Л.Оюун-Эрдэнэ: Гэхдээ цаг хугацаа одоо бүлэглэлийн эсрэг чиглэнэ

88

Л.Оюун-Эрдэнэ: Гэхдээ цаг хугацаа одоо бүлэглэлийн эсрэг чиглэнэ

 

МАН-ын удирдах ажилтнуудын Орон нутгийн сонгууль угтсан зөвлөгөөн өнгөрсөн баасан гаригт болжээ. Энэ арга хэмжээн дээр Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Ард түмний ялалт-Бүсчилсэн хөгжлийн реформ", Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэл ба өнөөгийн нөхцөл байдал” илтгэлээ танилцуулсан байна. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар тодорхой сэдвүүдээр илтгэл тавьж, зөвлөгөөнд оролцож буй удирдах ажилтнууддаа сургалт явуулжээ.

 

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ илтгэл тавихын зэрэгцээ намынхаа удирдах ажилтнуудад анхаарал татсан хэд хэдэн зүйлийг ярьсан байна. Л.Оюун-Эрдэнэ "УИХ-ын сонгууль болж өнгөрлөө.

 

Одоо Орон нутгийн сонгууль болж байна. Миний хувьд УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газар бүрдэх, 126-тай анхны парламентын үйл ажиллагаа эхлэх, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж УИХ-аар батлуулах, төсвийн тодотгол, 14 мега төслийг эрэмбэлэх зэрэг ажлуудад зуныг зарцууллаа” гээд, “Цаашид УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгуулийг хамтад нь хийвэл зүйтэй” гэсэн байр суурьтай байгаагаа хэлжээ. Түүнээс гадна Л.Оюун-Эрдэнэ “Сүүлийн жилүүдэд гарч байгаа эдийн засгийн тогтвортой өсөлтийг үргэлжлүүлэх гэж иргэд сонгогчид бидэнд саналаа өгснийг мартаж болохгүй. Эдийн засгийн энэ өсөлтийн суурь шударга ёсны тэмцэл байсан. Би сонгуулиар болон түүний өмнө, хойно ярьсан зүйлүүдээсээ хэзээ ч ухрахгүй. Тэд УИХ-ын сонгуулиар биднийг ялагдуулах гэсэн чадсангүй. Шүүх сонгуулийн дундуур сонгогчдод нөлөөлөх гэж баривчилгаа хийсэн. Гэхдээ иргэд сонгогчид хууртагдахгүй болсноо энэ сонгуулиар нотолсон. Тиймээс шүүх дээр гацсан хэргүүдийг сануулах ажлыг та бид хамтдаа хийх ёстой. Мэдээж хамтарсан асуудал тодорхой хэмжээний улс төрийн саад учруулахыг үгүйсгэхгүй. Гэхдээ цаг хугацаа одоо бүлэглэлийн эсрэг чиглэнэ. Би чуулган дээр нэг зүйлийг хэлсэн. Цагийн зүү хэзээ ч буцаж эргэх ёсгүй” гэжээ.

 

Эндээс үзвэл Л.Оюун-Эрдэнэ Орон нутгийн сонгуулийн араас шүүх дээр байгаа лав л Эрдэнэтийн 49 хувь, Т.Бадамжунай, нүүрсний хэргүүдийг дахин сануулж, шахалт үзүүлээд эхлэх бололтой.

 

Дашрамд дуулгахад, Л.Оюун-Эрдэнэ МАН-ынхаа удирдах ажилтнуудын Орон нутгийн сонгууль угтсан зөвлөгөөний маргааш цахим хуудастаа дээр хэлсэн эдийн засгийн өсөлтийн талаар “Удахгүй бид 2025 оны улсын төсөв хэлэлцэнэ. Энэ төсөвтэй уялдаж, аж ахуйн нэгжүүд, иргэд жилийн төлөвлөгөөгөө хийдэг. Энэ жил анх удаа бүсийн томсгосон тойрогт хөрөнгө оруулалт яригдана. “Шинэ сэргэлтийн бодлого"-ын үр дүнд Монгол Улсын эдийн засаг сүүлийн гурван жилийн хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүнд гарсан өөрчлөлт болон ирэх жилүүдийн төсөөллийг та бүхэнд хүргэж байна. Сүүлийн гурван жил Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсч, 5-6 хувийн өсөлт үзүүллээ. Улсын ДНБ-ний хэмжээ 2021 онд 43.6 их наяд төгрөг байсан бол 2023 онд 70.4 их наяд болов. 2024 оны хүлээлт 79.2 их наяд төгрөг байхаар төсөөлж байна. Жил бүхэн эдийн засгаа тогтмол 5-6 хувиар өсгөж чадвал 2028 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 132.3 их наядад хүрэх боломж үүснэ. Ингэж чадвал зээлжих зэрэглэл дахин ахиж, нийгмийн тулгамдсан олон асуудал шийдвэрлэгдэнэ. Тиймээс энэ жилийн төсвийг орон нутагт тэгшитгэн хуваах биш, эдийн засгийг дэмжих дэд бүтэц, эрчим хүчний төсөлд томоор нь зарцуулах реформыг хамтдаа зориг гарган хийх учиртай” гэж бичсэн байв. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.