Өнөөдрийн байдлаар малын хорогдол 2.1 саяыг давжээ
Цаг үеийн асуудлаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, Мал эмнэлгийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Т.Тунгалаг нар мэдээлэл хийлээ.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 13 аймгийн 58 суманд төмөр зудын, 17 аймгийн 139 суманд цагаан зудын, 18 аймгийн 69 суманд цагаан зудархуу нөхцөл байдалтай байна. Нийтдээ 21 аймгийн 266 сум, нийслэлийн 2 дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн байна.
Өнөөдөр /2024.02.27/-ны байдлаар малын хорогдол 2 136 563 болж, өнгөрсөн оны мөн үеэс 85.9 хувиар өссөн байна.
УОК-ын Шуурхай штаб 18 аймгийн 46 суманд 3-аас доошгүй ам бүлтэй 1408 өрхийн гэр, өвөлжөө цасанд дарагдсан судалгааг гаргаж, шаардлагатай хүн хүч гарган ажиллуулахаар төлөвлөж, өнөөдрөөс зарим аймагт ажиллаж эхэллээ.
Төмөр болон цагаан зудтай байгаа 14 аймгийн 111 суманд хоёр дахь ээлжийн тэжээлийн хангалтаар улаанбуудай хүргэх ажлыг зохион байгуулж байна" гэсэн мэдээллийг өгөв.
Хандивлагч 74 иргэн, ААНБ-аас 1.3 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив, 560 сая төгрөгийн бараа материалыг УОК-т хүлээлгэн өгөөд байна.