл ямар нэгэн улс төрийн  хүчнийг шийдэж өг гэдэг байдлаар асуудалд хандаад байна. Анхнаасаа хоорондоо  учраа олоод нэг хүнээ л нэр дэвшүүлчих хэрэгтэй  байсан. Тэгвэл өнөөдрийнх шиг талбай дээрээ өлсгөлөн  зарлаад, хорио цээрийнхээ бүх дэглэмийг зөрчиж, халдвар тархах нөхцөлийг бий болгож, асуудал үүсгэхгүй байсан.

Тэгэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчид нэг л хүнээ нэр дэвшүүл,   хоорондоо учраа олцгоо. Энд хэн нэгэн буруутныг хайгаад байх ямар ч шаардлага байхгүй. Хоорондын маргаанаа бусдаар, тэр дундаа төрийн байгууллагуудаар шийдүүлэх гэж оролдох ямар ч шаардлага байхгүй. Дарангуйллын тухай яриад байна. Харин ч   МАН дарангуйллын  эсрэг явж байгаа нам. Хүссэнээ хуулиас  гадуур  тулгадаг, шаарддаг нөхцөлтэй байсныг бид  сөрж яваа нам.  Монгол Улс хуультай. Түүнийг хүн бүр дагаж хэрэгжүүлэх ёстой.  Тэр тусмаа хууль баталдаг УИХ-ын гишүүд  Монгол Улсын бүх хууль, дүрмийг хүндэтгэж, чанд баримтлах ёстой.
2012-2016 онд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч  бүгдээрээ л АН байсан шүү дээ. Тэглээ гээд дарангуйлал тогтсон юм уу үгүй шүү дээ. Яагаад тэр вэ,  парламентын засаглалтай улсад дарангуйлал тогтоно гэж байхгүй. Та бүхэн санаж байгаа бол   2012-2016 оны сонгуулийн дараа МАН УИХ-д 27-уулаа байхад бидэнд  бүлэг байгуулж өгөхгүй байсан юм шүү дээ. Би УИХ-ын гишүүн мөртлөө Байнгын хорооны хуралд ороод суухаар АН-ын гишүүд “Юу хийж яваа юм” гэж даапаалдаг байлаа шүү дээ, тэр үеэ мартчихаа юу.
Н.Алтанхуяг УИХ-ын индэр дээрээс “Хууль ямар хамаатай юм бэ” гэж хэлж байсныг ард түмэн  мартаагүй  байх.  Монгол Улсад хууль хэрэгтэй, ягштал мөрдөх ёстой. Монгол Улсад хэн ч хуулиас гадуур байж  хэрхэвч болохгүй. Хууль зөрчих болохоороо бусдыг дарангуйллаа гэж ярьж огтхон ч болохгүй.   Нэг хүнээ л нэр дэвшүүлчих, хэн ялахыг Монголын ард түмэн шийднэ” гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.