Ерөнхий сайд огцорсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг
Эрхэм хүндэт гишүүд ээ,
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн Ерөнхий сайдын албан тушаалаас огцрох хүсэлтийг Улсын Их Хурал хүлээн авч, шийдвэрээ гаргалаа.
Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхий сайд огцорсноор Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ мөн огцорч байна.
Дэлхийг хамарсан цар тахал Монгол Улсыг тойрсонгүй дайрч, хөл хорио, онцгой үеийн тусгай дэглэм тогтоосон амаргүй цаг үед бид амьдарч байна. Халдварт вирусээс ард олноо, улсынхаа эдийн засгийг хамгаалах, гарз хохирол багатай даван туулах чиглэлээр Монголын төр, засаг, Улсын онцгой комисс, Монголын ард түмэн эрвийх дэрвийхээрээ хичээж байна.
Гэсэн ч төрийн байгууллагын тодорхой зарим албан хаагчид, эмнэлгийн удирдлагууд цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд алдаа гаргаж, өөрийнхөө эмнэлгээс халдвартай хүнийг холдуулах гэсэн явцуу сэтгэлгээгээр нялх биетэй эх хүний эрхийг ноцтой зөрчсөн нь Ерөнхий сайд, Засгийн газар огцрох үндсэн шалтгаан боллоо.
Эрх нь зөрчигдсөн эмэгтэйд тохиолдсон шиг харамсалтай үйл явдал, хүйтэн сэтгэл, цэвдэг хандлага төрийн албанд хэзээ ч гарах ёсгүй гэж бид үзэж байна. Хүний эрхийг зөрчих, төрийн албан хаагч ёс зүйгээ умартах, сахилга хариуцлагаа хөсөрдүүлэх аливаа үйлдэлтэй бид цаашид хатуу тэмцэх болно.
Монголын төр, төрийн албан хаагч ёс зүйг эрхэмлэх нь хуулиар хүлээсэн журамт үүрэг мөн. Нөгөө талаар шударга ёс, сахилга хариуцлагыг дээдлэх нь төрт ёсны амин чухал шаардлага билээ.
Тиймээс төр, төрийн албан хаагчийн гаргасан алдааны хариуцлагыг өөртөө үүрч, улс төрийн эр зориг гаргаж, ёс зүйн хариуцлагын шинэ жишиг тогтоож буй Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн байр суурь, улс төрийн манлайллыг хүндэтгэж байна.
Ёс зүйг, сахилга хариуцлагыг бүхнээс дээдлэх энэ жишиг төрийн бүх шатны байгууллага, төрийн нэрийн өмнөөс иргэддээ үйлчилж буй 200 мянган төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд бүрнээ тогтож хэвших ёстой. Улсын Их Хурал, гишүүд ч энэ жишгийг мөрдөж ажиллах учиртай.
Цар тахлын энэ цаг үед монгол хүн бүхэн улс эх орон, ард түмнийхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьж, хэцүү цаг үеийг хамтын хүчээр даван туулах нэг зорилгын дор хүчээ нэгтгэж, нэгдэн нягтарч, эвийг эрхэмлэх нь туйлаас чухал байна.
Тиймээс улс орон, нийт нийгмийг тогтворгүй байдал руу түлхэж, сонгож байгуулсан хууль ёсны төр засгийнх нь эсрэг турхирч, үймээн самуунд уриалан дуудах, түүнийг зохион байгуулахыг оролдох аливаа үйлдэл нь Үндсэн хуульт байгууллын эсрэг, Монгол төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байгаагаа зориуд тэмдэглэж хэлье.
Ийм үйлдлээс урьдчилан сэргийлэх, аливаа санаархал, илрэлийг таслан зогсоох нь Монгол төрийн, тухайлбал төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын үүрэг гэж үзэж байна.
Үндэснийхээ эв нэгдлийг сахиж, төр засгийн тогтвортой байдлыг хангах нь ард түмний амин эрх ашиг, Их ард түмнийг төлөөлсөн Бага ард түмэн болох Улсын Их Хурлын нэн тэргүүний үүрэг юм.
Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар огцорсноор Монгол Улсад засаглалын хямрал нүүрлэх ёсгүй. Улс төрд ч, нийгэмд ч, эдийн засагт ч хямралт байдал үүсгэхгүйн төлөө, түмнээ төлөөлсөн парламент өндөр сонор сэрэмжтэй, шуурхай ажиллах ёстой. Төрийн ажил нэг ч өдөр цалгардаж болохгүй. Цар тахлын энэ цаг үед Засгийн газраа эмхлэн байгуулах асуудлыг нэн шуурхай шийдвэрлэх хэрэгтэй байна.
Энэ Засгийн газар, 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх муу ажилласан гэж Улсын Их Хурал, ард түмэн үзэхгүй байна. Ард түмний маань дийлэнх олонхи итгэлээ хүлээлгэсэн. Итгэлийг биелүүлэхийн төлөө хичээж ажилласан. Цар тахлын аюулаас хамгаалах ажлыг тууштай зохион байгуулж, бүтэн 10 сар халдварыг Монголын газар нутагт оруулалгүй, тогтоон барьж чадсан. Эдийн засгаа, иргэдийнхээ орлогыг эрсдэлээс хамгаалах олон чухал шийдвэр гарган хэрэгжүүлсэн.
Улаанбаатарын утааг арилгаснаас эхлээд том бүтээн байгуулалтын ажил, түүний үр дүнг ард түмэн харж, мэдэрч байгаа. Шударга ёсыг тогтоох, улсаа хөгжүүлэх шийдлээ хүлээсэн чухал арга хэмжээнүүдийг зоримог авч хэрэгжүүлж, үлгэрлэн манлайлж, томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бол бодит үр дүн. Монголын хөгжил дэвшил, Монголын ирээдүйн төлөөх энэ эхэлсэн ажил цаашид үргэлжлэх учиртай. Энэ бол Монголын эрх ашиг.
Тиймээс Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Танд талархал илэрхийлэхийн ялдамд шударга ёсны төлөөх тэмцэл, улсаа мандуулах эрхэм зорилгынхоо төлөө тууштай зүтгэхийг хүсэн ерөөе.
Монгол Улсын Засгийн газрын Танхимын бүрэлдэхүүнд багтаж, чин сэтгэл, зүтгэл гарган ажилласан Засгийн газрын гишүүн-Сайд нарт мөн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсье.
Шинэ Засгийн газрыг яаралтай байгуулж, ажилд нь оруулах талаарх улс төрийн шийдвэрийг хугацаа алдалгүй шуурхай гаргахыг Монгол Ардын Намд, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын олонхийн бүлэг, нийт гишүүддээ сануулж хэлье.
Улсын Их Хурал асуудлыг хойшлуулалгүй, нэн яаралтай дэгээр хэлэлцэн шийдвэрлэх болно.