М.Үнэнбат: УИХ-аас томилогддог албан тушаалтныг томилохтой холбоотой анхны нийтийн сонсголыг хийлээ

757
Хүний эрхийн Үндэсний Комиссын болонЭрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсголыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг энэ сарын 10-11-ний өдрүүдэд цахимаар зохион байгуулсан юм.

Энэ талаар УИХ-ын Тамгын газрынХууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх, Ажлын хэсгийн ахлагч М.Үнэнбаттай ярилцлаа.

-Хүний эрх, эрх чөлөөг дэмжих, хамгаалах үүрэг хүлээн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр ажиллах хүсэлт бүхий 19 хүн оролцсон томилгооны сонсголын талаар Та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-УИХ-аас 2020 ондМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэ хуульдКомиссын гишүүдийн тоог 5 болгох, дээр нь эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар шийтгэх буюу хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх чиг үүргийг Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн гээд нийт 6 гишүүнийтомилгоотой холбоотой асуудлыг нарийвчлан тусгасан. Энэ дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос холбогдох бэлтгэлийг хангаж, Ажлын хэсэг байгуулсан.

Сонгон шалгаруулалттай холбоотой бүхий л үйл явцыг хууль, журмаар нарийвчлан зохицуулснаараа онцлогтой гэдгийг тодруулах нь зүйтэй болов уу. Товлосон хугацаанд нийт 24 хүн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлснээс ажлын хэсэг шаардлага хангаж буй 19 хүнийг бүртгэсэн юм.

Ингээд холбогдох журмын дагуутухайн нэр дэвшигч зохих шалгуурыг хангаж буй эсэхэд олон талын оролцоотой хяналт тавих зорилгоор томилгооны сонсгол зохион байгууллаа. Энэ бол манай парламентын түүхэнд УИХ-аас томилогддог албан тушаалтныг томилохтой холбоотой анхны нийтийн сонсгол байв.Цаг үеийн хувьд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалын улмаас хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа үед таарсан учраас цахимаар явууллаа.

-УИХ нийтийн сонсголыг олонтаа зохион байгуулсан ч анх удаа цахимаар явууллаа. Нэр дэвшигчид болон ажиглагч, сонсголын оролцогчид үүнд хэрхэн хандав?

-Цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн нийтээрээ цахимжиж байна. УИХ-ын хаврын чуулган цахимаар хуралдаж байсан учраас техникийн боломж бүрэн хангагдсан байсан юм. Томилгооны цахим сонсголд 31иргэн ажиглагчаар бүртгүүлсэн бол 55 иргэн оролцогчоор бүртгүүлж, нэр дэвшигчдээс асуулт асуух эрхтэйгээр оролцсон. Хоёр өдөр үргэлжилсэн сонсголын оролцогчид, болон нэр дэвшигчид аль аль талаасаа нээлттэй, дэгийн дагуу болж өнгөрсөн гэж дүгнэсэн.

УИХ-ын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг ханган ажилладаг техник, технологийн бололцоонд тулгуурлан энэ удаа томилгооны сонсголын үйл явцыг бүхэлд нь шууд дамжуулж, олон нийтэд мэдээллийг нээлттэй хүргэсэн. Оролцогчид бол тусгай программд нэвтэрсэн юм. Учир нь сонгон шалгаруулалтад оролцогчдод асуулт тавьж, мэдээлэл хэлж, харилцах учраас хариуцлагатай, бүртгэлтэй байх шаардлагатай гэж үзсэн.

-Нэр дэвшигчид биечлэн оролцсон, харин бусад оролцогчид цахимаар холбогдсон. Гадны улс орнуудаас ажиглагч, оролцогчид холбогдсон уу?

-Сүүлийн 20 гаруй жил хүний эрхийг хамгаалах, хангах асуудлаар тууштай үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон хувь хүмүүс оролцсон. Цахим байхын давуу тал нь заавал сонсгол болж байгаа газар ирэх шаардлагагүй, ажил, гэр, машин гээд байгаа газраасаа шууд оролцож байсан. Ихэнх нь Монголд байгаа хүмүүс байсан ч Солонгос, Австралиас холбогдсон.

-ХЭҮК-ын гишүүнд нэр дэвших хүсэлт ирүүлэн, сонгон шалгаруулалтад оролцогчдын 6-г сонгох үүргийг ажлын хэсэг хүлээж байгаа. Ажлын хэсгийн шийдвэрнөлөөллөөс ангид, хараат бусаар гарах болов уу гэж олон хүн харж байгаа байх?

-Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ дахь олонх, цөөнхийн төлөөлөл, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосон нэг төлөөлөл, ТАЗ-ийн санал болгосон нэгтөлөөлөл гэх мэтээр 9 өөр этгээдээс санал болгосон төлөөлөл ажилласан. Энэ нь их онцлогтой байсан юм.Ажлын хэсэгхууль дээдэлж, шударга ёсыг баримтлан, ил тодоор үйл ажиллагаагаа явуулж байна. Бас дээр хэлсэнчлэн бүх үйл явцыгхууль, журмаар нарийвчлан зохицуулсан.

Томилгооны сонгон шалгаруулалтын жишиг бол боловсролын зэргээс хамаарч оноо өгөөд, шалгалт авч оноог нэмэх байдлаар дүгнэдэг. Энэ удаа сонсгол явуулснаар тухайн хүний өнгөрсөн зам мөрийг, хүний эрхийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж ирсэн ажил, туршлагыг бодитоор, ил тод хэлэлцэж, ярилцсан. Нийтийн өмнөөс үүрэг хүлээж,хүний эрх, эрх чөлөөг дэмжих, хамгаалж чиглэлээр ажиллах албан тушаалын хувьд томилгооны сайн жишиг болно гэж ажлын хэсэг үзэж байгаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.