ХҮЧИРХИЙЛЭЛ, ЭРҮҮ ШҮҮЛТИЙГ ИЛ, ДАЛДААР ЯВУУЛДАГ ЦЭРГИЙН АНГИУДЫГ ЦЭГЦЭЛ Г.САЙХАНБАЯР САЙД АА !!
Эх орон дуудсан цагт, эр цэргийн албанд мордох нь эр хүний үүрэг, бас хүсэл, Гэсэн ч хугацаат цэргийн албыг "дэг" гэх яргалал дунд өнгөрүүлж залуус эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал газар авлаа. Үүргээ биелүүлэхээр цэргийн албанд мордсон тэдний зарим нь албаа хааж амжилгүй, цаг бусаар тэнгэрт одож, зарим нь насаараа хүний гар харсан, хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа нь хамгийн харамсалтай.
Цэрэг эрстэй холбоотой харамсалтай мэдээллийг эргэн сануулбал:
1. 2019 оны хоёрдугаар сард Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар ангид 18 насандаа алба хаахаар, хайртай ижийдээ үнсүүлээд явсан Б.Алтантулга хүү ээждээ эргэж ирсэнгүй. Талийгаачийн үхлийн шалтгааныг ахлагчдаа зодуулсны улмаас амиа алдсан байж болзошгүй гэж үзсэн ч эцэс сүүлдээ зүрхний ачаалал нь даагаагүйгээс амиа алдсан гэдэг шүүх шинжилгээний дүн гарсан.
2. Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г элс ачиж явсан, машинд дайруулж амиа алдсан ослыг тухайн үед Зэвсэгт хүчнийхэн нууцалж, Тээврийн цагдаагийн албанд мэдэгдээгүй, зөвхөн Зэвсэгт хүчний техникийн албаныханд мэдэгдсэнийг эх сурвалжууд баталж байсан юм.
3. Өнгөрсөн оны есдүгээр сард 032-р цэргийн ангид цэргүүд үүрэгт албанаас чөлөөлөгдөхөөсөө өмнө хоорондоо дүрмийн бус харилцаа гаргаж, нэгнийгээ дэглэж, дээрэлхэж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Энэхүү бичлэг цацагдсанаас хойш халагдсан цэргүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж ЗХЖШ-аас мэдэгдэж байв.
Тэгвэл үүнээс сар гаруйн хугацааны дараа хугацаат цэргийн алба хаагч салаан даргадаа зодуулж, бэртлээ даалгүй нас барлаа. Тодруулбал, энэ сарын 28-29-нд шилжих шөнө ХУД-ийн 12 дугаар хороонд байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангид салаан дарга, дэслэгч 25 настай Г архи ууж согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч 21 настай Б-г бакал гутлаараа зодож танхайран, ноцтой гэмтэл учруулсан. Нас барахаасаа өмнө ахаасаа айсан байдалтай 60 мянган төгрөг шилжүүлж авсан, зодуулсан албан хаагч тархины цус харвалт, зүрх судасны архаг дутагдал гэх оноштойгоор ТТАХНЭ-ийн эрчимт эмчилгээний тасагт ухаангүй хэвтэж байгаад өнгөрсөн 03-р сарын 30-ны өдөр нас барсан юм.
Шил шилээ даран гарсан цэргийн дэгтэй холбоотой дээрх явдлуудаас болж олон аав, ээж хүүгээ армид явуулахдаа эргэлзэж эхэллээ. Айхаас ч аргагүй салбарт асуудал гарах бүрт “анхаарлаа хандуулна, арга хэмжээ авна” гэж хэлдэг ч албан тушаалаас нь чөлөөлснөөс өөр арга хэмжээ авагддаггүй нь батлан хамгаалахын салбарын өнөөгийн төрх.
Хуулиараа цэргийн анги нэгтгэлүүдийг ЗХЖШ хариуцаж, тус штабын даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог.
Шат дараатай Дээд албан тушаалтныхаа гарын шүүс болж, хүчирхийлэл, эрүү шүүлтийг ил далдаар явуулдаг цэрэгжсэн "шорон"-г цэвэрлэх үүргийг тус салбарт 31 жил ажиллаж байгаа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт хоёр ч Засгийн газар даалгасан. Г.Сайханбаяр сайдын хувьд удам дамжсан цэргийн гэр бүлээс гаралтай, салбартаа мэддэг, цэргийн ангийн дэглэлт дүрэм журмыг хамгийн сайн мэддэг хүмүүсийн нэг хэмээн үздэг.
Харамсалтай нь түүнийг цэргийн дэглэлт, хүчирхийллээс болж амиа алдсан цэргийн асуудалд анхаарлаа хандуулж, шинэчлэл хийнэ гэж харж байсан ч олны итгэлийг алдаж байгаа нь харамсалтай. Төрийн сайдын албан тушаалыг хоёр дахь удаагаа хашиж буй түүнд цэрэг эрсийн алтан амийг хамгаалах бус, сандал суудалтайгаа зууралдах сонирхол илүү байна уу? Салбарын сайд та ХҮЧИРХИЙЛЭЛ, ЭРҮҮ ШҮҮЛТИЙГ ИЛ, ДАЛДААР ЯВУУЛДАГ ЦЭРГИЙН АНГИУДЫГ ЦЭГЦЛЭХ ЦАГ БОЛСОН.
Монголын төрийн түшээдүүдэд өнөөдөр албан тушаал чухал болохоос эрдэнэт хүний амь үрэгдсэн, эрүүл мэндээрээ хохирсон зэрэг хэрэг, зөрчил сонин биш болжээ.
Ж.Одноо
https://mass.mn/n/69789?fbclid=IwAR3EapzEigQvKnMu7lct_o-l1lryzt99sWCd2TnWAgBZS0gCcWpwfH62ZQM