Эрчим хүчний компаниудад бүтцийн өөрчлөлт хийнэ
2019 онд ойролцоогоор 11 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан
Шаардлагагүй орон тоонуудыг бий болгосон байгаа юм. Тэгж байж шахааны хүмүүсээ оруулсан зүйл бий
Сонгуулийн циклээр буюу дөрөв дөрвөн жилээр эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилчид болон удирдах албаны хүмүүсийг сольсон нь системийн хэмжээнд хөгжил удаашрах, бодлого буруу явах үндсэн шалтгаан болсон гэж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэллээ. Тиймээс цаашид энэ байдлыг гаргуулахгүйн тулд хүний нөөцийн дэд бүтцээ сайн хөгжүүлж, эрчим хүчний салбарын дунд хугацааны хөтөлбөрийг баталсан гэв. Эрчим хүчний салбар өнгөрсөн онд хийсэн ажил, энэ жилийн төлөвлөгөөгөө танилцуулсны дараа зарим зүйлийг тодрууллаа.
-Та эрчим хүчний салбарын хүний нөөцөд бодлогын шинэчлэл хийх талаараа ярилаа. Одоо энэ салбарын хүний нөөцийн чадавх ямар байгаа вэ?
-Тооны хувьд хэтэрхий данхайсан байна. 100-200 хүн ажиллах станц дээр мянгаараа ажиллаж байна. Үүнийг л өөрчилье гэж байгаа юм. Гэхдээ өөрчлөхийн тулд станцыг автоматжуулж, өндөр технологи оруулж ирэх ёстой. Өндөр технологи оруулж ирэхийн тулд хүн нь бэлэн байх ёстой. Тиймээс хүний нөөцөө чадавхжуулах, сургахад энэ жил анхаарч ажиллана. Сургасан хүмүүс маань Монголдоо буцаж ирэхгүй байх үзэгдэл их байна. Тиймээс энэ хүмүүстээ салбартаа ажиллах боломжийг олгоё гэж байгаа юм.
-Мэргэжлийн бус хүн эрчим хүчний салбарт хэр олон байгаа вэ?
-Удирдлагын түвшинд байсныг нь бид өөрчилсөн. Мэдээж инженерийн ажлын байран дээр эдийн засагч томилчихсон байгаагүй. Гэхдээ шаардлагагүй орон тоонуудыг бий болгосон байгаа юм. Тэгж байж шахааны хүмүүсээ оруулсан зүйл бий. Тиймээс бид компаниуд дээр үе шаттай бүтцийн өөрчлөлт хийнэ.
-Импортын эрчим хүчийг бууруулахын тулд ямар ажил хийх вэ?
-Монгол Улс эрчим хүчний нийт хэрэгцээний 19 хувийг импортоор авч байна. Гол хэрэглээ “Оюутолгой” дээр байна. Жил гаруйн өмнө яг энэ өрөөнд станц барих тухай гэрээг “Оюутолгой”-той байгуулсан. Гэвч хөрөнгө оруулагч тал элдэв шалтаг тоочоод ажил хийхгүй байна.
-”Оюутолгой”-н цахилгаан станцын ТЭЗҮ батлагдсан юм биш үү?
-ТЭЗҮ батлаагүй. Зөвхөн саналууд ирсэн. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчээр хангая гэдэг ч юм уу хүлээж авахааргүй саналууд хэлж байна.
-Эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж байгаа. Энэ алдагдлаа хэрхэн бууруулах вэ?
-2019 онд ойролцоогоор 11 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Өөрөөр хэлбэл бид гаргасан зардлаа орлогоороо нөхөж чадахгүй байна. Тиймээс хөрөнгө оруулалт, техникийн шинэчлэлээ хийж чадахгүй байна. Инфляцын өсөлттэй уялдуулан эрчим хүчний үнийг нэмж, техникийн шинэчлэлээ хийе гэхээр бүгд эсэргүүцнэ. Өнгөрсөн жил эрчим хүчний үнэ нэмэгдсэн. Энэ нь дэмжих тариф буюу нар, салхины станцтай холбоотой. 90 мегабайтын нар, салхины станцыг дэмжих тариф орсон учраас эрчим хүчний үнийг нэмсэн. Үүн дээр л асуудал үүссэн. Ам.долларын ханш 1240 байсан бол өнөөдөр 2700 төгрөг давчихаад байна. Тэр хэмжээгээр бид алдагдал хүлээж байгаа. Бид гаднаас тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, түлш авч байна. Гэхдээ тарифын үнээ өсгөөгүй учраас систем алдагдалтай ажиллаж байна.
-Хэрэглэгчид, цахилгаан халаагуур хэрэглэж байгаа айл өрхүүд эрчим хүчний үнийн өсөлтийн дарамтыг хамгийн их мэдэрч байна?
-Энэ асуултыг Эрчим хүчний зохицуулах хороонд тавих ёстой. Үнэ тарифын асуудал бодлогод байхгүй. Мэдээж хамгийн үр ашигтай байх бүтцээр ажиллая гэж ярьж буй. Харин таны тавьж буй асуултыг 2002 оноос хойш хуулиараа Эрчим хүчний зохицуулах хороо шийдээд явж байна. Тэнд гурван төлөөлөл байгаа. Хэрэглэгчийн эрх ашиг, компаниуд, Засгийн газрыг төлөөлсөн талууд ярьж байгаад тарифыг шийдэж байна. Бидний хувьд гомдолтой байдаг нь хөрөнгө оруулалт хийж чадахгүйгээр алдагдал хүлээж байгаа явдал. Нэг зүйлийг хэлэхэд айл өрхийн нэг гишүүний гар утасны төлбөрөөс хямдаар эрчим хүч нийлүүлж байгаа. Гэтэл суурь болсон эрчим хүчний систем нурчих гээд байна. Тиймээс л хүний нөөцөө бууруулъя, ухаалаг болгоё, зардлаа таная гэж байна. Цалингийн зардлаа бууруулах чиглэл рүү явж буй юм.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин