“Капитал банк”-ны удирдлагуудыг шалгах ажиллагаа үргэлжилж байна

610

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад ЖДҮХС-аас “Доктор МЭИК” компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэргээр Эрүүгийн хэргийн шүүхээс 2 жил 6 сарын хорих ял оноосон.
Мөн “Капитал банк”-ны гүйцэтгэх захирал А.Ариунболд нарын дөрвөн хүнийг цагдан хорьж, АТГ, цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор “Капитал банк” ХХК, түүний охин компаниудын нэр дээрх 203 тэрбум төгрөгөөр бүртгэгдсэн (хөндлөнгийн үнэлгээгээр 142.8 тэрбум төгрөг) 232 үл хөдлөх хөрөнгө, газрыг Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсгийн хүсэлтээр Нийслэлийн ерөнхий прокурорын газрын зөвшөөрлөөр бүтүүмжилсэн битүүмж хэвээр байгааг тус банкны Эрх хүлээн авагчаас өнгөрсөн долдугаар сард өгсөн мэдээлэлдээ дурджээ. Өөрөөр хэлбэл, эдгээр хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулж, иргэд, хуулийн этгээд, Төрд учирсан хохирлыг барагдуулах боломжгүй байна.
“Капитал банк”-ны дампуурлаас үүдэн учруулсан хохиролд Засгийн газрын буюу 29 эх сурвалжийн 562.6 тэрбум төгрөг багтаж байгаа. Энэ өр тус банкны өр барагдуулах жагсаалтын наймдугаарт бичигдэж байсныг шүүхийн шийдвэрээр өөрчлөхөөр болсон. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 136.1 тэрбум төгрөгийн нэхэмжилсэн төлбөр болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын 104.2 тэрбум төгрөгийн нэхэмжилсэн төлбөр Банкны тухай хуулийн 73.1.8 буюу Засгийн газарт төлөх өр төлбөр дарааллаас дээшилж, 73.1.5 дахь иргэд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хадгаламж, харилцах дансны төлбөр барагдуулах дараалалд нэмэгдэж бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн.
Засгийн газартай хамааралтай өрийг дахин сануулбал:
ЭМД-ын ерөнхий газрын 136 тэрбум
НД-ын ерөнхий газрын 104.1 тэрбум
Хөгжлийн банкны 56.4 тэрбум
ЖДҮХС-ийн 42.9 тэрбум
Сангийн яамны 16.8
АШУҮИС-4.1 тэрбум
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар – 3.9 тэрбум
Нийслэлийн ЖДҮХС- 3.7 тэрбум
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар – 1.9 тэрбум
Татварын ерөнхий газар – 1.5 тэрбум (төлөх ёстой татвар)
МУБИС – 2.9 тэрбум гэх мэт үргэлжилнэ.
Монголбанкнаас “Капитал банк”-нд эрх хүлээн авагч томилох үед тус банк 1,404 зээлийн 211.7 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байсан бол 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 1,081 зээлийн 194.9 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй болжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил гаруйн хугацаанд зээлийн тоо 323-аар буюу 23%, зээлийн өрийн үлдэгдэл 16.8 тэрбум төгрөгөөр буюу 7.9 хувиар тус тус буурчээ. Үүнээс 4.2 тэрбум төгрөгийн зээлийг хөрөнгөөр төлүүлэн хөрөнгүүдийг өмчлөх бусад хөрөнгөд бүртгэж, худалдан борлуулахаар ажиллаж байна. Харин энэ хугацаанд төлөлт огт хийгдээгүй 123 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэл бүхий 377 зээл байгааг шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа аж.
Харин Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг нь Капитал банкны удирдлагаар ажиллаж байсан хүмүүст үүсгэсэн эрүүгийн хэрэг шийдэгдтэл хөрөнгийг битүүмжлэх нь зүйтэй гэж Эрх шилжүүлэгчийн зүгээс үзсэн бөгөөд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахад шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаагаа мөн дурджээ. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, газрын төлбөр, харуул хамгаалалтын зардал, урсгал засвар (ус алдах, дээвэр хийсэх, дусаал дусах … гэх мэт), ашиглалтын зардал зэргээр их хэмжээний зардал гарч байгаа нь иргэд, хуулийн этгээд, Төрд учирсан хохирлыг барагдуулах мөнгийг бууруулж байгаа аж.
Тиймээс уг зардлыг бууруулах үүднээс иргэд, байгууллагуудтай түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ч COVID-19-ийн үеийн хорио цээр, үйл ажиллагааны хязгаарлалтаас үүдэн түрээслэгчид түрээсийн төлбөрөө төлөх боломжгүй болж байгаа, хөнгөлөлт болон чөлөөлөлт үзүүлэх хүсэлтийг ирүүлсээр байгаа тул ашиглалтын зардал нэмэгдэх эрсдэл үүсээд байгааг Эрх хүлээх авагч анхааруулсан байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.