Махны үнийг 500-1000 төгрөгөөр нэмсэн зөрчил илэрлээ
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Улаанбаатар хотын дөрвөн дүүрэгт байрлах нийт 41 зах, худалдааны төв, хүнсний болон сүлжээ дэлгүүрт хяналт шалгалт хийж байна.
Амралтын өдрүүдэд хийсэн шалгалтаар, “Хүчит шонхор” захад өглөөний 07:50 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 9000, хонины цул мах 9500-10000, үхрийн ястай мах 11000-11500, үхрийн цул мах 12500-14000, ямааны мах 9000 төгрөгийн үнэтэй байна. Махны жижиглэнгийн үнийг 02 дугаар сарын 05-ны өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн ястай мах 11000-11500 болж 500-1000 төгрөгөөр, ямааны мах 9000 төгрөг болж 200 төгрөгөөр тус тус нэмэгдсэн бол үхрийн цул махны дээд үнэ 14000 төгрөг болж 500 төгрөгөөр буурсан. Махны бөөний үнийг 02 дугаар сарын 05-ны өдрийн үнэтэй харьцуулахад хонины мах 7500-8000 төгрөг болж 300-500 төгрөгөөр нэмэгдсэн байжээ.
Хяналт шалгалтад хамрагдсан нийт 18 зах, хүнсний дэлгүүрүүдэд өндөг дууссан байдалтай байгаа бөгөөд өндөгний нийлүүлэлт өмнөх өдрүүдээс нэмэгдсэн байна. Харин бусад хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай, үнэ тогтвортой байна.
“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д нийт 33 иргэнээс гомдол, мэдээлэл ирүүлсэн байгаа ба эдгээр хэрэглэгчийн гомдлыг холбогдох газруудад шаардлага тавьж шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн, 5 иргэний өргөдөл гомдол хянан шалгах шатанд байна. Өнөөдөр /2020.02.22/ “Амгалан”, “Жанжин”, “Баянзүрх -1,2” зах, худалдааны төвүүдэд хяналт, шалгалт хийж дуусаад байгаа ба шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн бусад зах, худалдааны төвүүдэд хийх юм байна.